“Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ-ын тэргүүн Б.Золзаяатай хүчирхийллийн хохирогчдыг чадавхжуулах сайн туршлага, ач холбогдлын талаар ярилцлаа. Тэрбээр “Манай нийгэмд хохирогчийг буруутгах хандлага давамгай байгаа нь хохирогч дуугаа хураах, хүчирхийлэгч өөхших боломжийг бий бүрдүүлж байна.
Бид хүчирхийлэл үйлдэгчээс яагаад бусдын эрхэнд халдаж хэрэг үйлдсэнийг нь асууж, таслан зогсоохын оронд хохирогчоос яагаад, яаж яваад хүчирхийлэлд өртчихсөн юм бэ мэтээр шалгаахад илүү их анхаарч байна. Тиймээс нийгмээрээ хохирогчдыг хамгаалахад анхаарахын сацуу хүчирхийллийг өөхшүүлж буй хандлагыг өөрчлөх нь хамгийн гол зүйл болоод буйг онцолсон юм.
-Гэр бүлийн харилцаа нь хүчирхийлэлтэй байгааг хохирогч өөрөө таньж мэдэх хамгийн эхний шинж тэмдэг нь юу вэ?
-Хүчирхийлэл бие махбод, сэтгэл санаа, эдийн засаг, бэлгийн гээд маш олон хэлбэрээр илэрдэг тул яг оноосон шинж тэмдгээр хязгаарлагдахгүй. Тухайн хүн харилцаандаа таагүй, ямар нэг айдас, дарамт байгааг мэдэрч эхлэх нь эхний дохио байж болно. Нөгөө талаас хүчирхийлэлд өртөж байгаа хүн өөрөө зогсолтгүй эргэх сэтгэл гутралын тойрогт орох нь олонтаа тул түүнийг давж, зориг гарган дуугарахад нь эргэн тойрны хүмүүс, хамт олны дэмжлэг чухал.
Учир нь хохирогч “би хүмүүст хэлж, тусламж хүслээ гэхэд тэд юу гэж бодох бол, намайг буруутгах болов уу, туслах болов уу” гэх мэт эргэлзээтэй байдаг. Тиймээс хэн нэгэн хүчирхийллийн хохирогч болсоноо танд хандан илэрхийлбэл та үл тоох, няцаах бус харин тусламж, зөвлөгөө авч болох мэргэжлийн байгууллагад очиход нь туслаарай. Түүнчлэн, хүчирхийллийн хохирогчийг хөндлөнгөөс хараад “хүчирхийлэгч хүнээс шууд салаад явах хэрэгтэй” гэх мэтээр их амархан дүгнэх нь бий.
Гэтэл гэр бүлийн хүчирхийлэл бол гудамжинд танихгүй хэн нэгний халдлагад өртөхөөс огт өөр, онцлогтой. Наад зах нь тухайн хоёр хүн хайр сэтгэлээр холбогдсон, тэр хүндээ итгэдэг, уучилдаг, дахиад бүх зүйл өөр болно гэж найддаг, дундаа хүүхэд, эдийн засаг, байр, санхүү, зээл, нэр төр гээд олон зүйлээрээ холбогдсон тул нэг өдөр гараад гүйчихэж чадахгүй гээд олон хүчин зүйл нөлөөлж байдаг.
-Нэг үеэ бодвол гэр бүлийн хүчирхийллийн мэдээлэгч нэмэгдсэн гэдэг. Гэхдээ санамсаргүй алдаа хохирогчдыг эргээд эрсдэлд оруулах тохиолдол байдаг. Ер нь ийм үйл явдлын гэрч болсон хүн яах ёстой вэ?
-Дотны хүндээ сайн сайхныг хүссэндээ, нөхцөл байдал ноцтой болчихсон үед нь ч бид “Гэр бүл, үр хүүхэд, сайхан үеэ бод. Энэ зэргийн зүйл байдаг, бодож байгаа шиг чинь биш” гэх мэтээр хохирогчийн яриаг үгүйсгэснээр эргээд хохирогчийн дахин ярих, илэрхийлэх зүрх зоригийг нь мохоож эргээд жинхэнэ нөхцөл байдлыг саармагжуулан далдлах нь түгээмэл.
