Бидний өдөр тутмын амьдрал өнгө өнгөөр солонгордог билээ. Алтан гадас мэт тодоос тод гэрэлтдэг өдрүүд байвч хааяахан харанхуй нүхэнд унасан мэт хаашаа ч гарах гарцгүй бүүдгэр өдрүүдтэй ч нүүр тулдаг. Энэхүү нийтлэлээ бид нар “Хөөрхөн зүрх” ТББ-ын ерөнхий зохицуулагч Б.Оюундарьтай хамтран бэлтгэж, даван туулагч Г-ийн түүхийг хуваалцахын зэрэгцээ жендэрт суурилсан хүчирхийлэл болон хэрхэн урьдчилан сэргийлэх, даван туулах талаар ярилцлаа.
Нийтлэлийнхээ өмнө та бүхэнд нэгэн түүхийг дэлгэе. Энэ эмэгтэйг Г /нэрийг нь нууцалж, зохиосон болно/ гэдэг. 10 гаруй жил ханилсан нөхрөөсөө салж, амьдралын эрхээр хүүгээ эцэгтэй нь үлдээж хоёр тийш болсноос хойш түүнд өдөр хоног байтугай цаг мөч бүхэнд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу мэт санагдан ганцаардлын уй гашууд автсан юм.
Эдгээр гунигт өдрүүдэд цэг тавих мэт нэгэн залуу гарч ирснээр бүх зүйлс сайхан болох мэт санасан Г түрээсийн байранд хамтын амьдралаа Н-тэй эхлүүлсэн байна. Эхний нэг, хоёр сард айх зүйлгүй сайхан байсан хэдий ч удалгүй Н-ийн аймшигт авир илэрч, зодож нүдэж, Г-г найз нөхөдтэй нь ч уулзуулахаа больсон гэдэг. Хамтран амьдрах бүхий л хугацаандаа Г байр, хоол хүнс, унааны гээд л бүх зардал, мөнгийг өөрөөсөө гаргаж, нэг ёсондоо түүнийг тэжээж байж.
Учир нь Н ажилгүй. Нэг жил гаруй хугацаанд тэдний хамтын амьдрал үргэлжилсэн бөгөөд Н энэ хугацаанд Г-г маш олон удаа зодож, толгойг нь хананд савж, багалзуурдаж байжээ. Г хөхөрч няцарсан биеэ хөдөлгөх тэнхэлгүй цус, нулимсандаа хутгалдан олон шөнийг өнгөрүүлж байснаа бидэнтэй хуваалцсан юм. Хамгийн сүүлд баруун талын хавиргаа хугартал дэвсүүлж, биеийнхээ баруун талыг мэдээгүй болгох үедээ дахиж Н-тэй яасан ч нийлэхгүй гэж шулуудсан байна.
Г манай сайтад ярилцлага өгөх, эсэхээ нэлээд нухацтай бодсоны эцэст зөвшөөрсөн юм. Тэрбээр бидэнд илэн далангүй ярилцсан ганц шалтгаанаа “Миний ярилцлагыг ганц ч болтугай хүн уншаад мэдээлэл аваасай гэж хүссэн учраас би зөвшөөрсөн. Эмэгтэй Танд гарц заавал байж таараа. Тэр гарц бүхэн нарны цацраг мэт гэрэлтдэг юм шүү. Эмэгтэй та зоригтойгоор урагш алхаж, хар бараан бүхнийг өнгөрсөндөө заавал үлдээгээрэй. Өглөө болоход нар манддаг гэдгийг хэзээ ч битгий мартаарай” гэж хэлсэн.
Бид “Хөөрхөн зүрхнүүд” ТББ-ын зөвлөгөөний өрөөнд ярилцсан юм. Тус өрөөнд бүх насныханд зөвлөгөө өгдөг бөгөөд сэтгэлд тухтай, дулаан санагдах ногоон өнгийг голчлон орчноо бүрдүүлж, амьд ургамал цэцэгс дүүрэн өрсөн нь таатай сэтгэгдэл төрүүлснийг онцолмоор байна. Нас насны хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн сэтгэлийг анагааж, хар бараан дурсамжаасаа салахад тусалдаг “шидэт өрөө” гэмээр.
