ХОНКОНГИЙН хууль тогтоох байгууллага “Хэрэгтэн шилжүүлэх хууль” батлах гэж байгааг иргэд нь эсэргүүцэж, 2019 оны 6-р сарын 9-нд гудамжинд гарч жагсаж эхэлсэн. Энэ хооронд хоёр сая хүнийг хамарсан жагсаал ч болж, нэжгээд удаа жагсагчид цагдаагийн хооронд хүчтэй мөргөлдөөн гарснаар мянга гаруй хүн баривчлагдаад байгаа юм.
Хонконгийн жагсаал “эрх чөлөөний тэмцэл” үү, зохион байгуулалттай “өнгөт хувьсгал” уу? Гол төлөв гадаад ертөнц хонконгчуудыг “эрх чөлөөнийхөө төлөө тэмцэгчид” гэж харж байгаа бол Бээжин болон Хонконгийн консервативууд “террорист шинжтэй” хүчирхийлэл үйлдэгчид гэж эрс буруушааж байна.
Хонконгийн жагсаалыг үзэл санааны хувьд хэрхэн үнэлэх нь уншигч бүрийн хувийн үзэл бодлын хэрэг.
Харин жагсагчдын үйл ажиллагаа, зохион байгуулалт, цагдаа нартай тэмцэхэд ашиглаж буй арга тактик талаасаа сонирхол ихэд татаж байгаа бөгөөд энэ дугаарт тэдгээрийг өнгөт хувьсгал хийдэг нийтлэг технологитой харьцуулж үзэхийг хичээв.
Хонконгийн жагсаал өнгөт хувьсгалын шинжтэй юу?
2000 ОНООС хойш дэлхийн энд тэнд өнгөт хувьсгалууд гарч дийлэнх нь улс төрийн зорилгодоо хүрсэн байдаг. Сербид “Бульдозерын хувьсгал”, Гүржид “Сарнайн хувьсгал”, Украинд “Улбар шар хувьсгал”, Киргизэд “Алтанзулын хувьсгал”, Ливаны “Хуш модны хувьсгал”, “Евромайдан Европын холбоог сонгох Украины сонголт” гэх мэт өнгөт хувьсгалууд гарсан. 2014 онд Хонконгод ардчиллыг бэхжүүлэхийг шаардан “Шар шүхрийн хувьсгал” гарах оролдлого хийж байв.
Өнгөт хувьсгалын технологи гэж бий бөгөөд гол хөдөлгөгч хүчний зохион байгуулалттай эсэргүүцлийн хөдөлгөөнөөр эхэлдэг. Хонконгийн жагсаал өнгөт хувьсгал мөн эсэхийг өнгөт хувьсгалын технологиудаар шалган авч үзье:
Хүн амыг дайчлах. Жагсаал улс төрийн байнгын өндөр идэвхжилтэй олон нийт, нийгмийн бүлэг, олон нийтийн байгууллагуудаас бүрдэнэ;
Хонконгийн жагсагчдын дийлэнх нь 20-30 насны залуус байна, 86 хувь нь дээд боловсролтой, дундаж давхаргынхан голлосон. Жагсаалд оролцогсдын 40 хувь нь өөрийгөө аядуу ба ардчилсан талынх гэж үзсэн, мөн 40 хувь нь “Хонконг айдэнтити”-г дэмжигчид бол эх газрын Хятадын талыг дэмжигчид 0.5 хувь нь байна гэж Хонконгийн дөрвөн их сургууль хамтран 8-р сард явуулсан судалгаагаар гарчээ. Жагсагчдыг дэмжин 8 сарын 5-нд метроны найман шугам, автобус компаниуд, Disneyland-ийн ажилчид, агаарын тээврийнхэн зэрэг зохион байгуулалттайгаар ажил хаяж хамгийн өргөн цар хүрээтэй жагсаал болж байв. Өдгөө их сургуулиуд нэгдэн 9 сарын эхээр хичээл хаяцгаагаад байна.
