Монголбанкнаас сар тутам хийдэг ээлжит хурлаа өнөөдөр /2019.11.28/ хийлээ. Мэдээллийн эхэнд Монголбанкны төлбөр тооцооны газрын захирал Э.Анар үндэсний төлбөрийн Т карт EMV чипт шилжих гэж байгаа талаар мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр “Монголбанкны зүгээс энэ сарын 10-ны өдөр Үндэсний төлбөрийн Т картыг чип технологит шилжүүлэхээр гадны мастер карт компанитай гэрээ үзэглэсэн. Монголбанкнаас 2012 оноос эхлэн үндэсний төлбөрийн Т картыг гаргаж зах зээлд нийлүүлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нийт 3.6 сая ширхэг карт хэрэглээнд байгаагаас 75.1 хувь буюу 2.7 сая ширхэг карт нь монгол банкнаас зөвшөөрөлтэй гаргадаг Т карт юм.
Төлбөрийн Т карт нь анх соронзон туузаар гарч байсан бол сүүлийн үед картны хулгайгаас үүдэн дэлхий нийтээрээ чип технологи руу шилжиж эхэлсэн. Эхний чип карт ирэх оны хоёрдугаар улирлын сүүл гэхэд гарна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.
EMV чип технологитой болсноор давуу тал нь мэдээж нууцлал аюулгүй байдал нь өндөр хэмжээнд хангагдана. Цаашид Монгол Улсад хэрэглэгдэх Т картыг чип технологит шилжүүлснээр олон улсын стандартад нийцнэ гэсэн үг. Мөн Мастер Карт байгууллагатай хамтран үндэсний Т картаар гадаадад төлбөр хийх талаар судалж байна” гэлээ.