Эрэн сурвалжлах чиглэлээр ажилладаг, Панамын бичиг баримтууд болон оффшор бүсийн талаар бичиж байсан Мальтын сэтгүүлч Дафне Каруана Гализиа өнгөрсөн 2017 онд машинтайгаа дэлбэрч амиа алдсан билээ. Уг үйл явдалтай холбогдуулан дэлхийн улс орнууд Мальтад авлига газар авч, шүүх тогтолцоо нь суларч байгааг ихэд шүүмжилж байсан юм. Европын холбооны төлөөлөгчид тус улсад авлига хүрээгээ тэлж, мөнгө угаах гэмт хэрэг өсөж буйг иргэншлээ худалдах буюу “алтан паспорт”-той холбон тайлбарлаж байна. Улсын хөгжлийн санд 650 мянган евро хандивласан, үл хөдлөх хөрөнгө түрээсэлсэн юм уу худалдаж авсан, 150 мянган еврогоос багагүй мөнгөн дүнгээр хувьцаа, бонд худалдаж авсан хувь хүнд Мальта Улс иргэншил олгодог. Үүний зэрэгцээ иргэншил хүсэгчийн гэр бүлийн гишүүн тус бүр 25-50 мянган евро нэмж төлөөд “алтан паспорт” авч болдог. Ерөнхийдөө зөвхөн Мальта ч бус дэлхийн нэлээд хэдэн улс иргэншлээ худалддаг.
МАЛЬТЫН ИРГЭНШИЛТЭЙ БОЛОХЫН ТУЛД
Тус улсын иргэншлийг хүсэгч нь 12 орчим сар Мальтад амьдрах шаардлагатай бөгөөд иргэн болсон тохиолдолд цаашид амьдрахгүй байж болно. Одоогоор 833 хөрөнгө оруулагч, 2100 орчим гэр бүл тус улсын иргэншлийг худалдаж авчээ. Мальта 2017-2018 онд иргэншлээ худалдаж 163 сая ам.доллар олсон бөгөөд энэ нь ДНБ-ийх нь 1.38 хувийг бүрдүүлсэн. Европын их сургуулийн Шилжилт хөдөлгөөний хүрээлэнгийн судлаач Лук Ван дер Баарен “Иргэншлээ худалддаг орнуудын өндөр албан тушаалтнууд энэ наймаанаас ихээхэн ашиг олдог” гэдгийг онцолж байна.
“АЛТАН ПАСПОРТ”-НЫ ЭЗЭД НЬ АЗИ, ОЙРХИ ДОРНОД, БУЛАНГИЙН ОРНЫ ИРГЭД
Мальтын Засгийн газраас иргэншил олгосон гадаад иргэдийнхээ тухай мэдээллийг чандлан нууцалдаг. Гэвч Европын холбооны дүрэм, журмын дагуу иргэншил олгосон хүмүүсийнхээ тухай мэдээлэх ёстой байдаг. Ерөнхийдөө тус улсын “алтан паспорт”-ыг худалдаж авдаг хүний олонх нь Ази, Ойрхи Дорнод, Булангийн орны иргэд байдаг аж. Сүүлийн жилүүдэд Орос, Саудын Араб, Хятадын иргэд тус улсын иргэншлийг худалдаж авах тохиодол нэмэгджээ. Иргэншлээ худалдаж, “алтан паспорт” олгож буйтай холбогдуулан Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас Мальтыг татвараас зайлсхийхэд хамгийн тохиромжтой улсын нэг гэж үзэн өнгөрсөн жил хар жагсаалтад оруулсан билээ.
ИРГЭНШЛИЙГ ХУДАЛДАЖ АВЧ БОЛОХ ОРНУУД
Камбож– Улсын эдийн засгийг сэргээн босгох үйлсэд 245 мянган ам.долларын хандив өгснөөр тус улсын иргэншилтэй болно.
Турк-250 мянган ам.долларын үл хөдлөх хөрөнгө худалдаж авах, улсын банканд 500 мянган ам.доллар байршуулах, Засгийн газрын бондод 500 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийснээр тус улсын иргэн болох боломжтой.
Португаль– 500 мянган фунт.стерлингээр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгө худалдаж авах, багадаа арван ажлын байр шинээр бий болгосноор “Алтан виз” авах боломжтой.
Испани– 438 мянган ам.доллароор үл хөдлөх хөрөнгө худалдаж авах, нэг сая фунт.стерлингийн үнэ бүхий хувьцааг тус улсын компаниудаас худалдаж авах, улсын банканд нэг сая фунт.стерлинг байршуулснаар “алтан виз”-ний эзэн болно .
Канад-Хоёр болон түүнээс дээш жил бизнес эрхэлсэн туршлагатай байх, гэр бүлийн нийт хөрөнгө 1.6 сая ам.доллароос их, гэр бүлийн бүх гишүүн Канадын эрүүл мэнд, аюулгүй байдлын шаардлагыг хангасан байх, 800 мянган ам.доллароос багагүй хөрөнгө оруулалт тодорхой журмын дагуу хийсэн болон бусад шаардлагыг хангасан тохиолдолд иргэншилтэй болно.
Австрали– Багадаа 2.5 сая австрали долларын хөрөнгөтэй байх, тус улсын төсөл, хөтөлбөрт 1.5 сая австрали долларын хөрөнгө оруулалт хийсэн байх шаардлагатай.
Доминика-Нэг хүний иргэншлийг 100 мянган ам.доллар, гэр бүлээрээ иргэншил хүсэх бол 200 мянган ам.долларыг улсын Үндэсний өөрчлөлтийн санд хандивлан иргэншилтэй болох боломжтой.
Ц.ДАВААСАМБУУ
Эх сурвалж: https://www.bbc.com
2 comments
авилгачин улсууд байна. манай улс ингэвэл манай дарга нар овоо баяжихад хэрэгтэй юм биш үү
Манайх ч гэсэн ийм байдлаар мөнгө олоход болохгүй гэх газаргүй шүү дээ. Ийм байдлаар иргэншил авч байгаа хүмүүс бол баян чинээлэг, хөрөнгө оруулах чадвартай сөрөг нөлөө багатай хүмүүс байх нь тодорхой. Иргэншил хүсэж байгаа хүнийг маш нарын хянаж үзээд 800 мянгаас 1 сая доллар Монгол улсын хөгжлийн санд тушаасан хүмүүст иргэншил олгох хэрэгтэй. Монголын иргэншил авч байгаа хүмүүс уул уурхай баялагт чиглэж ирэх учир төлбөр нь өндөр байх ёстой.