Сүлжээ зохион байгуулах. Салаа мөчир мэт задаргаатай, хүчтэй нөлөө бүхий “эсэргүүцлийн хүч” байгуулагдсан байх бөгөөд босогчид эрс шийдэмгий итгэл үнэмшилтэй, зохих дадлагатай болсон байх;
Хонконгийн “Хэрэгтэн шилжүүлэх хууль”-ийн төслийг анх эсэргүүцэж гарч ирсэн нь сөрөг хүчин Ардчилсан намын гишүүд юм. Тэднийг иргэд дэмжин аажмаар нэгдэн жагссан. Жагсаалд оролцогчдын талаас илүү хувь нь 2014 оны “Шар шүхрийн хувьсгал”-д оролцож байсан хүмүүс. Өөрөөр хэлбэл тэд ардчилал, эрх чөлөөний хатуу үнэт зүйлсийн үзэлтэй, өмнөх жагсаалуудаар туршлага, дадлагатай болсон иргэд байна.
Өнгөт хувьсгалын технологи гол хөдөлгөгч хүчний зохион байгуулалттай эсэргүүцлийн хөдөлгөөнөөр эхэлдэг. Хонконгийн жагсаал дийлэнх шинж тэмдгээр өнгөт хувьсгалтай давхцан харагдаж байна.
Засгийн эрхийг булаан авах. Тухайн засгийн эрх баригчдыг солих, эсвэл сонгуульд нэр дэвшигчийн ажиллагааг хааж боогдуулах, шаардлага хангах боломжийн толгойлогчийг нэр дэвшүүлэх;
Жагсагчид анх Хонконгийн Засаг захиргааны онцгой бүсийн захирагч Кэрри Ламыг огцрох шаардлага тавьж байснаа одоо чөлөөт сонгууль явуулах буюу сонгох сонгогдох эрхийг эрх баригчдаас цаашилбал Бээжингээс шаардаж байна. Хонконгийн нийгэм том боловч улс төр нь “жижиг”. Хонконг автономит бүс учраас улс төр нь зөвхөн Хонконгийн эрх баригчид ба жагсагчид хоорондын асуудал биш, Бээжингийн шийдэх зүйл болно. Яг энэ шинж тэмдгээрээ Хонконгийн жагсаал анхнаасаа засгийн эрхийг булаан авах зорилго агуулаагүй буюу өнгөт хувьсгалын зорилготой хосолж чадахгүй байна.
Ард түмэнд эрх баригч засгийн сөрөг дүр төрхийг бүрдүүлэх. Эсрэг этгээдэд нийгэм, соёлын хэм хэмжээний саад бий болгож, улс төрийн дэглэмийн дотоодын хууль ёсны сэтгэл зүйн үндсийг эвдэх;
Хонконгод эрх баригч засгийн сөрөг дүр аль хэдийн бүрдсэн. Одоогийн захирагч муу сайндаа биш, өөр шалтгаантай. 1997 онд Англиас Хонконгийг эх газрын Хятадад эргүүлж нэгтгэхдээ хонконгчуудын эрх чөлөөнд халдахгүй, хууль тогтоох бие даасан байдлыг нь хадгална гэх зэргээр Хонконгийн дэглэмийг 50 жил өөрчлөхгүй гэсэн амлаттай юм. Гэхдээ Хонконгийн үндсэн хууль болох “Тулгуур хууль”-аар Хонконгийн захирагчийг Төв Засгийн газар батламжилдаг тул Хонконгийн захирагч анхнаасаа л улс төрийн хүүхэлдэй гэж иргэддээ харагддаг. Одоогийн захирагчийг буулгалаа ч дараагийнх нь мөн л Бээжингээр “адислагдсан” захирагч гарна. Ядаж байхад сүүлийн жилүүдэд Хонконгийн Ардчилсан намын гишүүдийн хууль тогтоох байгууллагад байх эрхийг Бээжин цуцалсан, ардчилсан үзэлтэй хүмүүсийг саатуулсан гэх мэтээр автономит эрхэд нь халдсан үйл явдлууд болж байгаад иргэд бухимдалтай байгаа юм.