-Юуны өмнө энэ асуудлаар ярилцахыг зөвшөөрсөн танд маш их баярлалаа. Бидний ярианаас олон хүн ихийг ойлгож мэдэх байх. Та өөрийнхөө түүхээс бидэнтэй хуваалцана уу?
-Г: Нэг ч гэсэн хүн энэ ярилцлагыг уншаад мэдээлэл авч, зориг орж байвал миний зорилго биеллээ л гэсэн үг. Би нөхөртэйгөө 10 гаруй жил амьдарч байгаад салсан. Нэг хүүхэдтэй эх хүн. Хүү маань аав дээрээ байдаг. Нөхрөөсөө салсныхаа дараа маш их ганцаарддаг байсан. Тэгээд нэг залуутай танилцаад хамт амьдарч эхэлсэн. Жилийн дотор л тэр хүнээс аймаар зан араншин гарч эхэлсэн.
Энэ бүхэн ерөөсөө л хий хардалттай холбоотой. Нийгмийн идэвхгүй, хэн ч биш шаар шавхруутай таарсан байснаа “замын дунд” очоод л мэдэрсэн. Мэдэрсэн ч гэсэн шүд зуугаад тэвчсэн. Хамт амьдарсан нэг жилийн хугацаандаа маш их зодуулсан. Бусдыг бодвол азаар богино хугацаанд мэдсэн болохоор олон жил зууралдаж, үр хүүхдийг нь гаргаж алдаагүйдээ их баярладаг. Эхлээд хүн өөрийгөө хүчирхийлэлд өртөөд байгаагаа мэддэггүй юм байна лээ.
Нөгөө хүнийгээ уур уцаараа барьж дийлээгүй гэж боддог. Аймшгийн үйлдлүүдээ давтаад эхлэхээр хүмүүсээс нууж ичдэг, хоёрдугаарт, айдаг юм билээ. Хүчирхийлэлд байгаа хүн улам нуугдмал болж, найз нөхөд, хамаатан садангүй болдог юм байна лээ. Төрсөн ах эгч нараасаа ор тас нуудаг. Би үүнийгээ сэтгэлзүйн өвчин гэж сүүлд ойлгосон. Тэр хүнээс холдоод цаг хугацаа алсрах тусам би тухайн үед сэтгэл зүйн өвчтэй болж байснаа ойлгосон л доо.
-Н-тэй танилцаад, хамт амьдарч эхлэхэд ямар зан ааштай байсан бэ. Хэзээнээс зодож, хүчирхийлж эхэлсэн бэ?
-Г: Анх маш их халамжтай, түшигтэй санагдаж байсан. Харахад нүдэнд дулаахан, зөөлөн төрхтэй. Тэр ажил хийдэггүй байсан болохоор намайг байнга цагдаад л, өглөө ажилд хүргэж өгч, орой ажлын гадаа хүлээгээд л зогсож байдаг. Яг л нохой шиг болгочихсон. Ажил хийдэггүй, зав ихтэй болоод ч тэр юмуу маш их хардана. Хардалт л хүчирхийллийн үндэс нь байсан байх. Би хүчирхийлэлд өртөж байхдаа хаана хандахаа мэдээгүй. Яг энэ төрлийн мэдээлэл хомс байдаг юм байна лээ. Тийм болоод ч тэр үү “Энэ бол миний л амьдрал. Миний л хувь тавилан” гэж бодоод улам нууцлагдаад байдаг. Ингэж нуух хэрээр хүчирхийлэл дийлдэхгүй болчихдог.
-Хүчирхийлэлтэй холбоотой маш олон кэйс бий. Ийм нөхцөл байдалд орсон хүмүүс хаана хандаж, тухайн байдлаасаа хэрхэн гарах ёстойгоо ухаарах сэхээ ч байдаггүй юм шиг. Ер нь хаана хандах ёстой вэ?
-Б.О : Хуулиар үүрэг хүлээсэн мэргэжилтнүүд болох нийгмийн ажилтан, сэтгэлзүйч нарт хандаж гэр бүлийн хүчирхийллийн орчноос даван туулах гарц, боломжуудыг олж авах хэрэгтэй. Мэдээж тусламж, үйлчилгээ авахаар ирсэн иргэдэд хүнд сурталгүй, ёс зүйтэй, мэргэжлийн үйлчилгээ буюу хохирогчийг буруутгах хандлагагүй, хохирогч төвтэй, хүний эрхэт суурилсан аргачлалаар үйлчлэх ёстой.
