АН-ын дэд дарга Р.Амаржаргалтай ярилцлаа
-Таныг АН-ын дэд даргын ажлыг аваад удаагүй үед нь ярилцаж байхад “АН-д өртэй гэж өөрийгөө боддог. Р.Амаржаргал гэдэг хүнд тодорхой хэмжээний улс төрийн капитал, нэр нүүр, нөлөө гэж байдаг бол энэ бүхнийг АН “ашиглах” ёстой гэж та миний асуултад хариулж байсан. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд АН таныг хэр “ашиглав”. Намдаа өөрийнхөө автор болохуйц ажил та юу хийв?
-АН-ын дэд даргад өөрөө хүсээд болсон юм биш л дээ. 2016 оны сонгуулийн дараа намын удирдлага шинэчлэгдэж, намын үйл ажиллагаа шинэ өнгө аястай болох гээд оролдож байсан ийм үе. Тухайн үед АН-ын нэр хүнд болон бусад улс төрийн намын нэр хүнд нэлээд уначихсан хүндхэн цаг үед Р.Амаржаргал гэдэг нэр намд хэрэг болох байх гэж үзээд л намын дэд даргын саналыг хүлээж авсан. Намаа дэмжиж өөрийн нэрээ намдаа “ашиглуулъя” гэдэг зорилготой очсон гэх үү дээ. С.Эрдэнэ дарга намайг намын гадаад харилцааны асуудлыг илүү анхаараач гэж хэлсэн. Энэ хүрээнд үндсэндээ анхаарч ажиллалаа. Барууны чиглэлийн улс төрийн намуудын холбоо /IDU/, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн буюу “IRI”, ХБНГУ-ын Конрад-Аденауэр сантай /KAS/ хамтарч ажиллахаар нэлээд хөөцөлдсөн. Энэ хүрээнд Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн үеэрээ Монголд олон улсын томоохон хурал зохион байгуулж, 30 жилийн хугацаанд хийж бүтээсэн алдаа, оноогоо яръя гэж зорьсон. Мөн манайх шиг зовлон туулж ирсэн бусад орны улс төрийн намууд нь юу хийв гэдгийг харилцан ярих зорилготой олон улсын хурлыг ирэх арванхоёрдугаар сард хийхээр төлөвлөсөн байсан. Харамсалтай нь биднээс үл хамаарах шалтгаанаар дөрөвдүгээр сар хүртэл хойшлогдлоо. 2020 оны хоёрдугаар сарын 5,6-ны өдрүүдэд Вашингтон хотод болох IDU-гийн хурлаар өдөр нь тодорхой болох байх. Энэ хуралд С.Эрдэнэ дарга намынхаа төлөөлөгчдийг ахалж оролцоно. Хийсэн гол ажил маань энэ гэх үү дээ.
-АН-ын дотоод хагарал 2020 оны сонгууль хүртэл үргэлжлэх бололтой. Э.Бат-Үүл “Гэр хороолол” хөгжлийн нам байгуулж, Н.Алтанхуяг “Нэгдмэл Монгол” хөдөлгөөн байгуулаад, тус тус улс төрийн үйл ажиллагаагаа явуулж байх шиг байна. Мөн АН-ын Шинэчлэлийн хөдөлгөөний залуус намын даргаа огцрохыг шаардан удаа дараа мэдэгдэл хийж байгаа зэргээс харахад АН дотроо зангидсан гар шиг байж чадахгүй байгаагийн шалтгаан нь юу вэ. Намын удирдлагадаа байна уу эсвэл өөр шалтгаан байна уу?
-АН-ын өнөөгийн үйл ажиллагааг шүүмжилж байгаа хүмүүсийг би буруутгахгүй. Намаа өнгөтэй, өөдтэй байгаасай, орчин цагийн шаардлагад нийцсэн үйл ажиллагаа явуулаасай гэж чин сэтгэлээсээ хүсч байгаа байх гэж бодож байна. Урьд нь нэг практик байсан. Энэ нь намыг шүүмжлэх нэрийн дор намын удирдлагад тулган шаардаж эрх мэдэл, албан тушаалд хүрэх эсвэл сонгуулийн квот авах зорилготой хөдөлгөөн өрнүүлдэг ийм практик байсан. Өнөөдөр намаа шүүмжилж байгаа хүмүүст тийм бодол, далд санаа байхгүй байх гэж горьдож байна. Ийм түвэгтэй, ярвигтай үед улс төрийн намын явуулж байгаа үйл ажиллагаа нь олон нийтэд нийцэх болон нийцэхгүй байх аль аль нь бий. Нэг хэсэгт нь таалагдаж байгаа зүйл нөгөө хэсэгт нийцэхгүй байх нь жам ёсны асуудал. Түүнээс биш үүнд цочирдож, хол явсан дүгнэлтүүдийг хийх шаардлагагүй гэж бодож байна.
