Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 3-д заасны дагуу төрийн байгууллагын удирдлага тухайн жилд иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаарх дүн мэдээг жил бүр нийтэд тайлагнах, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 2-т зааснаар төрийн захиргааны төв болон орон нутгийн захиргааны байгууллагад өргөдөл, гомдол шийдвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулж, удирдах үүргийг хүлээдэг. Тэгвэл УИХ-ын 2016 оны 51 дүгээр тогтоолоор баталсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-т гомдол, мэдээлэл өгөх ил тод, нээлттэй суваг ажиллуулах, өргөдөл, гомдол, мэдээллийг цахим хэлбэрээр гаргах, шийдвэрлэх, хяналт тавих нөхцөл боломжийг бүрдүүлэхийг зарим төрийн байгууллагад хариуцуулан хэрэгжүүлэхээр тусгасан байдаг.
Энэ хүрээнд Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай хамтран төрийн байгууллагын өргөдөл, гомдол хариуцсан ажилтнуудыг оролцуулсан “Иргэдийн өргөдөл, гомдол: Шийдвэрлэлт, хяналт, тайлагналт” сэдэвт форумыг анх удаа зохион байгууллаа.
Энэхүү форумын зорилго нь иргэний гомдлыг шуурхай шийдвэрлэх, хяналт тавих боломжийг хангах, төрийн албан дахь хүнд суртлыг багасгах, авлигын эрсдлээс урьдчилан сэргийлэх, иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, ялангуяа иргэдээс хүлээн авч буй өргөдөл, гомдлын агуулга, хянан шалгах явц, шийдвэрлэлтэд хийх дүн шинжилгээний чанар, арга зүйг сайжруулахад чиглэж, төрийн байгууллагын өргөдөл, гомдол хариуцсан ажилтнуудыг чадавхжуулах явдал юм.
Форумыг нээж Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль батлагдаад удаж байна. 25 жилийн хугацаанд уг хуульд хэд хэдэн удаагийн нэмэлт, өөрчлөлт орсон. Энэ хугацаанд цаг үе, нийгмээ дагаж төр, иргэний харилцаа ч мөн адил хувьсан өөрчлөгдөж байгаа тул хуулийн зохицуулалт өнөөдрийн хэрэгцээ шаардлагыг хангаж байна уу гэдгийг анхаарч үзэх шаардлагатай. Тухайлбал, энэ хуульд төрийн байгууллагууд хууль тогтоомжоор тогтоосон өөрийн эрхлэх асуудлын хүрээг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, сурталчлах ажлыг тасралтгүй хийх ажил хангалтгүй байгаагаас хамааран иргэд тухайн нэг асуудлаар хаана, хэнд хандахаа мэдэхгүй байх тохиолдол гардаг нь иргэдийн бухимдлыг төрүүлдэг, мөн иргэдээс төрийн эрх бүхий дээд шатны байгууллагад хандсан асуудлыг доод шатны байгууллагад шилжүүлэх явдал хэвшмэл болсон нь иргэдийн төрд итгэх итгэлийг бууруулах хүчин зүйл болж байна. Өнөөдрийн форум энэ мэт асуудлуудыг хөндөж байгаагаараа онцлог юм” гэв.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Б.Ганбат “Төрийн албан хаагчид иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг хууль тогтоомжийн хүрээнд сайтар судлан шийдвэрлэх, өргөдөл гомдлыг ийш тийш нь шилжүүлж иргэдийг чирэгдүүлэхгүй байхад анхаарлаа хандуулан, шийдвэрлэх боломжгүй асуудалд хууль тогтоомжийн үндэслэлтэй хариу өгч, иргэдийн сэтгэл ханамжийн баталгааг хангаж ажиллах шаардлагатай. Төрийн байгууллагад ирсэн өргөдөл, гомдлын нэгдсэн мэдээллийн сан байгуулж, хяналтын нэгдсэн системтэй болох шаардлага тулгарч байна. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын Иргэд олон нийттэй харилцах төвийн /11-11/ системийг шинэчлэн, иргэд хэрэглэхэд хялбар, өөрийн гаргасан өргөдлийн шийдвэрлэлтийн явцын мэдээг цахимаар авах боломж бүхий шинэ системийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Төрийн албан хаагчдын дунд зохион байгуулж буй энэхүү форум цаг үеэ олсон чухал асуудал болж байна” гэж онцлон тэмдэглэлээ.
Форумаар “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлын шийдвэрлэлт, тайлан мэдээ гаргахад анхаарах асуудал”, “Засгийн газрын Иргэд олон нийттэй харилцах төвд иргэдээс хандаж гаргасан санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн нөхцөл, байдал”, “Засгийн газрын Иргэд олон нийттэй харилцах төвийн 11-11 дугаарт ирсэн мэдээлэлд хийсэн судалгааны дүн”, “Статистикийн дүн шинжилгээ хийх зарим аргууд”, “Өргөдөл, гомдлын цахим систем”, “Мэдээллийн ил тод байдал ба нууцлал”, “Захиргааны ерөнхий хууль сонсох ажиллагаа”, “Авлигын гэмт хэргийн шалтгаан” зэрэг сэдвээр илтгэл сонсож, хэлэлцүүлэг өрнүүлэв.
Төрийн байгууллагууд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлж байгаад хөндлөнгийн үнэлгээ хийлгэж нөхцөл байдлыг тодруулах, эрх бүхий байгууллага, албан тушаалтанд Зөвлөмж хүргүүлэхээр тогтлоо. Төрийн бүх шатны байгууллагын өргөдөл, гомдол хүлээн авах ажилтны мэдээллийн санг бүрдүүлж, төрийн байгууллагад хандсан иргэнийг тухайн байгууллагын хариуцсан ажилтантай шууд холбож иргэний гомдлыг шуурхай шийдвэрлэх, хяналт тавих нөхцөл боломжийг бүрдүүлэхийг АТГ зорьж байна.