Нийгмийн хэвшсэн ойлголт болох гэр бүлийн асуудлыг “олгой хагаравч тогоон дотроо” гэж үздэг нь хохирогчийн буруутгах хандлагаас шалтгаалж хохирогч хохирсоор нэг л мэдэхэд 10, 20, 30 жил тухайн нөхцөл байдалдалдаа дасаж, хүчирхийлэгчийг өөрчлөгдөнө гэж найдаж, итгэсээр байдаг. Тиймээс таны ойр дотны хэн нэгэн гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгааг мэдсэн бол өмнөөс нь амьдралыг нь шийдэх гэж бүү оролдоорой, буруутгахгүйгээр сонсож, хамтдаа аюулгүй гарцыг олоход дэмжлэг үзүүлээрэй. Жишээ нь мэргэжлийн сэтгэлзүйчээс зөвлөгөө авахыг санал болгож болно.
-Г: Санал нэгдэж байна. Ялангуяа эмзэг үедээ өөрийгөө буруутгасан хандлагатай үг сонсвол эрх чөлөөгүй, агааргүй болох юм билээ. Хохирогч хүн өөрийгөө буруутгасан хандлагатай үг сонсох тусмаа нууцлагдмал, дотогшоо болдог юм байна лээ.
-Б.О: Тусламж авахаар очсон мэргэжилтэн нь ерөнхий мэдээллийг нь асууж бүртгэл хийх явцдаа “та 2-ын дундаас хүүхэд байхгүй юм байна ш дээ”, “өмнө нь таныг зодож байсан л юм байна ш дээ, тэр үедээ л салчихгүй…”, “ийм мундаг ажил эрхэлдэг байж …” гэх зэргээр хохирогчийг буруутгаж, энэ мэт байдлаас болоод хүчирхийлэлд өртсөн мэт, хүчирхийлэгчийн үйлдэлийг хүлээн зөвшөөрч байгаа мэт хандлага нь ёс зүйгүй бөгөөд та бол хохирогч би бол таниас илүү гэсэн ойлголыг түрүүлж байдаг юм.
-Г: Надад ч энэ хандлага тохиолдсон. Нэг удаа зодуулж байхад хөрш айл цагдаад дуудлага өгчихсөн байсан. Нөгөөхийг чинь цагдаа авч яваад эрүүлжүүлэхэд хонуулаад өглөө болоход нь би авсан юм. Би гэрлэлтээ цуцлуулаагүй байсан л даа. Цагдаа надаас “Танай нөхөр үү” гэхээр нь “Тийм ээ” л гэсэн.
Гэтэл “Энэ хүний нэр нь танай нөхрийн нэрнээс өөр л юм байна шүү дээ” гээд даапаалаад ч байгаа юм шиг. Бараг л нөхрөөсөө салаагүй байж энэ хүнд зодуулаад явж байхаасаа ичихгүй байна уу гэсэн утгаар ярьж байсан. Нэр нүүрээ бодоод хэлэх үггүй болдог юм билээ. Дараагийн дуудлагаар дахиад л нэг цагдаа нөгөө хүнийг аваад гарахдаа надтай дорд байдлаар харьцаад л гарсан. Гэтэл би тэнд зодуулчихсан хэвтэж байгаа шүү дээ.
Хүчирхийлэгчтэй адилтгаж харилцаж байгаа нь үнэхээр таалагдаагүй. Дараа нь зодуулсан ч цагдаа санаанд орохооргүй болдог юм билээ. Цагдаа хэнд хэрэгтэй юм гэмээр болтол “хөшиг” хаачихдаг. Уг нь биднийг хамгаалах ёстой шүү дээ. Аминдаа л хамгаалж байна л гэж боддог шиг байгаа юм. Дуудлагаар ирээд гарахдаа “Ингэн ингэн амьдарч байдаг. Салаач” гэж хэлэх жишээний. Хэрвээ хохирогчийг буруутгах хандлагагүйгээр зөөлөн харьцаж, ярьвал зодуулж нүдүүлсэн эмэгтэйгийн сэтгэл зүйд итгэлийн гэрэл асч л таараа.
