ҮСХ-ны Даргын зөвлөлийн энэ сарын 19-ний өдрийн ээлжит хурлаар Жендэрийн статистик үзүүлэлтийн хамрах хүрээ, аргачлалын төслийг шинэчлэн баталлаа. Үзүүлэлтийн хүрээний төсөлд нийт 14 бүлгийн 241 үзүүлэлтийг хамруулав. Нийт үзүүлэлтийн 12 нь Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийг тооцох байв.
Эдгээр үзүүлэлтийн 129-ийг нь албан ёсны болон захиргааны статистикийн мэдээллээс тооцож болно. Тухайлбал, 96 үзүүлэлтийг статистикийн судалгаанаас, 16 үзүүлэлтийг статистикийн тооллогын мэдээллээс тооцох боломжтой.
Жендэрийн статистикийн үзүүлэлтийг тодорхойлох ойлголт, аргачлалыг олон улсын нийтлэг арга зүйд нийцүүлэх, үзүүлэлтийн нэгдсэн систем бий болгон бүх түвшний хэрэглэгчдийг нэгдсэн ойлголт, тодорхойлолт, арга зүйгээр хангах ажлыг ҮСХ-ноос холбогдох байгууллагуудтай хамтран хийж байна. Ялангуяа эмэгтэй, эрэгтэй хүмүүс, охид, хөвгүүдийн нөхцөл байдлыг бодитойгоор олж харах боломжтой статистик мэдээллийг цуглуулах, эмхэтгэх, түгээх ажлыг хийж хэвшүүлэх, баримтад тулгуурласан бодлогуудыг томъёолж, тэдгээрийн нөлөөг хэмжиж, үнэлж дүгнэхэд жендэрийн статистик мэдээлэл зайлшгүй шаардлагатай болоод байгаа юм.
Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