Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Нийслэлд хэрэгжиж буй дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтэнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн тухай асуудлыг НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцуулж, хэлэлцүүлэв.
Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссаны дагуу шинээр боловсруулан хэрэгжүүлэх 17 дэд хөтөлбөр, нутгийн захиргааны байгууллагуудаас санаачлан хэрэгжүүлэх хоёр дэд хөтөлбөр нийт 19 хөтөлбөр Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, журмын дагуу батлагдсан. Нийслэлийн хэмжээнд 2019 оны байдлаар Нийслэлийн ИТХ-ын тогтоолоор батлагдсан нийт 30 дэд хөтөлбөр хэрэгжиж байна.
Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэж, цаашид дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллахад шаардлагатай санал санаачилгыг хэлээд, холбогдох албаны хүмүүст хэрэгжилтийг хангахад анхаарал хандуулж, хяналт тавьж ажиллахыг үүрэг болгов.