Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн ажлын албаны дарга, комиссар Д.Дуламсүрэнтэй ярилцлаа.
–Шуналаа дарах нь авлигаас урьдчилан сэргийлэх хэлбэр-
-Авилгатай тэмцэхэд эмэгтэйчүүдийн оролцоо хэр чухал байдаг вэ?
-Эмэгтэйчүүд өөрсдөө маш онцлог субьект юм. Гэр бүл болон нийгэмд чухал үлгэр дууриалал үзүүлж чаддаг. Төрийн албан хаагч эмэгтэй хүний хувьд бусад албан хаагч болон хамтран ажиллаж байгаа хүмүүсдээ чухал байр сууринаас хандаж, шинийг сэдэж, идэвх санаачлагатай ажиллаж чаддаг.
Авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийгмийг соён гэгээрүүлэхэд эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо чухал байдгийг олон улсын туршлагаас харж болно. Авлигын эсрэг чиглэсэн аливаа ажилд иргэдийг чадавхжуулах, энэ талын мэдлэгийг бий болгоход орон нутагт ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн байгууллага, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй эвлэлдэн нэгдсэн төрийн бус байгууллагууд чухал ажлуудыг хийх боломж харагдаж байна.
“Авлигагүй нийгмийн төлөө” төслийг 21 аймагт хэрэгжүүлснээр авлигатай холбоотой гэж үзэхүйц олон зөрчил, дутагдлыг нийгэмд ил болгосон байна. Энэ мэт зөрчлүүдийг арилгах, дахин гаргуулахгүй байх тал дээр тодорхой нөлөөллийн зөвлөмж зөвлөгөөг эмэгтэйчүүдийн байгууллага гаргаад ажиллаж байна. Үүнийг хэрэгжүүлэхэд ач холбогдол өгч, хамтран ажиллах шаардлагатай.
Асуудлыг зөвхөн Авлигатай тэмцэх газар гэлтгүй үүнийг хариуцсан бусад салбарын байгууллагууд анхааралдаа авах нь зүйтэй. Эмэгтэй хүн дайчин, найдаж болохуйц хүмүүс байдаг. Ийм хүмүүсээс гарч байгаа санал санаачлагыг хэрэгжүүлэхэд тодорхой системтэйгээр ажиллах хэрэгтэй. Авлигатай тэмцэх ажлыг 21 аймагт эхлүүлж, төрийн байгууллагууд дэмжвэл ач холбогдол өндөр, утга учиртай ажил болно.
Авлигын асуудлыг яриад өнгөрөх биш зөрчил, дутагдлыг арилгах чиглэлээр тууштай ажиллах хэрэгтэй. Ихэнх хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийг харахад ямар нэг асуудлыг гаргаж ирдэг боловч бодитоор ажиллаад үр дүнд хүрсэн тохиолдол харьцангуй бага байна.
Хүн байгаа цагт ашиг сонирхол байна. Төр байгаа цагт шийдвэр гарна
-Авлига өгдөг, авдаг асуудал Монгол хүний шуналтай холбогдох ойлголт мөн үү?
–Хүн байгаа цагт тэнд ашиг сонирхол байна. Төр байгаа цагт тэнд ямар нэг шийдвэр гарна. Тэр шийдвэрийг гаргуулахын тулд өөртөө болон бусдад ямар нэг байдлаар давуу байдал олгох нөхцлийг бүрдүүлэх нь ашиг сонирхлыг дагуулдаг. “Авлига бол шунал юм” гэдэг эрдэмтдийн тодорхойлолт хүртэл байдаг.
Шуналаа тодорхой түвшинд дарах, шуналгүй байх механизмыг бүрдүүлнэ гэдэг нь авлигаас урьдчилан сэргийлэх хэлбэр юм. Хээл, хахууль авсан хүний шийтгэл хатуу чанга байдаг нь тэр хүний хүсэл зоригоос гадуурх үйл ажиллагааг хааж байна гэсэн үг юм. Хүн хариуцлага хүлээнэ гэдэг айдастай байж байж зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлэх ухамсрыг өөртөө төлөвшүүлнэ.