Тийм хүмүүс чинь нойтон хамуу шиг юм билээ. Зодсоныхоо дараа уйлаад л, сөгдөөд, сөхрөөд, уучлалт гуйдаг.
-Б.О: Уг нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2004 онд гараад, 2016 онд шинэчлэгдэж батлагдахдаа хохирогч төвтэй буюу хохирогчийг хамгаалах үндсэн зорилготойгоор шинэчлэгдсэн. Хэдийгээр ийм үзэл санаатайгаар гарсан боловч хохирогч давхар хохирсоор л байгаа. Хохирогчийг мэдүүлэг өг гэх байтал байцаалт өг гэж ярих жишээний.
Хэрэгтэн шиг. “Адгийн зарга 10 хоногтой” гэдэг. Танихгүй хүн зодохоос илүү гэр бүлийн хүнээ зодох нь илүү эмзэг гэдгийг тусад нь гаргаад, Эрүүгийн хууль буюу Зөрчлийн хуулиасаа салгаад Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль гаргасан. Түүнээс биш хүний эрх, эрх чөлөөнд адилхан халдсан учраас Эрүүгийн, Зөрчлийн хуулиар шийдэж болно шүү дээ. Гэвчиг хамаарал бүхий гэр бүлийн гишүүд учраас яалт ч үгүй тусдаа байх ёстой гэж үзээд нарийн ньюанстай хууль гаргасан юм. Уг нь маш нарийн гаргаж, детальчлан сайн гаргасан хууль шүү. Хуучин хуульд хамтран амьдрагч гэсэн нэр томьёо ч байгаагүй.
-Ер нь хүчирхийлэгчийн гэр бүлийн хүн нь салахаасаа урьтан нөгөө хүнээ засаж залруулж авахыг хичээдэг байх. Гэвч хүчирхийлэгчид засрах боломжтой юу?
-Б.О: Ихэнх даван туулагчид гэр бүлээ салгаж, хүүхдээ өнчрүүлэх шийдвэр гаргахаас илүүтэй хань ижлээ өөрчлөгдөөсөй, хэн нэгэн нөлөөлж ухаараасай гэж хүсдэг. Гэвч манай оронд хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх хөтөлбөр ном журмаараа хэрэгжих тогтолцоо, боловсон хүчин хангалттай биш байна. Хүчирхийлэгчийг ухамсарлаагүй буюу уур хилэнгээ хянаж чаддаггүй, хүчирхийллийг байдаг зүйл гэж ойлгоод дүр эсгэчихсэн, засал авахааргүй буюу төрөлхийн хүчирхийлэгч гэсэн гурван төрөлд хувааж үздэг.
Гэхдээ хамгийн сүүлчийн бүлгийн хүмүүс маш цөөхөн. Ихэнх хэсэг нь засрах магадлалтай буюу нэг, хоёрдугаар бүлгийн хүмүүс байдаг. Хуульд сайн дурын болон албадан зан үйлийг өөрчлөх сургалтад хамруулах гэж заасан. Энэ сургалт Австрали, Европ тэр дундаа Скандинавын орнуудад хэрэгжээд нотлогдчихсон юм. Манайд одоо л орж ирж байгаа.
Эхний хоёр төрлийн хүчирхийлэгч сайн дураараа энэ сургалтад хамрагддаг бол гуравдагч этгээд сайн дурын сургалтад хамрагдах тохиолдол маш бага. Хүчирхийлэгчид хүчирхийлэл үйлдсэнийхээ дараа уучлалт гуйгаад л бөөн юм болдог ч ухамсарлаагүй байдаг. Үүнийг “бал сарын тойрог” гэж нэрлэдэг. Цикл байгаа юм. Зүгээр л уучлалт гуйх ёстой гэж л кодлогдчихсон болохоор үйлдэл, ухамсар хоёр нь нэг болоогүй. Зан үйлд нөлөөлөх сургалтад суучих юм бол учиртай шүү.