Олон нийтийн ухамсрыг далдаас удирдах. Бэлгэдэл гэх мэтийг бий болгож хэрэгжүүлэх. Мэдээлэл-сэтгэл зүйн арга хэрэглэх ба олон нийтийг удирдахад маркетинг буюу өнгөт хувьсгалын “брэндинг”-ийн технологи өргөн ашиглах;
Уриа лоозон: “Хонконгийг сэргэн мандуулъя, эрин үеийн хувьсгал”, “Хонконгийг буцааж авчиръя” “Таван шаардлага, нэгийг ч бүү дутаа” гэх мэт уриатай жагсаж байгаа. Жагсаалын үеэр мөргөлдөөн гарах болсноор жагсагчид “Иргэдийг бүү хүчирхийл, засгийн газрыг л шах” гэсэн лоозонг мөн хэрэглэж байна. Хааяа нэг “Хонконг салан тусгаарлая” гэсэн үгс мэр сэр харагдах болсон нь Бээжингийн санааг ихээр зовоож байна.
Дуу: Иргэдийн сэтгэл зүйд хүчтэй нөлөөлөхүйц дуу дуулж жагсагчид нэгдэж буй. Тухайлбал анх жагсаал эхлэх л “Glory be to thee, Hong Kong” хэмээх дуу зохиогдсон нь өргөн дэлгэрээд байгаа. Мөн эрх баригчдыг эсэргүүцсэн хувьсгалын франц дуу “Do You Hear the People Sing?” болон эрх чөлөөний утгатай дууг сонгон авч дуулдаг. 8 сарын 31-нд жагсагчид АНУ-ын төрийн дууллыг дуулж, далбааг нь мандуулан, Д.Трампаас тусламж хүсчээ. Харин 9 сарын 12-нд эх газрын Хятадын иргэд болон Хятадын талыг дэмжигчид БНХАУ-ын далбаа, төрийн дууллыг дуулж эсэргүүцлээ илэрхийлэв.
Зураг, дүрс: Нийгмийн сүлжээг ашиглан янз бүрийн лого, дүрс, видеог маш ихээр түгээж байгаа.
Тухайлбал, Хонконгийн улаан өнгөтэй далбааг хар дэвсгэртэй болгон өөрчилсөн зураг тараах,
Жагсагчдын тоог багасган мэдээлж буйг эсэргүүцэн графикаар үзүүлэн нийгмийн сүлжээгээр цацах,
Улс төрийн шог зургууд гаргах зэргээр иргэдийн сэтгэл зүйд нөлөөлөх ажлууд тасралтгүй үргэлжилж байна.
Бэлгэдэл: 2014 он Шар шүхрийн хувьсгалын үргэлжлэл болж шүхэр гол бэлгэдэл болж байна.
Тусгай бэлтгэгдсэн хүмүүсийг олон нийтийг эсэргүүцлийн хөдөлгөөнд оруулж, шаардлагатай цэгүүдэд санхүүжилт хийх, мөнгө болон материаллаг зүйлс тараах
Хонконгийн жагсаалд хар хувцастай “эрэлхэгүүд” гарч ирээд байгаа. Тэд хар хувцсаар жигдэрдэг, нүүрээ хар маск, алчуураар халхалдаг. Хар хувцастууд “ар талын алба” бөгөөд материаллаг эд зүйлээр жагсагчдыг хангадаг, бамбай, замын хажуугийн шон төмөр зэргийг сугалж өгч цагдаагаас хамгаалах бэлтгэлийг хангадаг. Тэд хамгийн арын эгнээнд явдаг бөгөөд урдах жагсагчдыг бүү ай бид ард чинь бий гэсэн мессежийг өгдөг ажээ. Тэдний эгнээ 10 мянгаас дээш хүрсэн тухай ВВC мэдээлжээ.
Хамгийн их дэмжлэг авахуйц нутаг дэвсгэр-газар орныг сонгон авах.
Гурван сар үргэлжилсэн цуврал жагсаалуудыг зохион байгуулсан гудамж талбайг харахад Хонконгийн нутаг дэвсгэрийг ямар нэгэн байдлаар бүхэлд нь хамарсан гэж болохоор байна. Эхэн үедээ гол төлөв Хонконгийн засаг захиргаа байрладаг Хонконг-аралын метроны гол буудлууд дагуух төв гудамжуудад жагсаж байсан бол аажмаар хүн ам ихээр төвлөрсөн Шатин дүүрэг, Колун дүүрэгт зохион байгуулагдаж, улмаар олон улсын анхаарлыг татахуйц нисэх онгоцны буудал, зочид буудал гэх мэт газруудыг мөн хамрах болов. Шинэ дүүрэг, хуучин дүүрэг Юаньлан, Шиньже гэх мэт бараг бүх газарт жагсаал ээлж дараалан болжээ.