Ихэнхдээ асуудал маш ноцтой болох хүртэл тухайн хүн тэвчдэг тул итгээд ярьсан үед нь зоригжуулах, итгэх нь чухал. Тэр дундаа хамгийн анхны итгэж хэлсэн хүний хандлага маш чухал тул яаран дүгнэлт хийлгүй мэргэжлийн хүн байгууллагад хандахыг зөвлөх хэрэгтэй. Учир нь итгэж хандсан хүмүүс нь мэдрэмжийг нь үгүйсгэвэл хохирогч дуугүй болж, өөрийгөө буруутган, цаашлаад хүчирхийлэл даамжирч эрүүл мэнд, амь насаараа хохирох хүртэл эрсдэлийг бий болгоно.
Судалгаанаас харахад эмэгтэйчүүдийн 15-30 хувь нь л хүчирхийлэлд өртөж байгаагаа ойр дотнынхондоо мэдээлдэг байна. Түүгээр зогсохгүй, таны ойр дотны хэн нэгэн хүчирхийлэлд байгаагаа нууж байсан ч та ямар нэг зүйл мэдэрч байвал заавал асууж, ярилцахыг зөвлөж байна.
-Хохирогч сэтгэл зүйн маш хүнд байдалд орсон байдаг. Үүнийгээ даван туулахын тулд өөрсдөө юу хийх хэрэгтэй вэ?
-Хамгаалах байраар үйлчлүүлсэн эмэгтэйчүүдийн дунд хийсэн судалгааг харвал хохирогч сэтгэл зүйн хувьд хүнд байдалд орсон байх нь элбэг. Чөтгөрийн тойрог гэдэг шиг, хүчирхийлэгч үргэлж “чи хэн ч биш, надаас өөр чамайг гэх хүн байхгүй, чи гараад хаачдаг юм” гэх мэтээр хэлж эсвэл гэр бүлийг нь заналхийлэх зэргээр сул дорой болгосон байдаг тул хохирогч нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрчихсөн байдаг.
Өдөр бүр нэг гэрт байдаг, маш олон зүйлээрээ холбогдчихсон нөхцөлд өөрийгөө гэр бүлийн хүчирхийлэлд байгаагаа, тэр гэрээс гараад цаашид амьдрах гарц байгаа гэдгээ олж харахад маш хэцүү. Ямар ч тохиолдолд хохирогч энэ бүгдийг ганцаараа давж туулах хэцүү тул дотны хүмүүс эсвэл мэргэжлийн байгууллагаас тусламж авах нь л гарц болно.
Эргээд харвал, бид аливаа харилцаанд зөрчил, маргааныг харилцан ярилцаж, эерэгээр шийдвэрлэх аргад суралцаагүй байдаг тул зөрчил даамжирсаар эрх мэдлийн тэнцвэргүй харилцааны улмаас ихэнхдээ хүчирхийлэл болж хувирдаг. Тиймээс хосууд зөрчлөө эерэг аргаар шийдвэрлэх гэж хамтдаа зорих, боломжгүй бол хамтдаа сэтгэлзүйч, мэргэжлийн хэн нэгнээс эрт тусламж авах нь ирээдүйд үүсэх сөрөг үр дагаваруудаас урьдчилан сэргийлэхэд чухал.
-Хүмүүс хамтрагчтайгаа олон талаар холбогддог нь гарцаагүй. Гэхдээ зарим нь харилцааг орхиж, нөхцөл байдлаас гарч чаддаг. Харин орхиж чаддаггүй нь ямар шалтгаантай байдаг юм бол?
-Хүчирхийлэлд байгаа хүний нөхцөл байдлыг бид бүрэн мэдэрч чадахгүй. Жишээ нь, нэн түрүүнд эдийн засгийн байдал нөлөөлдөг. Тухайн хүн хүүхдүүдээ дагуулаад гэрээсээ гараад айлаар хэд хонолоо, төрсөн гэртээ эргэж очиход хэрхэн хүлээж авах уу, дараа нь хаачих уу, хэрхэн амьдрах уу гэх мэт эдийн засгийн хүчин зүйл хамгийн том шалтгаан болж байна.
Өөр хэн нэгэн хөндлөнгөөс нөхцөл байдлыг хараад, шийдвэр гаргахад амархан мэт санагдах боловч яг бодит байдал дээр энэ бүхэн нэг өдөр орхиод гарчих тийм амархан биш байдаг. “Юмс, үзэгдэл харагдаж буй шигээ энгийн биш” гэдэг үг байдаг шүү дээ. Тэр дарамт, хүчирхийллийн нөхцөл байдлаас гарахад гэр бүл, найз, нөхөд, хамт олон, цаашлаад мэргэжлийн хүмүүсийн дэмжлэг, тусламж зайлшгүй хэрэгтэй.