Хуулиараа энэ сургалтыг шүүхээр шийдвэрлэх газарт хийнэ гэж заасан. Гэвч одоогоор баривчлах байранд 7, 30 хоног хоригдож байгаа нөхдүүдэд цагдаа сургалт хийдэг. Уг нь нийгмийн эрүүл мэндээр мэргэшсэн сэтгэл зүйч, сэтгэл засалч зэрэг сэтгэцийн эмч хийх ёстой. Хуульдаа заасан боловч тогтолцоо, бүтэц, ажиллах хүн хүч нь байхгүй байна л даа.
Энэ сургалтыг “Монгол өрх” сэтгэл зүйн хүрээлэнгийн захирал, сэтгэл зүйч С.Баасанбат хийдэг. С.Баасанбат эгч дээр хувиараа гэр бүлүүд мөнгөө төлөөд ирдэг. Мөнгөө төлөх хэрэгтэй байхгүй юу. Тэр мөнгийг төр төлж чадахгүй. Нэлээд урт цагийн сургалт байдаг. Хамгийн гол нь энэ бол энгийн нэг сургалт, лекц биш, хүчирхийлэгчийг өөрийг нь ухамсарлуулах хэмжээний томоохон сэтгэл заслын сургалт юм. Сургалтад сууснаар хүмүүс “Anger managment” буюу уураа хэрхэн зохицуулах, буруугаа ухамсарлах, засрах зэргээр дэвшилттэй болдог. Ер нь хүний зан үйл өөрчлөгдсөнийг мэдэхэд дор хаяж 6 сар шаардлагатай. Өөрөөр хэлбэл, тухайн хүн 6 сараас дээш хугацаанд архи уухгүй, тамхи татахгүй болбол үнэхээр архи, тамхинаас гарсан байна гэж үзэж болдог. Жишээлбэл, Танд Н анх удаа гар хүрч байхад та шууд салъя гэж бодсон уу эсвэл энэ хүнийг засаж, залруулж болдоггүй юм байх даа гэж бодсон уу?
-Г: Би эхлээд “Лай. Сална” гэж бодсон ч чадаагүй. Анх түүнийг уураа хянаж чаддаггүй юм байна гэж бодсон. Тийм хүмүүс чинь нойтон хамуу шиг юм билээ. Зодсоныхоо дараа уйлаад л, сөгдөөд, сөхрөөд, уучлалт гуйдаг. Дараагийн удаа гар хүрэн хүртлээ газар гишгүүлэхгүйгээр бөөцийлдөг. Эмэгтэй хүн энэ тохиолдолд л их бүдэрдэг юм билээ. Уян хатан зан нь нөлөөлдөг ч юмуу, итгэл үзүүлдэг ч юм уу ёстой мэдэхгүй. Уярчихдаг. Зодуулж байхдаа сална гэж бодоод л дараа нь уучлалт гуйгаад, сөгдөөд байхаар нь салж чаддаггүй. Түүнээс гадна “Салвал ална шүү. Ажил дээр чинь очоод түмний шившиг болгоно” гээд л зодож нүдэж, айлгадаг. Тухайн үедээ үнэхээр ингэж чадах хүн гэж бодоод айдаг байсан ч үнэн хэрэгтээ сүрдүүлэг, хий хоосон үг гэдгийг л ойлгосон. Одоо ийм байдалд орчихсон хэчнээн эмэгтэй салж чадахгүй, айж байгаа бол гэж бодохоор үнэхээр сэтгэл зовдог.
-Б.О: Тухайн хүчирхийлэгч нэгээс салаад өөр хэн нэгнийг хүчирхийлээд зовоогоод л явж байгаа. Энэ бол маш том асуудал. Тийм учраас ямар нэгэн байдлаар хуулийн байгууллагад мэдээлж, өөрийн болон бусдын эрх, эрх чөлөөг хамгаалах хэрэгтэй. Бидний зорилго бол нийгмээ эрүүлжүүлэх шүү дээ.
-Г: Гэхдээ тэр хүний одооны амьдралтай зууралдах нь битгий хэл царай зүс, нэрийг нь ч санахыг хүсдэггүй. Тэгэхээр амиа бодоод өнгөрөхөөс өөр ямар ч арга байхгүй.