Хуурамч мэдээлэл (“fake news”) түгээх аргыг ашиглах;
Хонконгийн нийгмийн сүлжээгээр зөвхөн нэг талыг барьсан мэдээллийг маш ихээр тарааж байгаа. Зөвхөн жагсагчдын талаас харуулсан жагсагчдыг өрөвдүүлэх, эсвэл зөвхөн цагдаагийн талаас харуулж цагдааг өрөвдүүлэх гээд нэг талыг барьсан тэнцвэргүй мэдээнүүдийг аль аль талаас маш ихээр цацаж байна. Үүний эсрэг 8 сарын дундуур Twitter, Facebook компани эх газрын Хятадаас нээсэн 1000 эргэм хаягийг устгасан бөгөөд тэдгээр хаягууд жагсагчдыг хүчирхийлэгч гэж харуулах мэдээллийг цацдаг хэмээн тайлбарласан байна. Ер нь Хонконгод жагсаал хаана хэзээ болох тухай мэдээллийг Telegram, Twitter, Facebook гэх мэт нийгмийн сүлжээгээр түгээж байгаа.
Энэ бүх өнгөт хувьсгалын технологиос харахад Хонконгийн жагсаал дийлэнх шинж тэмдгээр өнгөт хувьсгалтай давхцан харагдаж байна. Гагцхүү Хонконгийн улс төр одоогийн эрх баригчдаас биш Бээжингээс хамааралтай байдаг энэ онцлогоос болоод өнгөт хувьсгалын гол зорилго болох эрх баригчдыг унагаах гэсэн зорилго нь биелэх боломжгүй юм. Энэ шинжээрээ Хонконгийн “шүхрийн хувьсгал” бусад улсын өнгөт хувьгалын эцсийн үр дүнгээс ялгаатай байна.
Хонконгийн улс төр Бээжингээс хамааралтай байдаг онцлогоос болоод өнгөт хувьсгалын гол зорилго болох эрх баригчдыг унагаах гэсэн зорилго нь биелэх боломжгүй юм. Энэ шинжээрээ Хонконгийн “шүхрийн хувьсгал” бусад улсын өнгөт хувьгалын эцсийн үр дүнгээс ялгаатай байна.
Хонконгийн жагсаал гурван сар гаруй тасралтгүй өндөр “бухимдалтайгаар” үргэлжлилж байгаа учраас Бээжин уг жагсаалыг зохион байгуулалттай, арын дэмжлэгтэй, террорист шинжтэй гэж дүгнэж, үүнд шууд АНУ тэргүүтэй барууны орнуудыг цохон буруушааж байгаа. Саяхан хонконгийн жагсаалыг манлайлагч хэмээгдэж буй Жошуа Фэнийг Германы Гадаад хэргийн сайд Германд хүлээн авч уулзав, удахгүй тэрбээр АНУ-д очиж уулзалтууд хийх гэж буй. Бээжин үүнд хилэгнэн Хонконг бол Хятадын газар нутаг, Хятадын дотоод асуудал хэмээн удаа дараа мэдэгдэж, барууны хүчнүүдийг бүү оролцогтун хэмээн сануулж байгаа. Гадны хүчнүүд яагаад Хонконгийг эмзэг цэг болгон хатгах болов? Хятадад энэ нь хэр нөлөө үзүүлэх вэ?
Хонконгийн эдийн засаг Хятадад хэр хэрэгтэй вэ?
2001 ОНД Хятадыг Дэлхийн худалдааны байгууллагад элсэх хүртэл хятадын компаниуд Хонконгоор дамжин бараагаа гаргаж дэлхийн өнцөг булан бүрт хүргэдэг байж. Ингэж тэд ДХБ-д элсээгүй орнуудад тавьдаг хязгаарлалтуудаас Хонконгийг ашиглан “бултдаг” байв. Харин Хятад ДХБ-д элссэний дараа Хонконгийн транзит худалдааны энэ давуу тал аажмаар бүдгэрсэн. 1997 онд хятадын барааны тал нь Хонконгоор дамждаг байсан бол өдгөө ердөө 12 хувь болжээ.
