Баянзүрх дүүргийн 26-р хорооны иргэдийн “Эрүүл аюулгүй, орчинд амьдрах эрх” нь зөрчигдөж, аюултай нөхцөл байдал бий болоод байгаа тухай мэдээлэл бидэнд ирсэн юм.
Тодруулбал, Тайм тауэр болон бусад хотхонууд хашаа татсанаас болж орц гарцын ганцхан замтай болсон байна. Ганц зам нь явган хүн зорчих замгүй болжээ. Энэ нөхцөл байдлаас үүдэж хүүхдүүд автомашины замаар зорчиж байгаа нь нэн аюултай байдлыг бий болгоод байна.
Өнгөрөгч Пүрэв гарагт Газрын албанаас мэргэжилтэн очиж газрын хэмжилт хийсэн байна. Энэ үеэр “Тайм тауэр” хотхоны иргэд, СӨХ-ны төлөөлөл Санто хотхоныг хариуцсан захирал, инженертэй уулзахад “эзэмшил газартаа хамгаалалтын хашаа барьсан, иргэдийг бид хамгаалж хашлагаа татсан” гэх тайлбарыг өгсөн байна. Олимп виллаж хотхон мөн эзэмшил газартаа хашаа барьж хотхон луу дамжиж гарах боломжгүй болгосон байна. Энэ асуудлаар “Тайм тауэр” хотхоныхон гарын үсэг цуглуулж хотын захиргаанд хандахаар болжээ.
Сүүлийн жилүүдэд нийслэлд өндөр өндөр барилга баригдаж, өнгө үзэмж нэмэгдэж байгаа хэдий ч оршин суугчдын тав тухтай, аюулгүй амьдрах нөхцөлийг хангаж чадахгүй байна. Энэ нь хот төлөвлөлт, барилгын стандарт, норм дүрэм мөрдөгдөхгүй байгаатай холбоотой юм.
Н.Батаа