БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани ажилчдын цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгодоггүй, ажилчдын цалингаас хууль бус суутгал /торгууль/ авч байгааг шалгуулахаар иргэнээс нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт мэдээлэл иржээ.
Энэ дагуу Сонгинохайрхан дүүргийн 32-р хороонд байрлалтай компанийн үйл ажиллагаанд хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч хяналт шалгалт хийсэн байна.
Шалгалтаар тус компанийн хятад захирал, удирдлагууд монгол ажилчдын цалинг тогтоосон хугацаанд нь олгодоггүй, тус компаниас уул уурхайн машин механизм худалдан авсан компаниудын зээлийн төлөлт хугацаандаа хийгдэхгүй тохиолдолд борлуулагч нарын цалингаас юаниар торгууль ногдуулж байгаа зөрчлийг илрүүлжээ.
Мөн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай тус компанийн захирал удирдлагуудад Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа тул Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллах талаар албан даалгавар өгч гүйцэтгэлд нь хяналт тавьж байгаа аж.
Эх сурвалж: НМХГ