Бусдын фэйсбүүкээр нэвтрэн орж, олон удаа залилан хийсэн этгээдийг Цагдаагийн байгууллага илрүүлжээ. Тус хэлтэст энэ сарын 18-ны өдөр “Миний фэйсбүүкээр хүн нэвтэрч, манай найзуудаас хоёр сая төгрөг авсан байна” гэсэн гомдол иржээ. Энэ гомдлын дагуу шалгахад 49 настай эмэгтэй М-н фэйсбүүк хаягаар 21 настай эрэгтэй Б гэгч нь орж бусдаас 1.400,000 төгрөг авсан байжээ. Хэргийг шалгах ажил үргэлжилж байна.
Мөн Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид олны танил хүмүүсийн зураг ашиглан хуурамч хаяг нээж, 350 гаруй хүнийг хохироосон байж болох 18 настай эмэгтэйг шалгаж байна. 18 настай эмэгтэй 350 гаруй хүнд 16 сая орчим төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдоод байгаа ч хохирогчийн тоо цаашид өсч магадгүй гэж байна
Сүүлийн үед иргэд хуурамч веб сайт, холбоосоор нэвтэрч хувийн нууцлал аюулгүй байдлаа алдаж санхүүгээр хохирох, онлайнаар бараа материал захиалж залилуулах, хэн нэгэн олны танил эрхмүүдийн зурагтай хуурамч хаягаар явуулж байгаа уралдаанд оролцож хохирох тохиолдол их гарч байна.
Иймд иргэд:
- Эх сурвалж тодорхойгүй аливаа холбоос линкэнд нэвтэрч хувийн мэдээллээ алдахаас урьдчилан сэргийлэх,
- Чанартай найдвартай аль болох урьдчилгаа мөнгө авдаггүй газраас онлайн худалдан авалт хийх,
- Хэн нэгэн олны танил эрхмүүдийн зурагтай мөнгө, бэлэг дурсгал амласан уралдаан тэмцээн бусад мэдээлэлд итгэж өөрийн мөнгө санхүүгээр хохирохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.