Дампуурсан Капитал банкийг тойрсон шуугиан үе үеийн Нийгмийн хамгааллын сайд нарыг хөлдөө чирэх төлөвтэй. Өнгөрсөн хавар Капитал банк дампуурахад “Нийгмийн даатгалын сан”-гийн мөнгөөр “толгосон” хэмээн хамгийн түрүүнд буруутгагдаж байсан хүн нь УИХ-ын гишүүн С.Эрдэнэ.
Арилжааны банкуудад Нийгмийн даатгалын мөнгөн хөрөнгийг байршуулах бүх эрх мэдлийг салбарын сайд нь мэддэг журмын зохицуулалттай. Тодруулбал, “Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл,хуримтлалын сангаас арилжааны банкинд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулах журам”-ын 3.3.1-д “Хадгаламж хэлбэрээр байршуулах хадгаламжийн хугацаа, хадгаламжийн хүү, байршуулах арилжааны банкийг тогтоож, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд танилцуулна” гэж тусгаж өгсөн байдаг.
Харин нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс хэр хэмжээтэй мөнгийг ямар банкинд хадгалуулах шийдвэрийг гаргадаг. Энэхүү зөвлөлийг салбар яамны сайд нь толгойлдог. Тиймээс л “Нийгмийн даатгалын сан”-гийн мөнгийг “Капитал”-д хадгалуулах шийдвэр гаргасан С.Эрдэнэ буруудаад байгаа юм. Банк дампуурах үед Нийгмийн даатгалын сангийн 109 тэрбум Капиталд хадгалагдаж байсан бөгөөд энэ мөнгийг хэзээ хэн эргэн төлөх вэ гэдэг асуудал сөхөгдсөн.
Дагаад сайд нар энэ мөнгийг арилжааны банкуудад өндөр хүүтэй хадгалуулаад хүүг нь завшдаг байж мэдэх асуудал үүссэн юм.
С.Эрдэнэ “Капитал” банкинд Нийгмийн даатгалын сангийн 109 тэрбум төгрөгийг байршуулсан гэж буруутгагддаг. Өөрөө ч энэ асуудлаа хүлээн зөвшөөрсөн яриаг хэвлэл мэдээллийн байгууллагад өгсөн байдаг юм билээ.
Тэрбээр ярихдаа “…энэ мөнгөнөөс сонгуульд зарцуулсан байж болзошгүй гэж ярьж бичиж байгаа юм. …намайг анх ажил авч байхад Нийгмийн даатгалын аймаг, дүүргийн хэлтсүүд дээр, харилцах дээр, харилцахын үлдэгдэл нэртэй ямар ч гэрээ хэлцэл байхгүй, хяналт байхгүй маш их хэмжээний мөнгө бол байсан. Тэрийг бүгдийг дотоод хяналтын шугамаар, бүх аймаг дүүрэг дээр байсан харилцахын үлдэгдлийг татан төвлөрүүлээд, ингээд тодорхой арилжааны банкуудтай гэрээ байгуулаад, тодорхой хүү тохироод… Гэхдээ тэрийг ганцаараа шийдэхгүй шүү дээ. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гурван талын оролцоотой шийддэг” гэсэн байдаг.
Нийгмийн даатгалын сангийн мөнгийг тодорхой хүүтэйгээр хадгалуулахыг шийддэг, сайд нарт эрх мэдэл байдаг гэдгийг С.Эрдэнэ ийнхүү яриагаараа хүлээн зөвшөөрсөн.
Тэгвэл ойрын үед С.Эрдэнийн араас түүний халааг авсан Н.Чинзориг, Н.Номтойбаяр нарын асуудал яригдаж эхэллээ.
isee.mn сайтад Н.Номтойбаяр, С.Чинзориг нарын зөвшөөрлөөр Нийгмийн даатгалын сангийн 180 гаруй тэрбум төгрөгийг “Капитал” банканд хадгалуулж алдсан гэх баримт дэлгэгджээ. Уг мэдээлэлд дурьдсанаар “Нийгмийн даатгалын сан”-гийн мөнгөнөөс 2017 оны наймдугаар сарын 31-ны өдөр 45 тэрбум төгрөг, 2017 оны есдүгээр сарын 08-ны өдөр 34 тэрбум төгрөг, мөн оны аравдугаар сарын 04-ны өдөр 10 тэрбум төгрөг Капитал банканд тухайн үеийн НХХ-ийнсайд Н.Номтойбаяр “зөвшөөрөл”-өөр “хадгаламж” хэлбэрээр байршуулж алджээ.
Харин одоогийн НХХ-ийн сайд С.Чинзоригийн “зөвшөөрөл”-өөр 2017 оны арваннэгдүгээр сарын 03-ны өдөр 10 тэрбум төгрөг, 2018 оны хоёрдугаар сарын 24-ны 2,4 тэрбум төгрөг, 2018 оны зургадугаар сарын 24-ны өдөр 79 тэрбум төгрөгийг Капитал банканд хадгаламж хэлбэрээр байршуулж алдсан байгаа юм.
Н.ЧИНЗОРИГ