-Б.О: Даван туулагч нарыг хэлэх ёстой гээгүй л дээ. Хажуу хавийнх нь, таньж мэддэг хүмүүс цагдаад бүртгүүлж болно. Төрийн тогтолцоо байх ёстой. Одоо манай цагдаагийн систем сайжирч байна. Тухайн хүчирхийлэгч өмнө хаана, хэзээ, хэнийг зодож нүдэж, хүчирхийлсэн нь шууд гараад л ирнэ. Жишээлбэл, хэдэн жилийн өмнө нь аль нэг аймагт нэг эмэгтэйг зодож дарамтлаад хагас жил амьдарч байгаад нийслэлд ирж 2 жил амьдраад өөр аймаг руу нүүж очоод хэн нэгнийг зодсон бол өмнөх бүх мэдээллийг цагдаа харан боломжтой болсон. Тэр хүнийг шийтгэж хориод ямар ч нэмэргүй. Гарч ирээд л үргэлжлүүлнэ. Тиймээс л зан үйлд нь нөлөөлөх хэрэгтэй.
-Г: Тийм үү. Болдог бол хэн нэгэнтэй сууж, цуг амьдрахаасаа өмнө цагдаа дээр очоод мэдээллийг нь авчихмаар л юм байна. Даанч хувийн мэдээлэл гээд өгөхгүй байх даа. Би хавиргаа хугалуулаад, баруун талаа “будаа” болгож байж холдсон хүн. Сэтгэл зүй гэдэг чинь маш их гэмтдэг юм билээ. Салсныхаа дараа тэр хүнийг өмнөх эхнэрээ зодоод, гэртээ цоожлоод явчихдаг байсныг нь мэдсэн. Төрсөн эцгээ хүртэл барьж аваад зоддог байсан гэсэн. Бурхан минь. Ямар азаар салсан юм бэ гэж боддог.
Эмэгтэй хүн үтрээтэй, савтай, умайтай, өндгөвчтэй, хөхтэй болж төрснөөрөө хохирогч болоод байна уу?
-Та хүчирхийлэлд өртөж байсан тэр үеэс хэрхэн холдож, яаж ийм зоригтой шийдвэр гаргасан бэ. Юу энэ бүхнээс бүрэн холдуулахад нөлөөлсөн бэ?
-Г: Намайг аварсан, тэр хүнээс холдох шийдвэр гаргахад нөлөөлсөн зүйл бол миний өмнөх амьдрал байсан л даа. Өмнөх амьдралтайгаа тухайн үеийн байдлаа харьцуулж бодохоор хэт доошоо орчихсон байсан. Тэгээд л энэ бол миний байх ёстой газар биш, миний хувь тавилан биш гэж бодоод зоригтой шийдвэр гаргасан. Дээрээс нь миний хүү над дээр ирэх үед хажууд нь надад гар хүрдэг, миний хүүд аймаар үгнүүдээ хэлж, орилсон нь их нөлөөлсөн. Би хэзээ ч энэ байдалтай эвлэрч чадахгүй. Ямар ч эх хүн үр хүүхдээ л бодно шүү дээ.
-Б.О: Таны хувьд өмнөх амьдралтайгаа харьцуулж бодсон байх. Нөгөө талаас хүүхэд их нөлөөлжээ. Өөрт нь гар хүрч, өөрийг нь доромжлох үед ихэнх эмэгтэйчүүд өөрчлөгдөнө гэж найдаж тэвчдэг. Тухайн хүчирхийлэгчийн хүүхдийг нь төрүүлсэн бол бүр илүү тэвчдэг. Ингэж тэвчихэд мөн л нийгмийн тогтсон хандлага нөлөөлдөг. “Хүүхдээ өнчрүүлж, хойд эцгийн гар харуулах гэлээ” гэж мөн л буруутгана.
-Г: Эмэгтэй хүн цохиулчихаад уучлах нь битгий хэл “я, п, г” гэх үгсээр хараалгуулж, доромжлуулах гэж төрөөгүй. Хайранд умбах гэж төрснөө хэзээ ч мартаж болохгүй юм билээ. Бид нарын хүйс их гоё шүү дээ. Эмэгтэй хүн, эх хүн шүү дээ.
-Б.О: Эмэгтэй хүн үтрээтэй, савтай, умайтай, өндгөвчтэй, хөхтэй болж төрснөөрөө хохирогч болоод байна уу?. Жендэрт суурилсан хүчирхийллийн 90 гаруй хувь нь охид, эмэгтэйчүүд байдаг. Тэгвэл бид эмэгтэй болж төрснөөрөө, хүч чадалгүй, сул дорой, эмзэг учраас хохирч байна уу?
