За тийм ээ. Би нэгэн мэргэн бууч, баатрын тухай өгүүлэх гэсэн юм. Баатар гэхээр Халх голын дайны мэргэн бууч Данзанваанчиг, Л.Аюуш нар биш шүү гэдгийг сануулъя. Харин бяцхан хөргийн маань эзэн бол энх цагийн баатар, мэргэн буудагч Отрядын Гүндэгмаа. Тэрээр Монголдоо төдийгүй дэлхийд од болон гялалзсан бүсгүй Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин. Спортын гэр бүлд өссөн. Алдрын замыг маань аавыгаа тавьж өгсөн гэж өөрөө дандаа ярьдаг. Аав нь Б.Отряд гэдэг инээд цалгиулсан сайхан эр байв. Олон улсын хэмжээний мастер цолыг хүртсэн анхны шүхэрчин аавынхаа тухай О.Гүндэгмаа саяхан ном гаргасан. Түүндээ аав, ижий хоёр маань хоёулаа шүхэрчин. Намайг өдий дайтай тамирчин болоход ач буянаа өгсөн хүмүүс гэдгийг онцолсон байна лээ.
18-хан настай О.Гүндэгмаа анх Атлантын олимпод оролцож шагналт байр эзэлснээс хойш 23 жил өнгөрч. Тэр хугацаанд 2008 онд Бээжингийн олимпод дэд аварга болсон жил, удаах нь дэлхийн аварга болсон баяртай мөч, түүний хойтон гэхчлэн Монголын Спортод гэрэл гэгээ авчирсан амжилтын цуврал нь хөвөрнө. Хийн гар бууны 10 метр, спорт гар бууны 25 метрийн дасгал гэдэг түүний жинхэнэ мэргэжил нь гэхэд болно.
Энэ төрөлдөө 1998 онд ДАШТ-ий багийн төрөлд хүрэл медаль, 2006 онд мөн хүрэл бас 2002, 2006 онд Азийн наадмаас медальтай ирсэн.
Ази-Африкийн наадамд очихдоо медалийн тавцангаас мөн л буугаагүй тив, дэлхийн цуврал тэмцээнээс алт, мөнгөн медаль олныг ижилсүүлсэн. Ер нь О.Гүндэгмаад медальгүй ирсэн үе тун ховор доо. Бээжингийн олимпод дэд аварга болсноор Москвагийн 1980 оны олимпоос хойш анхны мөнгөн медальтан болсон юм. Тэр бас хөдөлгөөнт байг хурдан буудах төрөлд сум тоолж 30 суманд 300 оноо авсан дэлхийн анхны мэргэн л дээ. Бээжингийн олимпод түүний гаргасан амжилтын оноо 590.
Тэгвэл саяхан болсон дэлхий цэргийн спортын наадамд аваргалахдаа бас 590 оноо авч. Энэ бол мэргэн буучийн маань хараа хурц, оноо хэвээр байгаа гэсэн үг.
Дараа нь Катарын Дохад болсон Ази тивийн аварга шалгаруулах буудлагын тэмцээнд мөнгөн медаль хүртэж улмаар “Токио-2020” олимпод оролцох эрхээ аваад ганзага дүүрэн ирлээ. О.Гүндэгмаа долоо дахь олимпдоо очно. “Атланд-1996”, “Сидней-2000”, “Афин 2004”, “Бээжин 2008”, “Лондон 2012”, “Рио- 2016 тэр бүгдийн тамирчин элч нь. Түүн шиг долоон олимпод оролцсон хүн Монголд байхгүйгээр бичигдэнэ.
Ийм хүнийг мэргэн бууч гэхгүй яах юм бэ. Ийм нүсэр гавьяатай тамирчныг Хөдөлмөрийн баатар бас гавьяат болгосон нь онож гэх минь. Цаашлаад гэр бүлээрээ тийм алдар, хүндийн эзэд энэ тэр гээд яръя гэвэл улам ихийг дэлгэх болноо доо. Одоо О.Гүндэгмаад ганцхан зорилго бий. Тэр нь олимпийн аварга болох. Зорьсондоо хүрэхийн ерөөл өргөнөм.
Д.Надмид
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин