Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2019 оны арваннэгдүгээр сарын 25-наас арваннэгдүгээр сарын 29-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна.
Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 95 жилийн ой тохиолоо
Өдгөөгөөс 95 жилийн тэртээ Монгол нутгийн өнцөг булан бүрээс аймаг, шавь, хошууны 77 төлөөлөгч Нийслэл Хүрээнд хуран цуглаж Анхдугаар их хурлаа хийсэн түүхтэй. Энэхүү хурлаар Хаант засгаас Бүгд Найрамдах засаглалд шилжин, хамжлагат ёсыг халсан анхдугаар Үндсэн хуулийг 15 хоног хэлэлцэж, 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр баталж байсан юм. Анхдугаар Үндсэн хуулиар бүх шатны Ардын хурал нь шинэ төрийн үндэс болохыг хуульчлахын хамт ард түмнээс төрийн хэрэгт оролцох эрх чөлөөг Монгол Улсын түүхэнд анх удаа тунхаглан зарласан байна. Монгол Улс түүхэндээ 4 удаа Үндсэн хуулиа баталсан байдаг агаад хамгийн сүүлд буюу 1992 онд баталж байв. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу \2019.11.26\ Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн уг эхийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нотлон баталгаажууллаа. Түүхэн энэ өдөр Монгол Улсын төр засгийн удирдлага, ард иргэдийн төлөөлөл уламжлал ёсоор Их жанжин Д.Сүхбаатар, Эзэн Чингис хааны хөшөөнөө цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ.
Хотын захирагч “Ид шидийн орон-2” -оор зочиллоо
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр “Лантуун дохио” ТББ-ын хэрэгжүүлж буй “Ид шидийн орон-2” хүүхэд хамгаалал хөгжлийн төвд зочиллоо. “Лантуун дохио” ТББ 2012 онд байгуулагдсанаасаа хойш нийгэмд тустай, тэр дундаа хүүхэд багачууд рүү чиглэсэн үйл ажиллагааг тасралтгүй явуулж иржээ. Анх “Ид шидийн уут” аяныг санаачлан хотын захын гэр хорооллын хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг өгдөг байсан аж. Харин нэг удаа бэлэг өгөөд гарах биш, хүчирхийлэлд өртсөн, хүнд нөхцөлтэй үлдэж буй хүүхдүүдэд арай өөр бодитойгоор туслахаар шийдэн хүчирхийлэл үйлдэгдэж буй хамгийн хүнд нөхцөлтэй газрыг судлан Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Баянхошуунд “Ид шидийн орон-1” төслийг 2017 онд хэрэгжүүлжээ. Тэгвэл энэ онд Баянзүрх дүүргийн Улиастайн шинэ эцэст “Ид шидийн орон-2” төслөө ийнхүү хэрэгжүүлэн одоогийн байдлаар барилгын ажлын явц 80 хувьтай явж байгаа, цаашид ч хийх зүйл их байна хэмээн “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан хэллээ. Хотын захирагч С.Амарсайхан ”Энэ сайхан арга хэмжээнд 200 гаруй залуучууд сэтгэлээрээ, ямар нэгэн болзолгүйгээр оролцсон байна. Би нийслэлийн Засаг даргын хувьд өөрт хуулиар олгогдсон эрх үүргийнхээ хүрээнд төвийн үйл ажиллагааг цаашид дэмжиж ажиллана. Залуучууд итгэл сэтгэлээ нэгтгэж ажиллаж чадвал ямар том зүйлийг бүтээж чаддагийн жишээг та бүхэн харуулжээ. Монголын ирээдүй болсон хүүхэд багачууд руу хандсан, тэдэнд хөрөнгө оруулалт хийсэн гэгээлэг, бүтээлч, оюунлаг, сайхан ажил болжээ. Хүүхдүүдийн нэрийн өмнөөс та бүхэнд залууст талархаж байгаагаа илэрхийлье” хэмээсэн юм.
PM10 буюу том ширхэгт тоосонцорын хэмжээ 60 орчим хувиар буурчээ
Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, нийслэлийн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал нар сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ сарын 26-28-ны өдрүүдэд угаарын хийнд хүнд, хөнгөн хэлбэрээр хордсон гэх дуудлагыг Яаралтай түргэн тусламжийн төвд 18 өрхийн 40 иргэн өгч, эмнэлгийн тусламж, зөвлөгөө авсан байна. Агаарын чанартай мэдээллийн хувьд өнгөрсөн долоо хоногийн хувьд PM10 буюу том ширхэгт тоосонцрын хэмжээ өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад 60 орчим хувиар буурсан, PM2.5 буюу нарийн ширхэгт тоосонцор 50 орчим хувиар буурсан үзүүлэлт гарсан талаар нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал мэдээллээ.Нийслэлийн Онцгой комиссын дарга, хотын Захирагч С.Амарсайхан хүйтний эрч чангарч галлагааны үе эхэлсэнтэй холбогдуулан төвийн зургаан дүүргийн Засаг дарга нарт сайжруулсан түлшний түгээлт, нийлүүлэлтэд анхаарал хандуулж, алслагдмал хороодуудад түлшийг хүргэлтээр хүргэх үүрэг даалгаврыг өгсөн байна. Уг үүрэг даалгаврын хүрээнд сайжруулсан түлш тасарсан цэгүүдийн мэдээллийг иргэд нийслэлийн мэдээ пэйж хуудсанд илгээх боломжтой талаар НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар хэллээ. Иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу холбогдох албаныхан яаралтай арга хэмжээг авч ажиллах аж. Нийслэлийн төрийн болон нутгийн захиргааны байгууллагын ажилтан албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, галлагааны зөвлөмжийг хүргэж, түлшний түгээлт нийлүүлэлтэд ээлжээр ажиллаж байгаа талаар мөн мэдээллээ.
“Хор баяртай” хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
Эрүүл мэндийн яам, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, ЦЕГ-ын харьяа Мөрдөн байцаах алба, нийслэлийн Боловсролын газар, MCDF group байгууллагууд хамтран “Хор баяртай” аяныг хамтран хэрэгжүүлэхээр болжээ. Энэхүү аяныг JCI Монгол байгууллагын “One community” төслийн хүрээнд JCI Гранд салбар байгууллагаас санаачилсан юм байна. Уг төслийн зорилго нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад тамхины хор, хөнөөлийг ойлгуулах, өсвөр насны хүүхдүүдийн дундах тамхины хэрэглээг бууруулахад мөн Төрийн албан хаагчдын тамхины хэрэглээг багасгахад чиглэж байгаа аж. Хор баяртай аяныг сарын хугацаанд хэрэгжүүлнэ.
“Гадаадад тэтгэлэгтэй суралцацгаая” арга хэмжээ болно
“Гадаадад тэтгэлэгтэй суралцацгаая” боловсролын нээлттэй үйл ажиллагааг энэ сарын 30-ны өдрийн 09:00-18:00 цагт Тусгаар тогтнолын ордонд болох аж. “Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл” НҮТББ-аас санаачлан Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Хилийн чанад дахь Монголчуудын холбоо” ТББ-тай хамтран тус өдөрлөгийг хоёр дахь удаагаа зохион байгуулах аж. Тус үйл ажиллагаа нь гадаадад болон эх орондоо тэтгэлэгтэй суралцах, гадаад оронд суралцаж байгаа болон суралцаж төгссөн салбар бүртээ манлайлагч залуучууд өөрсдийн мэдлэг чадвар, туршлагаасаа хуваалцан, орон орны боловсролын тогтолцоо, тус улсад суралцахад анхаарах зүйлс, хоёр улсын харилцаа гэх мэт олон талын зөвлөгөө, мэдээллийг өгдгөөрөө онцлог. Мөн үйл ажиллагааны үеэр мэргэжлээ хэрхэн зөв сонгох, карьер төлөвлөлтийг хэрхэн хийх зөвлөгөө, мэдээллийг өгөх юм.
Стандартын шаардлага хангасан тохиолдолд үйлчилгээнд гаргах боломжтой
“Зорчигч тээвэр гурав” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт Монголд үйлдвэрлэсэн “МОН-30” маркийн хоёр ширхэг цахилгаан автобусыг нийслэлийн Тээвэр үйлчилгээний газраас хүлээлгэсэн өгсөн. Нийт тэрбум орчим төгрөгийн өртөгөөр худалдан авсан дээрх хоёр цахилгаан автобусыг тээврийн үйлчилгээнд зориудаар гаргахгүй байгаа тухай ташаа мэдээлэл олон нийтийн сүлжээгээр гарсан. Иймд “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын дарга дарга Б.Цолмон, Техник технологийн хэлтсийн дарга Р.Баясгалан, ахлах инженер Ц.Мөнхбаатар нар өнөөдөр хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл өгч, тэдний хамт туршилтын зорчилт явууллаа. “МОН-30” цахилгаан автобусыг туршилтаар явуулахад Ч:25 “Тоосгоны үйлдвэр-их Тойруу-3, 4-р хороолол” чиглэлд явуулахад 100 хувийн цэнэгтэйгээр хамгийн бага км-тэй 6.5 рейс явахаас 2.5 рейсийг гүйцэтгэжээ. Ийнхүү хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлтэй “МОН-30” цахилгаан автобусыг 84 хувийн цэнэгтэй 5.1 км зайд туршилт хийхэд 7 хувийн цэнэг зарцуулж байв. Албаныхан цэнэглэгдсэн зай хураагуураар илүү олон км зам туулах хүчин чадалтай, том оврын автобусны стандарт шаардлагыг хангасан тохиолдолд нийтийн тээврийн үйлчилгээнд гаргах боломжтой гэв.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийг зохицуулах шинэчилсэн журам гаргана
НИТХ-ын ээлжит 29 дүгээр хуралдаанаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явц, цаашид авч хэрэгжүүлэх ажлын тухай хэлэлцлээ. Танилцуулгыг нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг хийв. Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд 2013-2019 онд Улаанбаатар хотод 1848 айлын газрыг чөлөөлж, 7227 айлын орон сууц ашиглалтад орсон байна. Үүнээс 1429 айл гэр хорооллоос орон сууцанд орж, 6468 яндан буусан гэсэн дүн гарчээ. “2019 оны хувьд 3086 айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. 2013-2019 оны инженерийн шугам сүлжээний ажилд нийтдээ 129.9 тэрбум төгрөг зарцуулсан. Цаашид инженерийн шугам сүлжээнд хөрөнгө оруулалт хийснээр 13.794 нэгж талбар газар чөлөөлөгдөж 79.239 орон сууц шинээр ашиглалтад орох боломжтой” гэж нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг хэллээ. Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төслийг зохицуулах журмын гол зорилгыг тодорхой болгож, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн Эрх зүйн байдлын тухай хуультай уялдуулж яаралтай шинэчилсэн журмыг боловсруулахыг НИТХ-ын дарга Р.Дагва холбогдох албаныханд үүрэг болголоо.
Нийслэлийн засаг даргын нэрэмжит нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын спортын хоёрдугаар наадам боллоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, биеийн тамир, спортын хамтлагийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, тэдний идэвх сонирхлыг дэмжих, хөдөлгөөний хомсдлоос сэргийлэх, эрүүл мэндийг бэхжүүлэх зорилгоор Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын ажилтан, албан хаагчдын дунд 2019 онд хоёр дахь удаагаа спорт наадмыг зохион байгууллаа. Хоёрдугаар наадмыг ширээний теннис, дартс, ажлын байрны дасгал, волейбол, сагсан бөмбөг гэсэн спортын 5 төрлөөр 2 үе шаттай зохион байгуулсан. Спорт наадмын шигшээ тэмцээнийг 2019.11.24-26-ны өдрүүдэд Ширээний теннисний “Оч” клуб болон “Буянт–Ухаа” спортын ордонд зохион байгууллаа.
Бага Шар хоолойн Бэрх төгөл болон Дээндийн нурууг орон нутгийн тусгай хамгаалалтад авахаар боллоо
Нийслэлийн ИТХ-ын ээлжит ХХIX хуралдаанаар хоёр байршлыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Гачуурт голын хөндийн Бага Шар хоолойн Бэрх төгөл орчмын хүлэрт намгархаг 103 га газар болон Дээндийн нурууны ховор амьтан, ургамлын баялаг нөөцтэй 6130 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тогтоолын төслийг хуралдаанд Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан танилцуулсан юм. Нийслэлийн нутаг дэвсгэрт улсын тусгай хамгаалалттай газар 3, орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газар 4, дүүргийн хэмжээнд тусгай хамгаалалтад авсан газар 24 байдаг бөгөөд орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газруудын харуул хамгаалалт, ашиглалт, менежментийн үйл ажиллагааг нийслэлийн Байгаль орчны газар хариуцдаг байна. орон нутгийн тусгай хамгаалалтад авахаар оруулж ирсэн Дээндийн нуруунд Монгол орны ховор амьтны жагсаалтад орсон буга үржиж байгаагийн дээр хотжилтын нөлөө, мал бүхий иргэдийн суурьшлын бүс тэлж буйгаас шалтгаалж сүүлийн жилүүдэд энд зэрлэг амьтад олноор нүүдэллэж ирэх болжээ. Тиймээс нэг талаар зэрлэг амьтдыг харж хамгаалах, нөгөө талаар нийслэлчүүд хүүхэд багачуудтайгаа байгальд очоод ан амьтдыг ойроос харуулдаг байгалийн цогцолборт газар бий болгох зорилгоор орон нутгийн хамгаалалтад авахаар санал оруулж ирсэн гэдгээ нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга дарга онцолсон.
Амралтын өдрүүдэд Богд хан уул руу нийтийн тээврийн хэрэгсэл явуулах боломжтой гэдгийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хэлж, хариуцсан орлогч энэ асуудлыг ойрын хугацаанд шийдэхээр боллоо. Ингээд төлөөлөгчдийн 78.79 хувийн саналаар хуралдаанд оруулсан асуудал дэмжигдсэнээр Баянзүрх дүүргийн Гачуурт голын хөндийн Бага Шар хоолойн Бэрх төгөл орчмын хүлэрт намгархаг 103 га газар болон Дээндийн нурууны ховор амьтан, ургамлын баялаг нөөцтэй 6130 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авахаар боллоо.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс