Баянзүрх дүүргийн 2020 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн төсвийн төсөөллийн Нийтийн сонсголыг дүүргийн Засаг даргын Тамгын газраас өнөөдөр зохион байгууллаа.
Нийтийн сонсгол нь иргэдийн мэдэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх ардчиллын үндсэн зарчмыг баримтлан ‘’Нийтийн сонсголын тухай’’ хууль, ‘’Нийтийн сонсгол зохион байгуулах’’ журмын дагуу дүүргийн Засаг даргын Тамгын газрын ‘’Чуулга’’-ны танхимд болсон юм.
Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин нийтийн сонсголыг даргалсан бол Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Ц.Өсөхбаяр Баянзүрх дүүргийн 2020 оны төсвийн төсөөллийг танилцууллаа.
Харин Төлөвлөлт, гүйцэтгэл хяналт, шинжилгээний хэлтсийн Орон нутгийн хөгжил, хөрөнгө оруулалтын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Д.Мөнх-Эрдэнэ 2020 онд дүүргийн Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний талаар сонсголыг нийтэд хүргэлээ. Төсвийн төсөөллийн талаар мэдээлэл авч, сонсголд оролцохоор 103 иргэн хүсэлтээ ирүүлснээс 89 хүн оролцсон байна.
Баянзүрх дүүргийн ЗДТГ