1997 онд Хонконгийн эдийн засаг Хятадын эдийн засгийн тавны нэгтэй тэнцэхүйц том байсан бол 2018 онд 13-ны нэгтэй тэнцэх болж Хятадын эдийн засаг тэлжээ. 1997 онд Хонконгийн нэг хүнд ноогдох дундаж орлого нь Хятадынхаас 35 дахин их байсан бол 2018 онд тав дахин их болж зөрүү нь ойртсоор, хоорондын зааг улам багассаар байна.
1997 онд Хятадын хөрөнгийн зах зээл Хонконгийн хагаст ч хүрдэггүй байсан бол одоо Хятадын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 8 их наяд ам.доллар болж, Хонконгийнхоос хоёр дахин том, дэлхийн хамгийн том хөрөнгийн зах зээлийн нэг болжээ. Эх газрын Хятад одоо Шэнжэнь, Шанхайг хөрөнгийн зах зээл дээр Хонконгтой өрсөлдүүлэн хөгжүүлж, Шанхайг олон улсын санхүүгийн төв болгож байна.
Нэг ёсондоо эх газрын Хятадад Хонконгийн хэрэгцээ шаардлага өмнөх шигээ их биш болсон аж.
Гэхдээ Хонконгийн эдийн засгийн орчин таатай, мэргэшсэн үйлчилгээтэй зэрэг давуу талуудыг эх газрын Хятадын компаниуд ашиглаж хөрөнгө оруулсаар байгаа. 2018 онд Хятадын гадаадад гаргасан шууд хөрөнгө оруулалтын 58 хувь нь Хонконгоор дамжиж гарсан, Хятад руу орсон гадаадын хөрөнгө оруулалтын 80 хувь нь Хонконгоор дамжин орсон байна. Өдгөө Хятадын Хонконг дахь хуримтлагдсан хөрөнгө оруулалт 622 тэрбум ам.доллар хүрээд байна гэхээр эх газрын Хятадын компаниудын шууд ашиг сонирхол Хонконгод одоо хэр хүчтэй байгаа.
Хонконг-Хар хун
ХЯТАД УЛС АНУ-тай худалдааны дайн хийж буй энэ эгзэгтэй үед Хонконгийн нийгэм савлах нь Хятадын эрх баригчдад ч, хятадын компаниудад ч нэн ашиггүй.
Хятад, АНУ-ын худалдааны дайн тэлж технологийн дайн, өдгөө валютын дайн руу шилжиж буй энэ үед Хятадын дотоодод тогтворгүй байдал үүсч, Хонконг санаанд оромгүйгээр эмзэг цэг болон хувирав. Тодруулбал Хонконг Хятадын хувьд “Хар хун” болчихлоо. (АНУ-ын санхүүгийн шинжээч Нассим Талебийн гаргаж ирсэн томъёолол, бидний анхааралд өртөөгүй, ач холбогдол багатай гэж үзэж байсан зүйл гэнэт гарч асар их нөлөө, үр дагавартай болохыг “хар хун” хэмээн нэрлэсэн.)
“Хар хун” “дэвсэн” гэдгийг гурван шалгуураар авч үздэг.
1) Үйл явдал нь гэнэтийн бөгөөд огт хүлээгдээгүй, шинжээчид тамааглаагүй байдаг: 2019 онд Хонконгийн жагсаалыг ингэж газар авна гэж хэн ч урьдчилан тооцоолоогүйг оны эхэнд гарсан таамгуудаас харж болно. Хятадын таамагт худалдааны дайнаас үүдсэн санхүүгийн хямралыг хамгийн том эрсдэл гэж тооцож байсан юм.