-Магадгүй АН-ын дотоод өнгө төрх нь гадна талдаа 2020 оны сонгуульд ялалт авчрах тэр итгэл үнэмшлийг буруулж байхыг үгүйсгэхгүй. АН-ын удирдлагын хувьд ирэх сонгуулийг хэр өөдрөгөөр харж байна вэ. Мэдээж нам бүр сонгуульд ялах зорилготой оролцдог?
-Асуудал нь сонгуульд ялах гэж харахгүй байна. Улс төрийн нам сонгуулийг сонирхож, идэвхтэй оролцож л таараа. Нийгэмд тулгамдсан асуудлуудыг шийдэх гарцыг олж чадаж байгаа эсэх нь нэгдэх асуудал. Хоёрдугаарт, тухайн олсон шийдлээ олон түмэнд хүргэж чадах эсэх, гуравт нь тэр хүргэсэн шийдэл нь олон нийтийн итгэл үнэмшил нь болж чадах уу, цаашлаад сонгуулийн санал болж хувирах уу гэдэг асуудал шүү дээ. Энэ чиглэлд улс төрийн намууд анхаарах ёстой болов уу. Нөгөөтэйгүүр динамик орчинд амьдрах чадвартай улс төрийн намыг төлөвшүүлэх асуудал хамгийн чухал байна. Магадгүй өнөөдөр чамд өгсөн ярилцлага маргааш ямар ч ач холбогдолгүй болох, чиний сонирхсон асуултын хариулт маргааш мөн ямар ч сонирхолгүй болчихсон байх ийм динамик орчинд бид амьдарч байна.
Гуравт, Монголын төрийн тогтолцоонд улс төрийн намын гүйцэтгэх үүрэг гэж онцгой зүйл бий. Ингэхийн тулд улс төрийн намууд нь төлөвшиж аливаад учир, ухааныг нь олдог байх чадвар суусан байх ёстой. Ингэж байж нийгмээ урагш авч явна гэсэн ийм үндсэн зорилгыг улс төрийн нам тээх учиртай. Энэ зорилгодоо хүрэхийн тулд улс төрийн нам нь ямар зохион байгуулалтад орох, үйл ажиллагаагаа яаж явуулах гэдэгт бүрэн гүйцэт төлөвшиж амжаагүй байна. Дээр хэлсэнчлэн юмсын хурдан өөрчлөлтөд улс төрийн намууд алдаж, онох замаар л явж байна. Ингээд нэг үзье, энэ болж байна эсвэл болохгүй байна гэсэн замналаар явж байна. Түүнээс биш ийм замаар яваад дараа нь ингэ, тэг гэдэг бэлэн заавар, гарын авлага алга. Хэн нь шинэ, соргог байж чадсан, хэн нь тасралтгүй өөрийгөө өөрчилж чадсан тэр улс төрийн нам урагшлан гэж би хувьдаа боддог. Тасралтгүй өөрчлөлт хийх нь зайлшгүй шаардлагын нэг хэсэг нь. Тэр өөрчлөлтийг хийж байгаа болон хүлээж авч байгаа хүмүүс нь даах чадвар байна уу гэдэг асуудал бий. Нэг хэсэг хүмүүс нь тэр өөрчлөлт, шинэчлэлтийг “Хөлөө олохгүй бужигнаад л байна даа” гэж хардаг. Эсрэгээрээ энэ нам өөрчлөгдлөө, шинэ салхи орж байна гэсэн өнцгөөс харах нь ховор байна л даа.
“АН-ЫН ӨНӨӨГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ШҮҮМЖИЛЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ БИ БУРУУТГАХГҮЙ”
-Улс төрийн намын төлөвшилтөд цаг хугацаа шаардлагатай байх. 30, 100 жилийн түүхтэй улс төрийн том хүчнүүд нь төлөвшлөө хараахан олж чадаагүй байхад шинэ намууд гарч ирэх тэр орон зай манай улсад байна уу. Сүүлд л гэхэд танай хоёр гишүүн тусдаа гарч нам байгууллаа?
-“Өөрийн бодол өөртэй зөв” гэж үг бий. Тэр хүмүүс улс төрийн шинэ хүчин гаргах гээд явж байгаа байх. Үүнийг нь буруутгах аргагүй. Хэн нэгэн хүн тийм бодолтой байгаа бол миний хувьд дэмжинэ. “Муу нийлснээс сайн сал” гэсэн зарчмыг би баримталдаг. Яагаад гэвэл энэ явцад байр суурь нь тодорхой болдог. Хэн хаашаа явна тэр хэрээр тодорхой ойлгомжтой болдог гэсэн үг. Намын эрхэм зорилго юу вэ гэдгээ тухайн намын өмнөөс шийдвэр гаргадаг, намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог хэсэг, мөн гишүүд, өөрийгөө улстөрч гэж боддог, зарладаг тэр хүмүүс сайн бодох ёстой. Яах гэж би энэ бүхнийг хийгээд байгаа юм гэж. Үүний цаана хоёр зүйл гарч ирдэг. Нэг нь нийгмийн буюу ард түмнийхээ төлөө үйлчлэх тэр зорилго нь анхдагч итгэл үнэмшил нь болж үүнийхээ төлөө явж байна уу эсвэл энэ гоё нэр томьёог бамбай, халхавч болгож ашиглаад өөрийнхөө амин хувийн явцуу эрх ашгаа гүйцэлдүүлэх гэж оролдоод байна уу гэдэг нь хамгийн том асуудал.
