Оросын Шадар сайд Алексей Гордеев “Газпром” корпорацийг Монголоор дамжуулсан Орос-Хятадын хийн хоёр дахь хоолойгоо явуулах нь ОХУ-д ашигтай гэж үзсэн тухай мэдэгджээ. Энэ талаар “РИА Новости” агентлаг мэдээлсэн аж.
“Одоогоор бизнесийн үндэслэлийг нь тооцож байна. Эдийн засгийн хувьд хэр хэмнэлттэй болохыг нь ойлгох хэрэгтэй. Хятадын тал одоогоор ажлын хэсэг гаргаад байна. Учир нь энэ хийн хоолойн нь зөвхөн Монголыг төдийгүй Хятадыг хангах юм” хэмээн Гордеев мэдэгджээ.
Түүний хэлснээр энэ асуудлаар тооцоо судалгаа, бэлэн санал хагас жилийн дотор бэлэн болох гэнэ. “Газпром”-оос гадна Эрчим хүчний яам боловсруулалтад оролцож байна.
Дашрамд дурдахад Оросын Ерөнхийлөгч Владимир Путин, Хятадын дарга Си Жиньпин нар энэ сарын 2-нд Оросын байгалийн хийг Хятадад нийлүүлэх эхлэл болсон “Сибирийн хүч” хоолойг нээсэн билээ. Энэ хоолой нь Эрхүү, Якутын хийн олборлолтын ордоос Эрхүү, Якут, Амар мужаар дайруулан Оросын Алс Дорнодын хэрэглэгчид болон Хятадад зүүн маршрутаар нийлүүлж байгаа юм. Хийн хоолойн урт нь 3000 км орчим.
“Газпром” компани, Хятадын үндэсний нефть хийн корпорацийн хооронд хий нийлүүлэх гэрээ 2014 оны тавдугаар сард 30 жилийн хугацаатай хийгдсэн юм. Нийлүүлэлтийн төлөвлөгдсөн түвшин нь жилд 38 тэрбум шоо метр хий юм байна.
Эх сурвалж: iz.ru