Судлаачдын үзэж байгаагаар зарим тохиолдолд маш хатуу цээрлүүлэх нь хамгийн том урьдчилан сэргийлэх ажил болдог байна. Шуналыг тэвчдэг байх ёстой. Ялангуяа төрд зүтгэж байгаа хүмүүс төрийн болон нийтийн ашиг сонирхлын төлөө ажиллаж байгаагаа нэн түрүүнд ухамсарлах ёстой. Тэрнээс хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх гэж төрд “шургалдаг” асуудлыг тэвчиж болохгүй.
Төрийн албан хаагчдын хувийн ашиг сонирхолыг төр хянаж, зохицуулж, зарим зүйлийг хориглож, шаардлагатай тохиолдолд арга хэмжээ авах буюу “мөнхийн цэвэрлэгээ”-г хийж байх нь хяналтыг бэхжүүлэх нөхцлийг бүрдүүлэх юм.
Хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх гэж төрд “шургалдаг” асуудлыг тэвчиж болохгүй
-Авлигын эсрэг эмэгтэйчүүдийн дуу хоолой нийгэмд хэр хүрдэг юм бэ?
-Хамгийн тууштай хүмүүс бол эмэгтэйчүүд байдаг. Өнөөдөр дэвшүүлж байгаа саналынхаа төлөө эцсээ хүртэл явж, үр дүнд хүрэхийн тулд зүтгэх ёстой. Энэ асуудлаар хурал хийж, зөвлөмж гаргаад орхивол дараа дараагийн бүх зүйл зогсоно. Тиймээс бодит ажил болгохын төлөө аль аль талдаа санаачлага гаргаад нэгдэж ажиллах хэрэгтэй.
-Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг цаашид сайжруулах хэрэгтэй юу? Энэ талаар та ямар саналтай байна?
-Авлигатай тэмцэнэ гэдэг маань урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлаар хязгаарлагдахгүй. Гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах, шийтгэл хүлээлгэх гээд цогц ойлголт. АТГ-ын үйл ажиллагаа хараат бус, бие даасан байх ёстой. Энэ байгууллагыг үр дүнтэй ажиллуулахын тулд эрх зүйн орчин хангалттай түвшинд бүрдсэн, чадварлаг боловсон хүчинтэй, ажиллах санхүүжилт, төсөв хөрөнгө нь хангалттай түвшинд бүрдсэн байх ёстой. Нэг үгээр төр засгаас хараат бусаар ажиллах боломжийг нь бүрдүүлэх ёстой.
Хүчирхэгжүүлнэ гэдэг нь эрх зүйн орчинг улам сайжруулах, алба хаагчдыг улам чадавхжуулах, ажиллах нөхцөл боломжийг хангалттай түвшинд бүрдүүлэх, бүх боломжоор нь хангаж өгөх хэрэгтэй гэсэн үг. Нийгмийн зүгээс авлигын гэмт хэргийг яаралтай мөрдөн шалгаж, хариуцлага хүлээлгэхийг хүсдэг. Энэ бол нэг талын асуудал. Нөгөө талдаа урьдчилан сэргийлэх том үүрэг байдаг. Өөрөөр хэлбэл, хээл хахууль авахгүй, өгөхгүй байх энэ үүргийг ойлгуулах шаардлагатай байгаа юм.
-Авлигатай тэмцэхэд иргэдийн оролцоо хэр чухал вэ?
-Хууль хяналтын байгууллагууд бүх шатандаа чин шударгаар ажиллаж төрийн албан хаагч зөрчил гаргалаа гэхэд түүнд бодитой хариуцлага хүлээлгэдэг байх ёстой. Иргэдийг соён гэгээрүүлэх ажлыг сайн хийх хэрэгтэй байна. Иргэд өөрсдөө оролцогч гэдгээ ойлгох ёстой. Иргэн хүн хээл хахууль гээд хууль бус үйлдлийн гэрч болвол мэдээлдэг байх ёстой. Ингэж байж зөрчил багасна.
Тэгэхгүйгээр хэлэхгүй, оролцохгүй байдаг тохиолдлууд энэ мэт гэмт хэргийг “өөхшүүлэх” нэг суурь нь болоод байгаа юм. Илрүүлэх нь АТГ-ын үүрэг боловч нөгөө талдаа хамтран ажиллах нь иргэний үүрэг.