“Ингэнэ, тэгнэ” гэж хүн бүхний чихэнд таалагдсан, сэтгэлийн хөдөлгөөнийг нь өдсөн үг хэлж, ярьж байгаа хүн болгон Монголын нийгмийн төлөө, ард түмний төлөө байна уу гэвэл тийм биш байх. Тэгэхээр ард түмэн үүнийг ялгаж, салгадаг чадвартай байх нь чухал. Хэн, юу яриад байна гэдэг нь нэг хэрэг. Чухам цаана нь юу байна вэ гэдгийг олон талаас нь шүүж байж харна. Тэгэхээр улс орны хөгжлийг тодорхойлох гээд байгаа улс төрийн намуудын үйл ажиллагаанаас гадна сонгогчдын боловсролын асуудал чухал гэсэн санаа. Сонгогчид улс төр, эдийн засгийн боловсрол, улс төрийн соёлоо дээшлүүлж байж улстөрчдийн ярьж, хэлж байгааг шүүж, дүгнэх чадвартай болно. Сонгогчдын боловсрол хэр ахив гэдгийг ирэх 2020 оны УИХ-ын сонгууль шалгах том шалгуур нь болох байх.
-УИХ-ын 2020 оны сонгуульд АН-аас нэр дэвшихийн тулд намдаа 100 сая төгрөг тушаах шийдвэрийг Үндэсний бодлогын хорооны хуралдаанаараа гаргасан. Эмэгтэй нэр дэвшигчдийн хувьд 60 сая төгрөг намдаа тушаах энэ шийдвэрийг та дэмжиж байгаа юу?
-Чиний хувьд яаж шийдэх байсан?
Сэтгүүлч: Таны хариулт чухал байна.
-Намын ҮБХ асуудлыг тал бүрээс нь ярилцаж шийдвэрээ гаргасан байж таараа. Энэ дунд нь янз бүрийн үндэслэлүүд гарсан байх. Үүний цаана асуудал юундаа байна уу гэвэл орчин цагийн улс төрийн нам ямар байх, яаж зохион байгуулалтад орж үйл ажиллагаагаа явуулах уу гэдэг механизм нь ердөө олдохгүй байгаа. МАН 60 тэрбумын гэх схемийг гаргаж тэр нь буруудсан. АН өнөөдөр ийм схем гаргасан нь зөв шийдэл мөн үү гэдгийг би хэлж мэдэхгүй байна, үнэнийг хэлэхэд. Чамаас би асуухад чи надад хариулт хэлсэнгүй. Уг нь чи мэргэжлийнхээ онцлогоор олон хүнтэй уулзаж ярилцдагийн хувьд эрх биш надаас илүү ухаантай байх ёстой л доо. Янз бүрийн аргумент гаргаж ярьж болно. Хэрэв АН-ын энэ шийдвэр нь буруу гэвэл буруу л болно. Энэ нь явсаар явсаар дампуураад дуусна, нэр дэвших хүн ч олдохоо байна, нэр дэвшлээ гэхэд мөнгөтэй хүмүүс нь нэр дэвшинэ, эцэстээ ард түмний итгэл алдарч саналаа өгөхгүй 2020 оны сонгууль АН-ын хувьд талаар болох гэдэг ч юм уу. Магадгүй үүнийг зөв зохион байгуулаад хүн бүхний нүдэн дээр мөнгө босгож байгаа процесс ил тод байх нь сонгогчдод эсрэгээрээ таатай байхыг үгүйсгэхгүй. Үнэнийг хэлэхэд, би хэлж мэдэхгүй байна. Улс төрийн намын төлөвшилт гүйцэт явагдаагүй ийм нөхцөлд сонгуульд оролцох нэр дэвшигчдийн механизм үүн дотроо улс төрийн намын санхүүжилтийн тухай асуудал зайлшгүй яригдах ёстой. Магадгүй АН сонгуулийн дэнчингийн асуудал гаргаж тавьсан нь нийгмээрээ дахин энэ асуудалд анхаарал хандуулж эхэллээ. Өнөөдөртөө мөнгөн дүнгийн хэмжээ гээд асуудлын өнгөн талд цэцэрхэж ярьж байгаа байх л даа. Чи ч гэсэн тэр өнгө аясаар хатгаж, өнгөн тал руу нь хөөцөлдүүлэх гээд асууж байх шиг байна.
Үргэлжлэлийг NEWS.MN сайтаас уншина уу