Дэлхийн цаг агаар сүүлийн 80 жилд 0.85°С-аар дулаарсан байхад манай оронд 2.4°С-аар буюу даруй 3 дахин эрчимтэй дулаарсан байна. Гэтэл энэ хугацаанд хур тунадас нэмэгдээгүй, ургамал ургалтын хугацаанд харин ч буурсан нь манай оронд газар тариалан эрхлэх нөхцөлийг улам бүр хүндрүүлж байна. Энэ нь ган, зуд, үер бороо, салхи зэрэг цаг агаар-уур амьсгалын аюултай үзэгдлийн давтамж нэмэгдэх, хэт халалтын давтамж, түүний эрчим нэмэгдэх, газрын гадаргын ууршуулах чадамж ихсэж, хөрсний чийгийн тэнцэл алдагдах, улмаар усны нөөц хомстох, таримлын ургацын хэлбэлзэл ихсэх, ургамлын хортон шавжийн дэгдэлт болох зэрэг байгаль-нийгэм эдийн засгийн ихээхэн сөрөг үр дагавар дагуулж байгааг олон улсын болон үндэсний эрдэмтэн судлаачид тогтоогоод байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын Тариаланчдын Үндэсний Холбоо, Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл хамтран “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон газар тариалан” сэдэвт онол-үйлдвэрлэлийн бага хурлыг 11 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд Улаанбаатар хот, ХХААХҮЯ-Ны хурлын танхимд зохион байгуулж байна. Тус хурлыг Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг шинжлэх ухааны үндэслэлтэй бие даасан салбар болгон хөгжүүлсний түүхт 60 жилийн ойн баярын хүрээнд зохион байгуулж байна.
Хуралд ХХААХҮЯ, тариалан бүхий аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газрууд, МХЕГ, ХААИС, Ургамал газар тариалангийн хүрээлэн, Монгол орны Баруун, Зүүн бүсийн шинжлэх ухааны хүрээлэнгүүд, Монголын Тариаланчдын Үндэсний холбоо, түүний орон нутаг дахь салбаруудын төлөөлөл, газар тариалангийн аж ахуйн нэгжүүд зэрэг салбарын олон байгууллагуудын төлөөллүүд, нийт 100 гаруй төлөөлөгчид оролцож байна.
Энэхүү онол-үйлдвэрлэлийн бага хуралд Шинжлэх ухааны ололтод суурилсан газар тариалангийн хөгжил, өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, Хөрсний цомхтгосон ба тэг элдэншүүлэгийн ач холбогдол, шийдвэрлэх асуудлууд, Зусах буудайг бордох технологи, органик бордооны нөлөө, Хөрсний чийгэнд цомхтгосон элдэншүүлгийн үзүүлэх нөлөө, олон улсын туршлага, Тариалангийн талбайн түүх хөтлөлт, баримтжуулалт, Усалгааны технологи, ус хэмнэх шийдлүүд, автоматжуулалт, Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд нийцсэн үр, сортын сонголт, үрийн аж ахуй, Үр тариа, тосны ургамлын тариалан дахь ургамал хамгааллын бодисын хэрэглээ, Буудайн ургацад сэлгээний нөлөө, Зүүн бүсийн үр тарианы тариалангийн технологи, тулгамдсан асуудлууд, Баруун бүсийн үр тарианы тариалангийн технологи, тулгамдсан асуудлууд сэдвээр илтгэл, танилцуулга хийж оролцох юм.
Тус онол-үйлдвэрлэлийн бага хурлаас “Газар тариаланд уур амьсгалын өөрчлөлтөөс үүсэх эрсдэлийг бууруулах, дасан зохицох арга замууд” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, салбарын бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчдын төвшинд, сургалт, эрдэм, шинжилгээ, судалгааны байгууллагуудын төвшинд, хэрэгжүүлэх төвшинд буюу аж ахуйн нэгжүүд, тариаланчдын төвшинд хийх ажлуудыг дэс дараатай төлөвлөж, зохион байгуулж гүйцэтгэх талаар зөвлөмж боловсруулах юм.
Өнгөрсөн 60 жилийн хугацаанд манай улс Атар 1, 2, 3-р аяныг зарлаж, амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар, ургац хураах техникийг 85 хувь, зүтгэх хүчний тракторын 75 хувь, ХАА-н чиргүүл, дүүжин машины 65 хувийг тус тус шинэчилж, буудай, төмсний хэрэгцээгээ 100 хувь дотоодын үйлдвэрлэлээр хангаж байна.
Эх сурвалж: ХХААХҮЯ