УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос өнөөдөр (2017.05.11) “Сумдын сургуулийн ариун цэвэр, эрүүл ахуйн орчныг сайжруулах төсөл”-ийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Төслийг Мобиком корпораци, НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн Зөн Монгол зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байгаа юм байна.
Төслийн талаархи мэдээллийг НББСШУБХ-ны дарга Л.Энх-Амгалан, БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр, Мобиком корпорацийн ерөнхий захирал Тацуяа Хамада, НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Роберто Бэнэс, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын суурин төлөөлөгч Филип Ийвэрт нар хийлээ.
Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан мэдээллийн эхэнд, “Сумдын сургуулийн ариун цэвэр, эрүүл ахуйн орчныг сайжруулах төсөл”-ийн энэ жилийн нээлтэд оролцож байгаадаа баяртай байна. Ерөнхий боловсролын дунд сургуульд нийтдээ 800 мянга орчим хүүхдүүд суралцдаг. Үүнээс хөдөө орон нутагт 500-гаад мянган хүүхэд сурч байна.
Эдгээр хүүхдүүдээс хэд нь эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн байгууламж ашиглаж байна вэ гэсэн судалгааг хийсэн. Судалгааны үр дүн маш муу гарсан. Тиймээс нийгмийн хариуцлагыг эрхэмлэгч Мобиком корпораци төр, хувийн хэвшлийн байгууллагуудаа манлайлж, Монгол Улсын бүх аймаг, сумдын ерөнхий боловсролын сургуулиудыг боловсон, эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн байгууламжаар хангах төслийг хэрэгжүүлж байгаад талархалаа илэрхийлмээр байна” гэсэн юм.
Дараа нь төслийг хамтран хэрэгжүүлэгч Мобиком корпорацийн Олон нийт, хамтын ажиллагааны газрын захирал Э.Чинзориг дэлгэрэнгүй танилцуулгыг хийв.
Уг төслийн хүрээнд энэ жил нийт 13 аймгийн 26 сумдын ерөнхий боловсролын сургуулиудад орчин үеийн эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн байгууламжийг шинээр барихаар төлөвлөжээ. Ингэснээр нийт орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудын 23 хувь нь стандартын шаардлага хангасан боловсон ариун цэврийн байгууламжтай болох юм байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.