-Г: Сэтгэл зүй, сэтгэц гэдэг чинь нэг удаагийн хараалын үг сонссон ч гэмтдэг, өвчилдөг гэдгийг нийтээрээ ойлгомоор юм билээ. Би саяхныг хүртэл бөөр, зүрх өвддөг шиг сэтгэл өвддөг, өвчилдөг гэдгийг мэдээгүй, ойлгоогүй явсан. Одоо ч миний сэтгэл зүй эдгээгүй гэж боддог. Яагаад гэвэл, гудамжинд тэр хүнтэй төстэй төрхтэй хүнийг харах, эрэгтэй хүн чанга орилоход миний зүрх пэлбэгнэдэг болчихсон. Тэр хүн “п” гэдэг үгийг маш их хэлдэг байсан учраас ийм үг сонсох төдийд л зүрх салганаад, тэр үедээ очоод байдаг.
-Б.О: Үүнийг сэтгэцийн гэмтэл гэдэг. Сэтгэл зүй бүрэн эдгэдэггүй. Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн даван туулагч дайны үед амьдарч байсан хүний сэтгэл зүйтэй адилхан гэмтэлтэй болдог. Насан туршийн гэмтэл. Дахин цочролд орох, гэмтэх гэдэг нь нөгөө хүнээсээ цаг хугацааны болон орон зайн хувьд холдсон боловч тухайн хүнийг санагдуулам үг сонсох, үйлдэл харах, үнэр үнэртэх, хамтдаа хийж байсан бүхий л зүйл хүчирхийлэлд өртөж байсан үед “аваачдаг”.
-Г: Адилхан төрхтэй хүн харахад л “өвчин” хөдөлдөг юм билээ. Хамт амьдарч байсан болохоор тэр хүнийг санагдуулахаар олон зүйл үлдчихсэн. Тэр бүхнийг дурсахыг ч хүсдэггүй. Ингээд бодохоор яалт ч үгүй өвчтэй болоод үлдчихсэн байгаа юм. Хор уршиг нь энэ юм даа.
-Б.О: Тиймээс даван туулагчийн сэтгэлзүй бүрэн эдгэрнэ гэж байдаггүй. Урт хугацаа өнгөрсөн ч сэтгэл зүйчид хандаж, очих ёстой. Хэдийгээр 100 хувь илааршихгүй ч эмтэрсэн зүрхийг эвлүүлж наахтай ижил юм. Сэтгэл зүйч дээр очсоноор сэтгэлзүйн анхан шатны боловсрол олгож, хүчирхийллээс үүссэн уурлах, хямрах, бачуурах зэрэг сэтгэл хөдлөлөө хэрхэн удирдаж, эрүүлээр өөрийгөө авч явахыг зааж өгнө. Гэхдээ мэргэшсэн, туршлагатай, ёс зүйтэй сэтгэл зүйч дээр очих ёстой. Даван туулагч нар тантай адил өөрсдийнхөө түүхийг ямар нэгэн байдлаар илэрхийлэх нь бусдыгаа хүчирхэгжүүлж, эрх мэдэлжүүлэхэд урам зориг өгч, хамгаалдаг.
-Г: Та бүхний ажилд амжилт хүсье. Олон даван туулагч нарт сайн сайхныг, гэрэл гэгээг мэдрүүлээрэй. Ямар ч байсан Цагаан сарын баяр өнгөрсний дараа би сэтгэл зүйчид хандахаар шийдлээ.
-Б.О: Танд ч бас маш их баярлалаа. Зориг гаргаж, өөрийнхөө түүхийг бусадтай хуваалцаж байгаад талархаж байна.
-Та бол даван туулагч. Мэргэжлийн хүнтэй уулзаж, ярилцахад ямар сэтгэгдэл төрж байна вэ. Мэдрэмжээсээ хуваалцаач?
