ЖДҮХС-ийн зээлийг олгохдоо албан тушаалын байдал, эрх мэдэл давуу талаа ашигласан гэдгээ хүлээн зөвшөөсөн УИХ-ын гишүүн Б.Батзориг хэргээ хүлээсэн учраас прокурор хоёр жилийн ял төлөвлөсөн талаар news.mn сайт мэдээлжээ.
Намынхаа 49 хүнд ЖДҮХС-аас зээл авч өгсөн, мөн өөртөө авсан хэмээн сэжиглэсэн АТГ Б.Батзориг нарт холбогдох хэргийг жил гаруй шалгаад прокурорт шилжүүлсэн. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд болсон урьдчилсан хэлэлцүүлгийн дараа энэ хэргийг шүүх бүрэлдэхүүн хэргийг прокурорт буцаагаад байгаа.
Мэдээнд дурдсанаар Б.Батзориг нарын долоон хүн өөрсдийгөө гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн учраас хэргийг хялбаршуулах журмаар прокурорт буцаасан. Яллагдагч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан тул шүүх хүсэлтийг хүлээн авсан аж.
Б.Батзоригт найман жилийн хорих ял оноох хуулийн заалтаар шүүж байсан бол энэ удаад хэргээ хүлээсэн гэж үзэж, хялбаршуулсан журмаар хэлэлцэхээр болсон. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Б.Батзориг хоёр жил хүртэлх ял төлөвлөөд байгаа аж. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа гэдэг нь тухайн үйлдэгдсэн гэмт хэрэгт яллагдагч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирол, хор уршгаа арилгасан тохиолдолд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг түргэсгэсэн учраас ялыг 2 жил болгон бууруулсан гэжээ.
Мөн УИХ-ын гишүүн Г.Солтан, Л.Энхболд нарыг ЖДҮ-ийн асуудлаар нь хуулийн байгууллагад дуудахаар төлөвлөсөн байна.