Зам, тээврийн хөгжлийн яамнаас “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх үйл ажиллагааг зохицуулах, зохион байгуулах үүргийг “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-т хариуцуулсан бөгөөд Улаан-Үд (ОХУ) хотоос, Улаанбаатар (Монгол Улс) болон Бээжин (БНХАУ) хотуудаар дамжин Тяньжин боомт (БНХАУ) хүртэл 2250 км автозамаар тээвэрлэлт гүйцэтгэх боломжтой юм.
Азийн автозамын АН-3 сүлжээгээр тээвэрлэлт гүйцэтгэхэд төмөр замаар 11000 км-ыг 14 хоног, хойд тэнгисийн замаар 13500 км-ыг 35 хоног, өмнөд тэнгисийн замаар 20700 км-ыг 49 хоног туулдаг бол АН-3 коридороор 10 хоногийн хугацаанд туулах боломжтой тул тээвэрлэлтийн зардал, хугацааг хэмнэсэн хамгийн дөт, эдийн засгийн ач холбогдолтой тээврийн сүлжээ хэмээн тооцогддог.
Тус коридор нь Забайкальскаар дамжих тээвэрлэлийн маршрутаас 750 км-ээр дөт бөгөөд ачаа тээвэрлэлтийн хугацааг 2 дахин бууруулах гарц юм. Энэхүү дамжин өнгөрөх тээвэрлэлт нь гурван улсын эдийн засаг, худалдаа, тээврийн хамтын ажиллагаанд ихээхэн ач холбогдолтой бөгөөд Монгол Улсын тээвэрчид, гуравдагч улс орнууд руу тээвэрлэлт хийж, дэлхийн зах зээлд өрсөлдөх томоохон боломж юм.
Азийн автозамын АН-3 сүлжээгээр тээвэрлэлт гүйцэтгэх жолооч, аж ахуй нэгжүүд дараах бичиг баримтыг бүрдүүлж, тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрлийн бичиг авах боломжтой.
Үүнд:
1.Засгийн газар хоорондын хэлэлцээрээр батлагдсан маршрутаар тээвэрлэлт гүйцэтгэх аж ахуйн нэгж, хувь хүний албан хүсэлт;
2. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /нотариатаар баталгаажуулсан/
3. Тээвэрлэлт хийх маршрут, чиглэлийг тодорхойлсон зураг /АН3, АН4/;
4. Ачаа илгээгч, эсхүл хүлээн авагчтай байгуулсан тээвэрлэлтийн гэрээний хуулбар;
5. Евро 4 стандарт болон түүнээс дээш ангиллын тээврийн хэрэгслээр тээвэрлэлт гүйцэтгүүлэх, тээврийн хэрэгсэл бүр дээр автотээврийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гаргуулах;
6. Тээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, фото зураг /4 талаас, англи хэл дээр орчуулсан байх/;
7. Жолоочийн болон мэргэшсэн жолоочийн үнэмлэхийн хуулбар /англи хэл дээр орчуулсан байх/;
8. Иргэний үнэмлэх болон гадаад паспортын хуулбар /жолоочийн/
Мөн дамжин өнгөрөх тээвэрлэлт гүйцэтгэх жолооч, ААНБ, хувь хүн https://www.transdep.mn/…/emkhetgel_orchuulga_2019.10.011.p… линкээс АН-3 болон АН-4 замуудын дэд бүтэц болон хилийн шалган нэвтрүүлэх боомтуудын хяналт, шалгалтын үйл ажиллагаа, мөн дээрх зам дагуух үйлчилгээний байгууламжууд гэх мэт мэдээллийг агуулсан гарын авлагыг татан авч, ашиглах нөхцөл бүрдээд байна.
АН-3 чиглэлийн авто замын талаарх мэдээлэл
Энэ чиглэлийн Монгол Улсын хутаг дэвсгэр дээрх авто зам нь Оросын Холбооны Улстай хиллэдэг Алтанбулаг боомтоос БНХАУ-ын хиллэдэг Замын-Үүд боомтыг холбосон 1041 км урттай авто зам юм.
Алтанбулаг хилийн боомтоос Улаанбаатар хот хүртэл – 326.3 км;
Улаанбаатар хотоос Чойр хүртэл – 230 км;
Чойроос Сайншанд хүртэл – 229 км;
Сайншандаас Замын-Үүд боомт хүртэл – 218.9 км.
1 comment
Энэ чинь аль 4-5.н жилийн өмнө л туршилтын тээвэр гэж явсан шүү дээ одоо болтол таг зүгээр л мөнгө угаалт биш үү