-Тухайн үед би яагаад зориг гаргаад мэргэжлийн байгууллагууд, Хүчирхийллийн эсрэг төв, Нэг цэгүүдэд хандаагүй юм бол гэж бодож байна. Заавал хавиргаа хугалуулж, сэтгэцээ өвчлүүлж, хохирч болж байж холдсон юм бол гэж бодож байна. Мэргэжлийн хүнтэй нь уулзаад, ярилцангаа зөвлөгөө авахад надад үнэхээр дулаан, дотно, зөөлөн санагдаж байна. Итгэл төрүүлдэг юм байна. Миний туулсан бүх зовлонг энэ хүн ойлгож байна гэдгийг мэдрээд ярих үнэхээр сайхан байна. Би өмнө нь огт ингэж ярилцаж үзээгүй.
Уг ярилцлагыг уншигч танд хэрэг болохуйц зөвлөгөөг хүргэж байна.
Гэр бүлийн хүчирхийллийн өндөр эрсдэлтэй 10 хүчин зүйлс
*Боомилох үйлдэл хийдэг үү?
*Хүүхэд барьцаалдаг уу? /хүүхдээр нь далайлгаж айлгах/
*Зэр зэвсэг, хутга шөвөг хэрэглэж байна уу?
*Дагаж, мөшгиж байна уу?
*Тарчлаан зовоож байсан уу?
*Цагдаад мэдээлэгдэж байсан уу?
*Төлөвлөж байна уу? /хэнийг хаана, хэзээ хүчирхийлэхээ тооцоолдог, зөвхөн хүнгүй газар зодож цохих, айлган сүрдүүлэх гэх мэт/
*Хохирогчийн эмзэг байдал: жирэмсэн, насанд хүрээгүй, ахмад настай, хөгжлийн бэрхшээлтэй,
ЛГБТ, алслагдсан орон нутагт амьдардаг уу зэрэг?
* Хүчирхийлэгч нь өмнө ял шийтгэл эдэлж байсан уу?, боловсролгүй эсвэл өндөр боловсролтой? Орлого ихтэй, эрх мэдэлтэй юу?
Эдгээр хүчин зүйлсээс хариулахад тийм гэвэл хүчирхийллийн өндөр эрсдэлтэй буюу хохирогчийг хамгаалахад хөндлөнгөөс оролцох ёстой буюу мэдээлэх үүрэгэй. Харин тийм гэсэн хариулт гараагүй бол аюулгүйн төлөвлөгөө хэрхэн хийх талаар болон засан залруулах ямар өөр сонголт байж болох талаар зөвлөж болно.
Үерхэж байгаа хосуудад дараах зөвлөгөөг хүргэе. Ирээдүйн хань ижил тань хүчирхийлэгч ч байж мэднэ шүү дээ. Одоогийн нөхцөл байдлыг маш сайн анхаараарай.
*Чиний үзэл бодол, сонголтыг хүндэтгэхгүй байх,
*Чиний шийдвэрийг эсэргүүцэх,
*Чамайг ганцаардуулах, найз нөхөд, хамаатан садан, аав ээжээс нь холдуулах
*Байнга уурлаж, бухимдах
*Хардаж, мөрдөх
*Утсаар байнга залгах, үйлдлийг нь хянах
*Асуудлыг хүчээр шийдэх (олон нийтийн газар, найз нөхөд дунда) зэрэг зүйлс ажиглагдвал ямар нэгэн дохио л гэсэн үг.
Манай улсад хүчирхийлэлд өртөж буй хүмүүсийн ихэнх нь маш их тэвчдэг, албан бус дэмжлэг бага хэмжээгээр авдаг боловч албан ёсны дэмжлэг буюу хууль эрхзүйн тогтолцоо, нийгмийн хандлага хохирогчийг буруутгахад чиглэсэн байдаг. Үүнийг доор зурагт харууллаа.
Харин олон улсад дээрхийн эсрэгээр буюу албан ёсны дэмжлэгийг хамгийн ихээр хүртдэг байна. Та хуулиар хамгаалагдаж, эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах үндсэн эрхтэй гэдгээ санаарай.
Эх сурвалж: ub.life Э.НАМУУН
1 comment
tani amidrald haraalin ug heleegui 1 udur baidag bolovuu,huuhed nasig hasaad,herevee tim bol ta mash aztai,yaagaad gevel bodit amidral bol hatuu,norweg sweded l tiim baij magad