Хойд Солонгос Ням гаригт хиймэл дагуул хөөргөх “маш чухал туршилт” явуулсан хэмээн мэдэгдлээ. Солонгосын төв мэдээллийн агентлаг туршилтын үр дүнг улс орны стратегийн байдлыг дээшлүүлэхэд ашиглана хэмээн дурджээ. Гэхдээ энэ талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Шинжээчид үүнийг хиймэл дагуул хөөргөх эсвэл баллистик пуужингийн хөдөлгүүрийг турших үйл явц байж магадгүй хэмээн таамаглаж байна. Хойд Солонгосын энэ мэдэгдэл Пхеньян АНУ-ын яриа хэлэлцээнд хаалгаа хаагдсаны дараа гарч ирж байгаа юм.
Хойд Солонгосын НҮБ дахь Элчин Ким Сонг өнгөрсөн бямба гарагт “Бид одоо АНУ-тай урт хугацааны яриа хэлэлцээр хийх шаардлагагүй болсон. Цөмийн зэвсгээс ангижруулах асуудал хэлэлцээрийн ширээнээс аль хэдийн гарсан байна” хэмээн мэдэгджээ.
Хойд Солонгосыг цөмийн зэвсгээ зогсоох хэлэлцээрийг үргэлжүүлж, шинэ шатанд гаргасны дараа тус улсад тавьсан их хэмжээний хориг арга хэмжээг чөлөөлж, харилцааг шинэ түвшинд гаргаж болно гэдгээ АНУ-ын тал мэдэгдэж байгаа. Бямба гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ тал дээр хоёр тал тохиролцоонд хүрнэ хэмээн найдаж байгаагаа мэдэгдлээ.
Трамп Хойд Солонгостой дипломат харилцаа тогтоох ажлыг 2018 онд хийх гадаад бодлогын нэг хэсэг ажил болгож удирдагч Ким Чен Унтай хоёр ч удаа уулзалт хийсэн. Гэвч Хойд Солонгос цөмийн зэвсгээс ангижрах талаар томоохон буулт хийж чадаагүй юм.
Пхеньяны хамгийн сүүлийн туршилт Сохай хиймэл дагуул хөөргөх газар явагдсан байгаа. Харин Хойд Солонгосын төв мэдээний агентлаг “Саяхан болсон чухал туршилтын үр дүн нь БНАСАУ-ын стратегийн байр суурийг ойрын хугацаанд дахин өөрчлөхөд чухал нөлөө үзүүлнэ” хэмээн мэдээлжээ.
Тус улсад НҮБ болон цөмийн пуужингийн хөтөлбөрт хамааралтай бусад хориг арга хэмжээ авагдсаар байгаа ч энэ оны эхээр Хойд Солонгос ойрын зайн баллистик пуужингийн туршилтыг эхлүүлсэн. Шинжээчид Хойд Солонгосыг сансрын хиймэл дагуул хөөргөх боломжтой гэж үзэж байна. Энэ нь алсын тусгалын баллистик пуужин хөөргөхөөс арай бага өдөөн хатгасан аргаар пуужингийн чадвараа туршиж, харуулах боломжийг олгоно хэмээн тооцож байгаа аж.
Эх сурвалж: ВВС