Төр төрлийн алба боллоо гэх шүүмжлэл хэдэн жилийн турш яригдаж буй асуудал боловч шийдэгдсэн зүйл байдаггүй. Улстөрчид ч бие биенийгээ ах дүү, амраг садангаа төрийн албанд орууллаа гэх асуудлыг хөнддөг. Гэсэн ч УИХ-ын гишүүдийн ах дүү, нөхөр, үр хүүхэд төрийн албанд томилогдон ажилласаар л байдаг юм.
Тэгвэл УИХ-ын гишүүд ах дүү, хамаатан садан, эхнэр нөхөр, үр хүүхэд нь төрийн өндөр албанд томилогдоход ямар тайлбар хийдгийг уншигч та бүхэндээ сануулъя.
Ц.Цогзолмаа: Тэр хүмүүс мэргэжлээрээ л ажилладаг
Ц.Цогзолмааг сайд байх үед нөхөр нь “Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх удирдлагаар томилсон байдаг. Мөн охин нь БОАЖЯ-ны газрын даргаар томилогдсон тухай мэдээлэл түгж эхэлсэн юм. Энэ үед сэтгүүлчийн асуултад БСШУС-ын сайд асан Ц.Цогзолмаа “Манай нөхөр мэргэжлээрээ л ажиллаад явж байгаа. Тэр хүмүүс мэргэжлээрээ л ажилладаг” гэх хариултыг сэтгүүлчдэд өгч байсан юм.
news.mn
Ж.Батзандан: Би ахынхаа ажилд оролцдоггүй
“Би дээрээ 10 ахтай хүн. Ах дүү нарын хооронд тусдаа зүйл гэж бий. Миний ажлыг миний ах заахгүй, мөн ахынхаа ажилд би оролцдоггүй. Ер нь ах дүү нар тусдаа байсан нь дээр. Монголчууд ураг төрлийн хол, уул усны ойр гэж хэлдэг. Надаас надтай холбоотой асуудлыг асууж байгаарай” гэж ярьж байв.
tovch.mn
Ч.Хүрэлбаатар: Миний ах насаараа төрд ажилллаж байгаа
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Би ахыгаа Ерөнхий консулаар томилогдоход нь ямар нэгэн байдлаар нөлөөлөөгүй. Миний ах насаараа төрд ажиллаж байгаа. Тувагийн тэргүүнтэй сайн харилцаатай ажилладаг. Үүнийг нь бодсон юм болов уу. Би санал болгоогүй, надад тийм эрх байхгүй. Нөлөөлсөн зүйл ч үгүй. Намайг хүүхэд байхад л Эрхүүд төгсөж ирээд ажлаа хийсэн. Сумын Засаг дарга, Хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн, Орос, Тувагийн бизнесийн холбоо зэрэг байгууллагад алба хааж байсан”
ikon.mn
Д.Оюунхорол: Засгийн газрын томилгоонд би нөлөөлөөгүй
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Миний нөхөр мэргэжлийн дипломатч, ЮНЕСКО-д 10 шахам жил ажиллаж байсан. Дипломат ажилтанд тавигдах наад захын шаардлага болох англи, франц, орос хэлтэй. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Гадаад харилцааны яаманд ажиллаж байсан туршлагатай. Би УИХ-ын гишүүн учраас харин ч надаас болоод хэлмэгдэж байсан байж магадгүй. Засгийн газрын томилгоонд би нөлөөлөөгүй”
ikon.mn
Н.Батаа