Авлигатай тэмцэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан хуулийн төслийг баталсан тухайгаа Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдээллээ. Хуулийн төслийг Украины парламент өнгөрсөн сард дэмжсэн юм.
Шинэ хуулиар авлигын хэргийн талаар баттай мэдээлэл өгсөн хүнд авлигын мөнгөний 10 хувийг шагнал болгон авахаар болж байна. Гэхдээ мэдээлэгдсэн авлигын доод хэмжээ нь Украиний хөдөлмөрийн хөлсний хэмжээнээс 5000 дахин өндөр байх шаардлагатай юм байна. Мөн хуульд мэдээлэл дамжуулагчийг хамгаалах заалт туссан бөгөөд хэрвээ авлигын хэргийн тухай худал баримтыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараавал мөн хариуцлага хүлээхээр болж байгаа аж.
Иргэд авлигын мэдээллийг тухайн байгууллагын удирдлага, хэвлэл мэдээлэл, иргэний байгууллага, үйлдвэрчний эвлэл, Үндэсний Авлигатай Тэмцэх Газрын аль алинд нь өгч болно. Мэдээллийн дагуу хариуцсан газрууд шалгалт хийж, урьдчилсан дүгнэлтийг 10 хоногийн дотор мэдээлэгчид хэлэх ёстой юм байна.
Үүний дараа тухайн байгууллага дотроо шалгалт явуулах, эсвэл хуулийн байгууллагад хандаж шалгуулах эсэхийг шийднэ. Мөрдөн шалгах ажил 30 өдөр, шаардлагатай тохиолдолд 60 өдөр хүртэл үргэлжлэх ба шүүхийн байгууллага хэргийг хянаад, мэдээлэл өгсөн хүнд шагнал өгөх эсэхийг шийдэх гэнэ.
Эх сурвалж: Radio Free Europe