Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд Азийн хөгжлийн банк, эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубээс хамтран “Агаарын бохирдол-Орон сууцжуулалт” сэдэвт сургалт семинар, хэлэлцүүлэг болж байна.
Хэлэлцүүлгийн эхэнд Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Монгол дахь Дэд суурин төлөөлөгч Деклан Магий үг хэллээ.
Тус банкны Эдийн засгийн судалгаа, бүс нутгийн хамтын ажиллагааны газрын эдийн засагч Маттаяс Хелбле “Азийн хотуудын хөгжлийг амжилттай үргэлжлүүлэх түлхүүр нь орон сууцжуулалт” сэдвийн хүрээнд АХБ-наас гаргасан “Азийн хотуудад хөгжил, хүртээмжийг дэмжих нь” тайланг танилцуулсан бол улмаар Нийслэлийн Орон сууцны корпорацийн Гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар “Орлогод нийцсэн, ногоон орон сууцны хөтөлбөр гэж юу вэ” илтгэл тавьж, Монголын ипотекийн корпорацийн Тэргүүн дэд захирал З.Мөнх-Оргил Засгийн газар, Монголбанкны хамтран хэрэгжүүлж байгаа “Орон сууцны санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаар мэдээллээ.
АХБ-ны Монгол дахь Дэд суурин төлөөлөгч Деклан Магий “Улаанбаатар хотын агаарын бохирдлын эсрэг тэмцэлд ялах нь” сэдэвт сонирхолтой илтгэл тавихдаа “Хүн амын эмзэг бүлгүүд агаарын бохирдолд хамгийн ихээр өртөж байна.
Ядуу иргэд гол төлөв бохирдол ихтэй дүүргүүдэд ажиллаж амьдардгийн дээр шим тэжээлтэй хоол хүнс, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чаддаггүйгээс бохирдлын уршгийг хамгийн ихээр амсдаг бөгөөд түүнчлэн хүүхэд нялхаст хүндээр тусч буйг ургийн өсөлт хөгжил удаашрах, хүүхэд дутуу төрөх, хатгаа, тархины хөгжлийн саатал, амьсгалын замын архаг болон цочмог өвчлөлийг үүсгэгч уушгины эмгэг зэрэг хүүхдүүд ихээр өртөж байгаагаас харж болохоор байна” гэлээ.
НҮБ-ын Хүүхдийн сангаас 2018 онд хийсэн судалгаанд 2009-2011 оны өвөл нярайн эндэгдэл зуны улирлынхаас 3.5 дахин өндөр байсныг онцлов. НҮБ-ын Хүүхдийн сангаас хийсэн судалгаагаар агаарын бохирдлоос үүдэлтэй хүүхдийн өвчлөлд 24.8 тэрбум төгрөгийн хөрөнгийг 2017-2020 онуудад зөвхөн Улаанбаатар хотод зарцуулах шаардлага үүснэ хэмээн тогтоосон байна.