[starbox]
“Би малчин айлын хүүхэд. Миний багад ном ховор байсан ч айл болгон судартай байсан. Манайд ч бас судар бий. Тэрхүү баримтагтай судраар ээж маань хааяа адислана. Учир нь номыг уншиж чадахгүй ч түүн дотор оюун ухаан, өлзий хутаг оршидог агуу зүйл шүү гэдгийг өвөг дээдсээс таниулж өгсөн болов уу гэж сэтгэлдээ тунгаадаг. Хамгийн анх дөрөвдүгээр ангийнхаа зуны амралтаар сумын төвөөс “1001 шөнийн үлгэр”-ийг авч уншаад дурлаж байлаа. Хэдийгээр хүүхэд наснаас ахадсан ном боловч намайг номтой хувь заяагаа холбох хөтөч минь болж байв”
Энэ дурсамжийг өнөөдөр (2017.05.12) Сүхбаатарын талбайд эхэлсэн “Хаврын номын баяр”-ын Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Г.Мэнд-Ооёо гуай хүүрнэсэн юм.
Улаанбаатарчууд жилд хоёр удаа номын баяр тэмдэглэдэг уламжлалтай болсон. Түүний нэг нь “Хаврын номын баяр”. Харин өнгөрсөн жилээс энэ баяр “Ulaanbaatar book fair” олон улсын номын баяр болж өөрчлөгдөн хүрээгээ тэлж, гадны соёлын байгууллагууд оролцдог болсон юм. Энэ удаа АНУ, Франц, Солонгос, Япон зэрэг 30 орны төлөөлөгч өөрсдийн ном, ёс заншил, хоол, үндэсний хувцасаа олны хүртээл болгож байна.
Хэт цахимжсан XXI зууны залуус нэг л завгүй хүмүүс болсон. Зав гарвал телевизор үзэн, компьютер шагайн утсаа “мааждаг”. Бүгд ном уншихаа больсон гэсэн шүүмжлэл тасардаггүй. Гэвч энэ шүүмжлэлийг номын баяр үгүйсгэж байх шиг. Хаврын номын баярт хүүхэд залуус олноороо ирж өөрийн дуртай, хэрэгтэй номоо хайж, сонирхон худалдан авч байна.
Иргэдийн хувьд өөрсдийн хайж буй, дуртай номоо илүү хямд үнээр авах сонирхолтой байдаг. Баярт зориулан худалдаалж буй ном эрэлт хэрэгцээнээсээ шалтгаалан 20-50 хүртэлх хувиар хямдарчээ. Тухайлбал, номын дэлгүүрүүдэд худалдаалагдаж байгаа ном 20, хуучин нь 30-50 хувь хямдарсан байна. Үнийн хувьд Р.Чойном гуайн зохиолууд 5000-3000, үлгэрийн ном 35000-30000, орчуулгын зохиол 20000-15000, хуучин ном 1000 төгрөг гэх мэт харилцан адилгүй байна.
Мөн хуучны ховордсон номыг хүмүүс нэлээдгүй эрж хайж байна. Тухайлбал, Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт зохиолч Батын Нямаагийн “Арандалынхан”, Нобелийн утга зохиолын шагналтан, Орос-Зөвлөлтийн зохиолч М.Шолоховын “Дөлгөөн дон” роман, XX зууны шилдэг романы нэг, МУСГЗ Д.Маамын “Газар шороо” романыг сураглах хүн цөөнгүй харагдсан. Номын баярыг сонирхож буй иргэдийн нэг хэсэг нь “Номын үнэ сэтгэлд хүртэл хямдарсангүй” гэсэн бол нөгөө хэсэг нь сэтгэл хангалуун байв.
Жил бүр зохион байгуулдаг номын баяр өмнөх жилүүдтэй харьцуулбал өргөн цар хүрээтэй болж байна. Ном уншдаг залуус нэмэгдэжээ. Хэрвээ та ном худалдан авах гэж байгаа бол улалмжлал ёсоор 21 дэх жилдээ болж буй номын баяр маргааш 10-19:00 цагийн хооронд үргэлжлээд өндөрлөнө. Амжиж очоорой.
Сонирхуулахад, хүн төрөлхтөн 1100 жилийн өмнө анхны цаасан дээр хэвлэсэн номыг эх барьж авсан гэдэг. Манай урд хөршид мэндэлсэн энэ ном “Алмаазан судар” нэртэй. Үүнээс хойш хүн төрөлхтний түүх, өв соёл, зан харилцаа, дайн дажин, шинжлэх ухааны сод бүтээл, нээлтийг багтаасан хүмүүсийн оюун ухааны асар том уурхай болох ном олноор хэвлэгдэж, соёл иргэншилд чухал үүрэг гүйцэтгэж иржээ.
Хүн гэдэг мөнх амьтан биш. Хичнээн их хөрөнгө хураасан байлаа ч үхэхдээ аваад явахгүй. Харин хүний бичиж үлдээсэн тэрхүү оюун ухааны баялагууд цаг хугацаа улиран өнгөрөх тусам үнэ цэнэтэй болж, эзнээ мөнхөлсөн байдаг.
1 comment
ЗӨВ ШҮҮ