Соёлын тэргүүний ажилтан, зураач Н.Амгаланбаатарын бие даасан дөрөв дэх үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр “Маршал арт галерей”-д боллоо. Нийт 120 гаруй бүтээлээ дэлгэсэн түүний үзэсгэлэнд уран бүтээлийн нөхөд, ойр дотны хүмүүс нь оролцож баяр, бахархлыг нь хуваалцсан юм.
1974 оноос эхлэн уран бүтээлээ туурвиж буй эрхэм зураач маань өнгөрсөн 45 жилийн хугацаанд нийт 300 гаруй уран зураг, 400 орчим зураасан зураг болон номын чимэглэл, зурагт хуудас \плакат\ бүтээлээс гадна монументаль чимэглэлийн ажлууд буюу ханын зураг, чулуун шигтгэмэл, шилэн витраж, шилэн зураг, керамик чимэглэлийн бүтээлүүд хийжээ.
Түүний урын санд томоохонд тооцогдох бүтээлийн тоонд 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөний цогцолборт зориулан хийсэн 7,2 метрийн өндөртэй, нийт урт нь 36 метр хэмжээ бүхий “ИХ МОНГОЛ УЛС- ЭЗЭНТ ГҮРЭН”, “МОНГОЛ УГСААТНЫ ТӨРТ УЛСУУД” гэсэн шилэн зургийн 2 бүтээл ордог байна.
Уран бүтээлийн арвин туршлага, урын сан дахь гайхалтай бүтээлүүдээрээ өнөө цагийн шилдэг зураачдын нэгд тооцогддог түүний хувьд 1974 онд Аж үйлдвэрийн хөгжлийн сэдвээр “Бүтээн байгуулалт” 210х100 хэмжээтэй холст тосон будгийн зургаар уран бүтээлийн гараагаа эхэлсэн түүхтэй аж.
1970-1981 онуудад Дүрслэх урлагийн сургууль, Москва хотын Суриковын нэрэмжит Уран зургийн Академид суралцаж төгссөн зураач Н.Амгаланбаатар 1981-2019 онд Монголын Урчуудын Эвлэлээс зохион байгуулсан гадаад дотоодын бүх үзэсгэлэнд тогтмол оролцож иржээ.
2005 онд бие даасан анхны уран бүтээлийн үзэсгэлэн, 2006 онд шилэн зургийн томоохон 2 бүтээлээ Улаанбаатар хотод дэлгэж байсан тэрбээр 2007онд Дани улсад бие даасан үзэсгэлэнгээ зохион байгуулсан байна. Улмаар 2010 онд Хятадын Чан-Чунд болсон олон улсын үзэсгэлэн, 2011 онд бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ Улаанбаатар хотод нээсэн бол, өдгөө 2019 онд бие даасан дөрөв дэх үзэсгэлэнгээ дэлгэж буй нь энэ юм
Түүний намтар түүхээс товч сийрүүлбэл, 1955 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод төрсөн бөгөөд 1971-1974 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийг Ардын зураач Л.Гаваагийн удирдсан ангид уран зураач мэргэжлээр төгсчээ.
1975-1981 онуудад Москва хотод Суриковын нэрэмжит уран зургийн Академийг Оросын ардын зураач М.Савастюкийн урланд зураасан зургийн мэргэжлээр төгссөн байна.
1981-1983 онд Монголын Урчуудын Эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд уран сайхны удирдагч, 1983-1985 онд Монументаль чимэглэлийн үйлдвэрт зураач, 1985-1988 онд Улсын Үзэсгэлэн чимэглэлийн газар орлогч дарга, уран сайхны удирдагч, 1988-1990 онд Шинжлэх ухаан, техникийн гадаад үзэсгэлэнгийн ерөнхий арга зүйч, 1990-1993 онд Уран зургийн галерейн захирал, 2003-2010 онд Байгалийн түүхийн музейд зураачаар ажиллаж байсан туршлагатай нэгэн.
2012 оноос эхлэн өнөөг хүртэл “Клей арт” ХХК-ийн дэргэдэх “Керамик арт” студид уран зураг, хар зургийн багшаар ажиллаж буй тэрбээр энэ хугацаанд 16-60 насны нийт 400 гаруй хүмүүст уран зургийн анхан шатны мэдлэг боловсрол олгосон бөгөөд тэдгээрээс 10 гаруй хүн Америк, Австрали, Итали, Австри, Хятад зэрэг улсын их, дээд сургуулиудад урлагийн мэргэжлээр суралцаж байна. Мөн ойролцоогоор 100 гаруй залуус дотоодын их, дээд сургуулиудад уран зураг, архитектор, дизайны чиглэлээр амжилттай суралцаж байгаа юм.
Зураач Н.Амгаланбаатарын хөдөлмөр, бүтээлийг улсаас үнэлж 1987 онд Вьетнам улсын соёлын тэргүүний ажилтан, 2004 онд Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан, 2012 онд төрийн дээд “Алтан гадас” одон, 2017 онд “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”, 2018 онд “Цагаан сүлд” одонгоор тус, тус хөхүүлэн шагнасан байна.