2) Үйл явдал нь их хэмжээний үр дагавар дагуулдаг: Хонконгийн эдийн засаг сүүлийн 10 жилийн хамгийн доод түвшиндээ хүрэв. Олон улсын үнэлгээний байгууллага 9 сарын 6-ны өдөр Хонконгийн итгэлийн үнэлгээг АА+ түвшнээс АА болглож зэрэглэл буурууллаа. Нийгмийн савалгаа Хонконгийн олон улсын санхүүгийн төв хэмээх имижийг эргэн сэргэхгүйгээр унагаж эхлэв. Цаашлаад эх газрын Хятадыг худалдааны дайнд буулт хийх нөхцөл ч болж болзошгүй.
3) Болоод өнгөрснийх нь дараа ухрааж харахад, тус үйл явдал болох нь тодорхой байсан мэт рационал тайлбартай байдаг: 2014 онд “Шар шүхрийн хувьсгал” гарч байсан нь давтагдсан, гагцхүү дотоод гадаадын зэрэг үйлчлэл дор энэ удаагийн “Шүхрийн хувьсгал” өнгөт хувьсгал болж өргөжин өндрөө авах “тохироо” гүйцжээ ..
Хятад, АНУ-ын худалдаа-технологийн дайн, өдгөө валютын дайны үед Хонконг Хятадын хувьд санаанд оромгүй эмзэг цэг, “Хар хун” нь болон хувирав.
Гадаад дотоодын зэрэг үйлчлэл гэдгийг тодруулбал дотоод талд хонконгчууд “Хэрэгтэн шилжүүлэх хууль”-ийг амьд явах эрх, эрх чөлөөнд нь заналхийлж эхэллээ гэж үзсэн бухимдал, гадна талд их гүрнүүдийн өрсөлдөөн хурцадсан нөхцөл давхцаж, Хонконг “хар хун” болон “дэвжээ”. Хятадын дотоодын эмзэг цэгүүд болох Шинжаан, Төвд, Тайванийг Бээжин маш анхаарч болгоомжилж байсан бол Хонконгийг магадгүй ингэж тооцоолоогүй байсан бололтой.
Хонконгийн жагсаал өндрөө авч, өнгөт хувьсгалын шинжтэй байгаа нь тохиолдол уу? Ерөөсөө “эрх чөлөөний төлөөх тэмцэл” өөрөө өнгөт хувьсгалын шинжийг агуулдаг байж болох уу? 2014 онд гарч байсан “шар шүхрийн хувьсгал” өнгөт хувьсгал хийхээр түншиж үзсэн туршилт байсан уу гэх мэт олон асуулт ургаж байна.
Эцэст нь хэлэхэд манай Монголд өнгөт хувьсгал гарах нөхцөл бүрэлдсэн үү? Жагсаал цуглааныг хэвийн явуулах боломж чадамж иргэдийн сэтгэхүйд бий юу? Үнэхээр бид эрх баригчдад шаардлага тавин удаан тууштай жагсаж тэмцэж чадах болов уу? Аливаа жагсаал тэмцэл өнгөт хувьсгал болон хувирвал бид хариу арга хэмжээ авах бэлтгэлтэй юу?
Эх сурвалж: Аюулгүй байдал судлалын хүрээлэн
4 comments
гэтэл манай Залуус Өвөө эмээ Аав ээжээрээ хамаг юмаа бэлдүүлчихээд Бар цэнгээний газар, Хар тамхитай Найзлөөд том том яриад л Ирээдүй нь ч мөн бүрхэг байна дөө,
Ugaasaa ungut huvisgal
Хүний хүн ингэж эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж байна.Манай залуучууд ажил хийх дургүй атлаа тансаг амьдрахыг мөрөөддөг.Сонгуульдаа ч оролцдоггүй. Хуучин нийгмээ улин дурсдаг ахмадууд нь МАН-даа саналаа дандаа өгч авлигачдыг өөгшүүлдэг. Сонгуулийнхээ эрхээ ахмадууддаа алдчихаад бэлэн юм нэхэж жагсдаг. Эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж жагсдаггүй атлаа өвлийн шөнө хар хүйтэнд он солигдох болохоор төв талбай дээр ирж цуглахыг нь яана. Ийм залуучуудтай улсад сайн сайхан ирээдүй байхгүй.
Монголчууд тэнэг бна аргагүй л үхэрүүд