Монгол Улс, ОХУ хоорондын байгуулсан цэрэг техникийн хамтын ажиллагааны хүрээний хѳтѳлбѳрт тусгагдсанаар Оросын холбооны улсаас Монгол улсад пуужингийн систем мѳн сѳнѳѳгч онгоц үнэ тѳлбѳргүй нийлүүлэх ёстой аж. Үүний дагуу Монгол Улсын нисэх хүчин өнгөрсөн баасан гарагт буюу 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ОХУ-аас “МиГ-29” загварын хоёр сөнөөгч нисэх онгоц хүлээн авчээ.
Дөрөвдүгээр үеийн энэхүү сөнөөгч онгоц нь 2,400 км/цаг хурдтайгаар 1,430 км зайг туулах чадвартай бөгөөд зэвсэглэлдээ 30 мм пулемёттой, дөрвөн тонн жинтэй төрөл бүрийн бөмбөг, пуужин тээвэрлэх боломжтой юм байна.
Байлдааны сөнөөгч онгоцтой болсноор тайван цагт Монгол Улсын батлан хамгаалах хүчин чадал нэмэгдэж, өөрийн агаарын орон зай, агаарын хилээ хамгаалах, манай улсын дээгүүр дамжин өнгөрч буй онгоцнуудад агаарын сахилга бат сахиулах, шаардлагатай бол устгах, албадан буулт хийлгэх зэрэг үүрэгтэй аж.
Өмнө нь 2016 оны 06 сарын 18-ны өдөр анх удаа ОХУ-аас цоо шинэ 4 ширхэг Су-27 ангиллын сөнөөгч онгоц хүлээн авсан байдаг. Түүнчлэн ОХУ-аас нэмж 8 ширхэг Су-27 ангиллын сөнөөгч онгоц, 5 ширхэг МиГ-29 ангиллын сөнөөгч онгоц болон АНУ-аас 3 ширхэг С-130 загварын цэргийн тээврийн нисэх онгоц худалдан авах төлөвлөгөөтэй байгаа тухай мэдээлэл гарч байсан юм.
Ямартай ч 5 ширхэг МиГ-29 ангиллын сөнөөгч онгоцны хоёр нь Монголын нисэх хүчинд ирж байгаа бололтой. Дашрамд дуулгахад манай улсын нисэх хүчний нисэгчид Су-27, МиГ-29 болон Су-25 ангиллын онгоцнууд дээр ОХУ-д бэлтгэгдэж байгаа юм байна.
МиГ-29 онгоцны талаар “Баагий баагий” гэж нэртэй фэйсбүүк хэрэглэгч дараах порстыг оруулсаныг уншигч та бүхэндээ сонирхуулъя.
Энэ постыг урд нь оруулж байсан ч дахин оруулмаар санагдлаа. Ингээд МиГ-29 ийн талаар товчхоон дурдъя.
МиГ- 29 нь зөвлөлт оросын дөрөв дэх үеийн сөнөөгч. 1982 оноос МиГ-29-ийг бөөнөөр үйлдвэрлэж эхэлжээ. Оросын нисэх хүчний зэвсэглэлд 1983 оны наймдугаар сард нийлүүлэгдсэн. Дараагийн жилүүдэд нь МиГ -29 онгоцны зохион бүтээлтэд зарим нэг өөрчлөлт орсон юм. Одоо “МиГ” корпараци МиГ-29 онгоцны сайжруулагдсан загваруудыг тэдний тоонд олон талын зориулалттай МиГ-29СМТ ба МиГ-29УБ онгоцнуудыг үйлдвэрийн дамжлагаас гаргасаар байгаа юм.
Онгоц тээгч хөлөгт зориулсан далавч нь эвхэгдэн хөлөг онгоцонд бага байр эзлэх МиГ 29К онгоцыг 1988 онд зохион бүтээжээ. Энэ онгоцны анхны нислэг хөлөг онгоц тээгчээс 1989 оны арваннэгдүгээр сарын 1-нд хөөрсөн юм.
Оросын болон гадаадын 25 орны зэвсэглэлд 1600 гаруй хөнгөн сөнөөгч МиГ-29 байгаа аж.
Зэвсэглэлд нь нэг голтой ГШ 301 их буу (30 мм, 150 сум) бий. Далавчинд нь зургаан (МиГ 29К-д найм) ачаа тээх цэгтэй. Агаарын байн эсрэг далавчны доорх зургаан зангилаанд нь ойрын зайн байлдааны удирдлагатай зургаан Р 60М буюу ойрын зайн хэт улаан туяаны чиглүүлчтэй Р 73 пуужингуудыг зүүж болно. Мөн ойрын зайн байлдааны удирдлагатай дөрвөн пуужин ба дунд тусгалын хоёр Р 27РЭ эсвэл хэт улаан туяаны чиглүүлчтэй Р 27ТЭ пуужингуудыг байрлуулах боломжтой. Газрын байн эсрэг уг онгоц бөмбөгүүд, 57 мм, 80 мм, 122 мм, 240 мм-ийн калибрьтай удирдлаггүй пуужингуудын блокийг тээнэ. “Агаар-газар” ангиллын Х 25М пуужинг эсвэл усан онгоцны эсрэг лазерын чиглүүлэгчтэй Х 29, дууны хурдаас бага хурдын Х 35 пуужингуудыг МиГ 29К тээх боломжтой.
МиГ 29 нь олон үзүүлэлтээр өөрийн ангиллын бусад онгоцнуудаас (F 16, F/A 18, “Мираж”2000) давуу. Хөөрөлтийн хурдаар, бага радиусаар эргэх, эргэлтийн өнцгийн хурд ба ихээхэн ачаалалтайгаар урт хугацааны маневр хийж чаддагаараа давуутай. Онгоц их буу ашиглан манертайгаар байлдаан явуулах бөгөөд ойрын зайд пуужингийн бүх нөөцөө ашиглан идэвхтэй байлдаан хийж чадна. Мөн цохилтын ба тагнуулын онгоцнуудыг угтан барихдаа түүнийг газрын ойр ч хийж чадах ажээ. Уг онгоцны бас нэг онцлог нь нэг хөдөлгүүрээрээ байлдааны бүрэн ачаатайгаар хөөрч хоёр дахь хөдөлгүүрээ агаарт ажиллуулах чадвар нь юм. Энэ нь түгшүүрийн дохиогоор нислэгт гарахад цаг хэмнэдэг.
Нислэг, техникийн үзүүлэлт:
Хэмжээ: урт – 17,32м;
Өндөр – 4,73м;
Далавчны дэлгэлт – 11.36м;
Далавчны талбай – 38кв.м
Экипаж: 1 эсвэл 2 хүн.
Газарт ойрхи дээд хурд: 1500км/цаг
Өндрийн дээд хурд: 2450км/цаг
Байлдааны радиус: 700км
Нислэгийн алсын зай: 2230км
Хөөрөлтийн дээд түвшин: 18000м
Хөөрөх хурд: 19800 м/мин.
Н.Батаа