Байгалийн түүхийн музейн барилгыг нураах засгийн газрын шийвэрийг “Эрх зүйн соёл” ТББ-аас эсэргүүцэж, шүүхэд хандаад байгаа аж. “Эрх зүйн соёл” ТББ-ын өмгөөлөгчөөр нь “Веритас партнерс” хуулийнх фирм ажиллаж байгаа юм байна. Шүүх дээр маргаан өрнөж буй үед байгалийн түүхийн музейг нураах ажлыг эхлүүлсэнд “Веритас партнерс” хуулийн фирмийн захирал, өмгөөлөгч Б.Мэргэн эгдүүцэн өөрийн фэйс бүүк хуудснаа дараах байр суурийг илэрхийлжээ.
Тэрбээр “Шүүхийн шийдвэрийг биелэгдэх шинжтэй, ач холбогдолтой байлгахын тулд шийдвэр гарах хүртэл захиргааны актын биелэлтийн түдгэлзүүлж болдог. Жишээ нь, Засгийн газраас Байгалийн түүхийн музейг нураах шийдвэр гаргасан. “Эрх зүйн соёл” ТББ нийтийн ашиг сонирхлыг төлөөлж Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж, манай “Веритас партнерс” хуулийн фирм өмгөөлсөн. Шүүхийн шийдвэр бидний талд гарч ч болно, үгүй ч байж мэднэ. Гэхдээ шийдвэр гарахаас өмнө музейг нураачихвал түүний дараа бид ялвал тэр нь ямар ч утгагүй, шүүхийн шийдвэр огт ач холбогдолгүй болно. Тиймээс шийдвэр гарах хүртэл Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэхийг зогсоох буюу биелэлтийг нь түдгэлзүүлж болдог.
Яг л ийм байдлаар бид хүсэлт гаргаж түдгэлзүүлсэн. Хүний амь нас эрүүл мэнд эд хөрөнгөд ноцтой хохирол учирахаар байвал түдгэлзүүлж болдоггүй. Гэхдээ тийм биш гэж үзсэн учраас шүүхээс түдгэлзүүлсэн. Засгийн газар ч тийм биш гэдэгтэй санал нийлж тэр тал дээр гомдол гаргаагүй. Харин томилсон шинжээчийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж гомдтол давж заалдах шатны шүүхээс санаачлагаараа түдгэлзүүлсэн захирамжийг хүчингүй болгосон.
Тэгсэн ч Засгийн газар шүүх эрх мэдлээ, шүүхээ хүндэтгээд шийдвэр гартал нураахгүй байлгаж байх боломж байсан. Харин тэд эсэргээрээ чоно борооноор гэгчээр амралтын өдрийн орой иргэдийн анхаарал сарнисан үед хойд хаалгаар техник оруулан нураалаа. Хулгайч зан гаргалаа. Засгийн газар, Боловсролын яам хууль бус шийдвэр гаргасан учир, шүүх дээр ялагдахаа мэдэж байгаа тул ийнхүү шүүхийн шийдвэр гарахаас өмнө урьтаж амжууллаа. Хуулиа дээдэлдэггүй, хулгайч Засгийн газар” хэмээв.
Н.БАТАА