Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд 2013-2019 онд Улаанбаатар хотод 1848 айлын газрыг чөлөөлж, 7227 айлын орон сууц ашиглалтад орсон байна. Үүнээс 1429 айл гэр хорооллоос орон сууцанд орж, 6468 яндан буусан гэсэн дүн гарчээ.
Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэгийн хэлснээр, энэ онд 3086 айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж. Цаашид инженерийн шугам сүлжээнд хөрөнгө оруулалт хийснээр 13.794 нэгж талбар газар чөлөөлөгдөж, 79.239 орон сууц шинээр ашиглалтад орох боломжтой юм байна.
Өнгөрсөн долоон жилийн хугацаанд буюу 2013-2019 оны инженерийн шугам сүлжээний ажилд нийтдээ 129.9 тэрбум төгрөг зарцуулжээ.