“Дархан гурил тэжээл” ХК-ийн гол хувьцаа эзэмшигч Д.Балдан-Очирын эхнэр, тус компанийн санхүү эрхэлсэн захирал С.Намсрайжавыг ХХААХҮЯ-ны Санхүү хөрөнгө оруулалтын газрын ахлах мэргэжилтэн Г.Отгонжаргал, Газар тариалангийн хөгжлийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Н.Ариунболд нарын хамт өнгөрсөн есдүгээр сарын 30-нд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн саатуулсан юм. Тухайн үед эх сурвалжууд “Дархан гурил тэжээл” компанийн элеваторыг Хөгжлийн банкны хөрөнгөөр шинэчлэн засах тендерийг будилаантуулж, бусдад давуу байдал олгон их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэмээн буруутган шалгаж эхэлсэн” хэмээн мэдээлэл өгч байв. Түүнээс хойш уг хэрэг хэрхэж буй нь тодорхойгүй өнөөг хүрлээ.
Уг нь одоогоос яг гурван жилийн өмнө буюу 2016 оны арваннэгдүгээр сарын 21-нд ХХААХҮЯ-ны Дотоод аудитын хорооны тогтоол гарч, Дархан-Уул аймаг дахь үр тариа хадгалах 36 мянган тн-ын багтаамжтай төмөр бетон хийцтэй элеватор худалдан авах үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн дүнгээ танилцуулсан. Улмаар тендер шалгаруулах хорооны дарга, гишүүдийг хуулийн байгууллагад шилжүүлж шалгуулах ёстой гэсэн дүгнэлт гаргасан юм. 2014 онд тухайн үеийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр Дархан-Уул аймагт үр тариа хадгалах 36 мянган тн-ын багтаамжтай, төмөр бетон хийцтэй элеватор худалдан авах “ТШ/2014/УТ/ЭЛ-/Бараа” гэсэн дугаартай тендер зарласан байдаг. 2014 оны хоёрдугаар сарын 26-нд зарласан тендерт “Дархан гурил тэжээл”, “Хит констракшн” хэмээх дотоодын, “Эм Би инженеринг” гэх гадаадын хөрөнгө оруулалттай компани материалаа бүрдүүлж өгсөн бөгөөд явцын дунд “Хит констракшн” нь элеваторын ажлын туршлагагүй байснаас ч болсон уу, ямар нэг байдлаар нэрээ татаж, “Дархан гурил тэжээл” компани шалгарчээ. ХХААХҮЯ-ны Дотоод аудитын хорооныхны шалгалтаар тендерийн хорооныхон “Дархан гурил тэжээл” ХК-ийнханд давуу байдал олгосон заалт оруулж, бусад оролцогчдод ижил, тэгш өрсөлдөх боломж олгоогүй, ТЭДС-д болон бусад байгууллагад 5.3 тэрбум төгрөгийн өртэй “Дархан гурил тэжээл”-ийг шалгаруулсан нь хууль зөрчсөн.
Түлхүүр гардуулах нөхцөлийн дагуу 1982-1983 онд барьсан хуучин барилга, байгууламжийг 15.9 тэрбум төгрөгөөр үнэлж авсан нь өмнөх жилүүдэд худалдан авсан ижил хүчин чадалтай барилга байгууламжаас гурав дахин илүү үнэтэй, ашиглалтад хүлээн авснаас хойш жил гаруй болоход хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй байгууламж ТЭДС-д худалдан авсан нь тогтоогдсон байдаг. Гэвч ХХААХҮЯ болон ТЭДС-гийнхан, холбогдох бусад байгууллагынхан “Чингис” бонд болон улсын төсвийн хөрөнгийн эх үүсвэр, Хөгжлийн банкнаас 16 тэрбум төгрөгийн санхүүжилтийг нь гаргаж, төрд хохирол учруулсан үйлдэлд буруутай албан тушаалтан, эрх мэдэлтэнд хариуцлага тооцолгүй өдий хүрэв. АТГ-ынхан төрд учирсан дээрх хэмжээний хохирлыг нь нөхөн төлүүлэхийн тулд “Дархан гурил тэжээл” ХК-ийн санхүү эрхэлсэн захирал С.Намсрайжав, ХХААХҮЯ-ны Санхүү хөрөнгө оруулалтын газрын ахлах мэргэжилтэн Г.Отгонжаргал, Газар тариалангийн хөгжлийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Н.Ариунболд зэрэг хүмүүсийг саатуулан шалгаж эхэлсэн ч шүүхээс 48 цаг болов уу, үгүй юү батлан даалтад гаргачихсан билээ. Өдгөө хэрэгт шалгуулж буй хүмүүс нь “Бид буруугүй” хэмээж буй сурагтай. Бидэнд олдсон мэдээллээр 3.5 тэрбум төгрөгөөр засчихаад, улсад 16 тэрбум төгрөгөөр үнэлж шахсан, дэлбэрсэн элеваторын хэрэгт холбогдуулан УИХ-ын гишүүн С.Эрдэнийн охин Э.Содгэрэлээс мэдүүлэг авсан байна. Тэрбээр “Дархан гурил тэжээл” ХК-ийн 550 527 хувьцааны 152 131 ширхгийг нь эзэмшдэг бөгөөд энэ нь тайлбар, мэдүүлэг авах үндэслэл болсон аж.
Бэлтгэсэн: Г.Равжаа