УИХ-ын чуулганы 11 дүгээр сарын 14-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталсан билээ. Тэгвэл энэхүү өөрчлөлтийн талаар Төрийн байгуулалтын байнгын хороо, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах ажлын дэд хэсгийн гишүүд хамтран олон нийтэд мэдээлэл өгсөн юм.
Үндсэн хууль 70 зүйлтэй бөгөөд 19 зүйл, 36 заалтад өөрчлөлт оруулсан.
Үндсэн хуулийн 6.2-т Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн гэж заасныг нэмэн дэлгэрүүлж дараах байдлаар өөрчилжээ.
- Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрт эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, тэгш, шударга хүртээхэд чиглэнэ.
- Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй.
- Стратегийн ач холбогдол бүхий ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.
Улс төрийн намтай холбоотой Үндсэн хууль оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд
- Нам Үндсэн хуулийн 16.10-т заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллана.
- Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй иргэд эвлэлдэн нэгдэж байгуулна. (2028 оны нэгдүгээр сарын 1-нээс үйлчилж эхэлнэ)
- Намын дотоод зохион байгуулалт нь ардчлсан зарчимд нийцсэн, хөрөнгө орлогын эх үүсвэр, зарцуулалт нийтэд ил тод байна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, санхүүжилт, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөлийг хуулиар тогтооно.
УИХ-ын сонгуулийн талаар дараах өөрчлөлтүүдийг оруулсан байна
- УИХ-ын сонгуулийн журмыг хуулиар тогтооно.
- УИХ-ын сонгуулийг явуулахаас өмнөх нэг жилийн хугацаанд УИХ Сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.
УИХ-ын онцгой бүрэн эрхтэй холбоотой орсон өөрчлөлт
- Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлогыг тодорхойлох асуудлыг УИХ-ын онцгой бүрэн эрхэд зааж өгсөн.
- Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа төсвийн орлого, зарлагын бүтцийг өөрчилж болно. Ингэхдээ Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн алдагдал, зарлагын хэмжээг нэмэгдүүлж үл болно.
- Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна.
Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаажуулсан өөрчлөлт
- Монгол Улс өөрийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх аливаа оролдлогыг үл зөвшөөрөх бөгөөд мөнхүү зорилгоор ард нийтийн санал асуулга явуулахыг хориглоно.
Ерөнхийлөгчтэй холбоотой өөрчлөлтүүд
- Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ хязгаарыг хуулиар тогтооно.
- Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан Монгол
- Улсын уугуул иргэнийг 6 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно (2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас эхлээд хэрэгжинэ).
- Ерөнхийлөгч тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн 33.4-т заасан хүрээнд л Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхээ эдэлнэ. Үүнээс хэтэрсэн аливаа эрхийг эдлэхгүй байхаар тусгасан. Одоо бол Үндсэн хуулиас гадна тодорхой хуулиудаар өөртөө бүрэн эрх авах байдлаар нийт 46 хуулиар Ерөнхийлөгч бүрэн эрх авсан байдгийг зохицуулах заалт оруулсан.
Ач холбогдолтой гэж үзэж буй өөрчлөлтүүд
- УИХ ээлжит чуулган хагас жил тутамд 75-аас доошгүй ажлын өдөр чуулна.
- Хуулийг УИХ-ын нийт гишүүдийн олонхын саналаар эцэслэн батална. Өөрөөр хэлбэл, 39-өөс доошгүй гишүүний саналаар хууль батална.
- Хуулийн биелэлтийг хангах зорилгоор нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар УИХ-ын нийт гишүүний 1/4-ээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал УИХ цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулна.
УИХ-ын гишүүнтэй холбоотой
- УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж, Үндсэн хууль зөрчвөл түүнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно.
- УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэгт холбогдсоныг шүүх тогтоовол УИХ-ын гишүүнээс эргүүлэн татна.
Засгийн газартай холбоотой
- Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ.
- Ерөнхий сайд болон Засгийн газрын 4-өөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно.
- Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна.
- Засгийн газрын гишүүн УИХ-д тангараг өргөнө (Эдгээр заалт 2020 оны УИХ-ын сонгуулийн дараачаас хэрэгжиж эхлэх нь)
Шүүхтэй холбоотой
- Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн 5 гишүүнийг шүүгчид дотроосоо сонгож, бусад 5 гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно. Тэдгээр нь 4 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллах бөгөөд
- Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно.
- Шүүхийн хараат бус байдлыг хангахтай холбоотой зөвлөлийн үйл ажиллагааны тайланг Улсын Дээд шүүхэд танилцуулна. Зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавигдах шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно.
- Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бус шийтгэл оногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо ажиллах бөгөөд түүний бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно.
Нутгийн удирдлагатай холбоотой
- Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын түүнчлэн тосгоны өөрийн удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.
- Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг харгалзан, тухайн нутгийн иргэдийн саналыг үндэслэн Засгийн газар өргөн мэдүүлснээр УИХ шийдвэрлэнэ.
- Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх, татварын хувь хэмжээг тогтоох эрхтэй.
- Нутгийн өөрөө удирдах байгууллагын чиг үүрэг, төсвийн харилцааны үндсийг тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тодорхой онцлогт нийцүүлэн хуулиар тогтоож болно.
- Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 12.00 цаг буюу 17-р жараны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн 3-ны морин цагаас эхлэн улс орон даяар дагаж мөрдөнө.
Төрийн байгуулалтын хорооны дарга С.Бямбацогт Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой асуудал ямар цаг хугацааг давж, ийнхүү батлагдсан талаар дараах үгийг хэллээ. Тэрбээр “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гурав дахь удаагийн хэлэлцүүлэгт УИХ-ын 64 гишүүн оролцсон бөгөөд 100 хувийн саналаар баталсан. Сүүлийн гурван парламент дамжиж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт өөрчлөлтийн асуудал яригдаж, хэлэлцүүлгүүд явагдаж байсан юм. Өнөөдрийг хүртэл нийтдээ 4 удаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл өргөн баригдсан.
Одоогийн парламент 2016 оноос эхлэн сүүлийн 3 жил Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлгүүдийг хийж, 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Энэ хугацаанаас тоолвол 5 сар гаруй 158 хоног Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж, баталлаа.
Хууль зүйн хүчин чадал, зохицуулалтийн хүрээнд онцгой байдаг. Үүнд өөрчлөлт оруулах босго ч өндөр байдаг. Ердийн хуулийг 39 гишүүний ирцтэй хуралдаад олонхын санал буюу 20-оос дээш гишүүний саналаар баталдаг.
Үндсэн хуулийг 57 гишүүн оролцож, саналаа өгч баталдаг босготой. Тиймээс Үндсэн хуулийн хэлэлцүүлгийг хийж батлахдаа энэхүү шаардлагыг биелүүлж баталлаа. УИХ-ын гишүүд төслийн хэлэлцүүлэг, танилцуулгыг 21 аймаг 9 дүүрэгт 3 жил гурайн хугацаанд хэлэцүүлгүүдийг ард иргад, эрдэмтэн судлаачид, Улстөрд суудалтай болон суудалгүй улстөрийн намууд, МУ-ын Ерөнхийлөгч гээд оролцох боломжтой бүх субъектыг оруулцуулж хэлэлцүүлэг хйиж байж, үндсэн хуулийн төслийг баталсан” гэдгийг онцлон хэлэв.