Монголын улс төрийн томоохон намууд сүүлийн жилүүдэд дотооддоо нэлээн үймээнтэй байх болсон. Сонгууль ойртох тусам сөрөг хүчин АН-ынхны дотоодын зөрчил хурцдаж, 2020 оны босгон дээр энэ нам хэд ч хуваагдаж мэдэх нөхцөл байдал бий болсон тухай мэдээлэл чих дэлсэх боллоо.
АН-ын дарга С.Эрдэнэ өнгөрсөн өвөл Ж.Батзанданг намаасаа хөөж, Л.Болд Ж.Батзандангаа дагаснаар АН УИХ-д намын бүлэггүй болсон. Л.Болдыг Ж.Батзанданг дагаад намирчихна гэж тооцоолоогүй С.Эрдэнэ УИХ дахь бүлгээ тараасан бол одоо түүний шийдвэр намаа тарааж мэдэх нөхцлийг бүрдүүлж мэдэхээр болжээ.
Ирэх 2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшихийг горьлогчид 100 сая төгрөгийг намдаа тушаах юм. С.Эрдэнийн тавьсан энэ босго, тушаал ёсоор бол ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө энэ мөнгөний 40 хувийг горилогчид нь намдаа тушаах ёстой. Харин эмэгтэйчүүддээ 60 сая төгрөгийн босго тавиад буй. Намын удирдлагынхаа энэхүү шийдвэрийг эмэгтэйчүүд болон залуус хүчтэй эсэргүүцэж байгаа сурагтай. С.Эрдэнийн хатуу болзол тэднийг намаасаа гарахад ч хүргэж магадгүй байна.
Эсвэл АН дотроос дахин өөр нам салан тусгаалах уу гэдэг асуудал ч яригдаад байгаа аж. Ямартай ч твиттерт “Алтангадас салж нам байгуулна” гэж Алтангадасын нэг залуу жиргэжээ. Энэ эх сурвалжийн нийтэд хаясан мессежээр бол Н.Алтанхуяг Алтангадасаа өндийлгөн нам байгуулах гэж буй бололтой юм.
Ерөнхийлөгч Х.Баттулгын улс төрийн бодлогын зөвлөхөөр хэсэн ажилласан Н.Алтанхуягийн өнгөрсөн хоёр жилд шидсэн мессежүүд бүгд АН-ыг харуулах зорилго тээсэн байв. МАНАН бүлэглэл, Ц.Элбэгдорж бол хаан байсан. Шударга бусын хонгилын загалмайлсан эцэг нь Ц.Элбэгдорж, авлигачин С.Эрдэнээс намаа хамгаална гэх мэтээр чулуудсан үг бүр нийгэмд АН-ын нэр хүндийг Н.Алтанхуягийн нэр хүндтэй, цаашлаад Ерөнхийлөгч Х.Баттулгын байр суурьтай ганхуулж ирсэн юм.
Сүүлийн үеийн мэдээгээр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж намынхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, өөрийн хүмүүсээ 2020 оны УИХ-ын сонгуулийг чиглэсэн үйл ажиллагаанд идэвхитэй оролцуулах болсон байна. Энэ нь С.Эрдэнэ, Ц.Элбэгдорж нар гар барилцсан гэсэн үг бөгөөд тэдний хамтрал Н.Алтанхуяг болон Х.Баттулга, З.Энхболд нарыг намын дотоод үйл ажиллагаанаас шахан гаргах бодлогыг барьж байгаа гэсэн мессежийг тус намынхан өгч байгаа.
Ингээд нам ч гүй, нэр хүнд ч үгүй болж яваа Н.Алтанхуяг Алтангадасаа нам болгохоор зорьж байгаа бололтой гэсэн ойлголт нийгэмд төрж эхэллээ. Харин Ерөнхийлөгч Х.Баттулгын тухайд Н.Алтанхуягаар хийлгэх юмаа хийлгэцэн. Тэгээд ч хүссэнээр нь хангалттай ажиллаж өгөөгүй гэдэг шалтгаанаар Н.Алтанхуягаас зай барьж, АН-тайгаа илүү ойр байхыг хүсэж байгаа сураг байна.
Хэдийгээр АН-ын удирдлага Х.Баттулгын тойрон хүрээлэгчдийг намын дотоод асуудалд оролцуулахыг хүсэхгүй байгаа ч Ерөнхийлөгч 2020 оны УИХ-ын сонгуульд өөрийн хүмүүсээ нэр дэвшүүлэх ахиухан квот авахыг чухалчилж байгаа гэнэ. Х.Баттулгын хүмүүс АН-ын босгыг давж чадах уу, жийгдээд үлдэх үү гэдгийг ирэх оны нэгдүгээр сарын 1 өөрөө харуулаад өгөх юм.
Сонгуулийн тухай хуулиар Төрийн албанд ажиллаж байгаа сонгуульд нэр дэвшихийг санаархагчид 1 дүгээр сарын 1-ний өдөр гэхэд ажил албан тушаалаа хүлээлгэн өгсөн байх ёстой. Энэ хуулийн дагуу АН-аас нэр дэвшихээр хамгийн их санаархаж буй Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд тэргүүтэй, Х.Баттулгаар овоглогчид 36 хоногийн дараа ажлаа өгч чадах болох уу.
АН-д нэлээн хавчигдмал болсон Х.Баттулгын фракцынхан сонгуульд нэр дэвшигчдийн босгыг хэрхэн давах вэ гэдэг сонин. С.Эрдэнийн шийдвэрээр тэд 12 дугаар сард багтаан горилогчдын мөнгөний 40 хувийг тушаах уу. Ийм сонирхол бий юу. С.Эрдэнийн шийдвэр Х.Баттулгын фракцынхан ба Н.Алтанхуяг тэргүүтэй дайсагнагчдад тавьсан хавх байсан уу гэх мэт сонирхолтой асуултуудын хариултыг АН-ын илэн далангүй яригчид хоёр оны зааг дээр ил тод урсгах биз ээ.
Н.ЧИНЗОРИГ
1 comment
Хэнд хамаатай юм