Энэ сарын 27-нд “Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр” тохиож байгаа билээ.
Эл өдрийг тохиолдуулан Улсын драмын эрдмийн театраас Б.Цогнэмэхийн зохиол “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгээ 19:00 цагт тоглохоор болжээ.
Энэ удаад “Тэнгэрийн хүү” Модун Шаньюйд соёлын тэргүүний ажилтан Г.Алтангэрэл тоглох юм байна.
УДЭТ-ын жүжигчин Г.Алтангэрэл нь энэ сарын 6-11-нд БНСУ-ын Сөүл хотноо болсон Хоёр хүний жүжгийн 19 дэх удаагийн олон улсын фестивальд гэргий жүжигчин Г.Номууны хамт оролцож “Special Performance” шагналын эзэн болсон юм.
Харин энэ удаа найруулагч Н.Наранбаатарын бүтээл “Тэнгэрийн хүү” жүжгийн Түмэн Шаньюйд гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Түмэн Шаньюйн их хатан Моголд ардын жүжигчин, төрийн шагналт Н.Сувд, бага хатан Шунхуйд гавьяат жүжигчин Ж.Оюундарь, Арваадай хунтайжид жүжигчин Т.Сэргэлэн, Лүүсүү ванд ардын жүжигчин П.Цэрэндагва нар тоглоно.
Ташрамд дуулгахад, уг жүжгийн Модун Шаньюйгийн дүрд өмнө нь жүжигчин Г.Эрдэнэбилэг тоглож байсан юм.