-Хүчирхийллийн хохирогчдыг эдийн засгийн хувьд чадавхжуулах бүтэц, үйлчилгээ улсад байна уу?
-Өнөөг хүртэл хохирогчдыг хамгаалж, чадавхжуулах ажлын дийлэнхийг ТББ-ууд хийж ирсэн. Хохирогч хамгаалах байранд хэд хонохоос өөр дорвитой үйлчилгээ улсад алга. Хамгаалах байрнаас гараад аюулгүй байх эсэх, гараад хаачих, яаж амьдрах, ямар ажил хийх нь тодорхойгүй. Хөл дээрээ босож, эдийн засгийн хувьд бие даатлаа түр хугацаанд байрлах байртай байж л тухайн хүнд цаашдаа хөгжих боломж, цаг хугацаа өгнө. Орон нутагт бол бүр хүнд.
Бүгд бие биенээ таньдаг тул хохирогчид очих газар ч байдаггүй гэх мэт асуудлууд байна. Хэрэв гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоо сайн ажилладаг бол санхүүгийн эх сурвалжтайгаа золготол нь тодорхой хэмжээнд дэмжих систем байх ёстой. Үүнийг хүний эрхийн хангах, хамгаалах үндсэн үүргийнхээ дагуу төр нь мэргэжлийн ТББ-уудаар дамжуулан хийх учиртай.
Энэ системийг зөвхөн гэр бүлийн хүчирхийллийн хохирогчоос гадна хүн худалдаалах гэх мэт бусад төрлийн гэмт хэргийн эмзэг нөхцөлд байгаа гэрч, хохирогчийг хамгаалах, цаашид нийгэмд хөл дээрээ босох дэмжлэг болгож өргөжүүлэх шаардлагатай.
-Хохирогчийг чадавхжуулах ямар загвар олон улсад үйлчилдэг бэ?
-Скандинавын болон Шинэ Зеланд зэрэг улс, АНУ-ын зарим мужид гэрч, хохирогчид өөр газар шилжин суурьших зардлыг нь олгох, дараагийн ажилд, хийж чаддаг зүйлээ эрхлэхэд нь зуучлах, тэр хүртэл нь хямд орон сууцаар хангах зэрэг үйлчилгээг төсвийн зардлаар санхүүжүүлдэг.
Харамсалтай нь энэ систем манайд санхүү, эрх зүйн орчны хувьд үйлчлэх боломж байхгүй байна. Гэр бүлийн хүчирхийллийн ихэнх хохирогч хүүхдээ дагуулаад гардаг. Гэтэл ийм үйлчилгээ байхгүй тул хүүхдийнх нь сурч боловсрох болон бусад эрх зөрчигдөж, хүүхэд ч бас эрсдэлд орох нь бий.
-Хүчирхийллийн хохирогч зөвхөн эмэгтэйчүүд биш. Монгол эрчүүдийн дундаж наслалт богино. Нийгмийн зүгээс гэр бүлээ авч явах, санхүүгийн бүх ачаа дарамт тэдний нуруун дээр ирдэг. Тэдэнд чиглэсэн ямар бодлого, хандлага чухал вэ?
-Жендер гэхээр зөвхөн эмэгтэйчүүдийн л асуудал гэсэн өрөөсгөл ойлголт байдаг, гэтэл бид жендэрийн тэгш эрхийн хангахын тулд эрэгтэй, эмэгтэй, өөр хүйсийн гээд бүх хүсүүстэй ажиллах, энэ нь эргээд хүн бүрт ээлтэй нийгмийг бий болгох алсын хараа юм. Нэг жишээ нь, өнөөдөр эрчүүдээ яаж өсгөж хүмүүжүүлдгээ эргэн харах чухал.
Хүүхдээ багаас нь хайр энэрэл, харилцаа, халамж төрүүлдэг бус зөвхөн зодоон, тулаантай тоглоомоор л тоглуулж, “эр хүн уйлдаггүй, хатуужилтай, бүхнийг давж гарах ёстой” гэх мэт хэт нэг л талыг барьсан зан үйл, чадваруудыг хөгжүүлээд байвал эрэгтэйчүүд маань нээлттэй ярилцдаг бус, асуудлыг нударгаар шийдэх хандлагатай, бухимдал, мэдрэмж, алдаа оноогоо гадагшаа хуваалцах боломжгүй, бүхнээ дотроо тээдэг хүн болчихоод байна.
Үүний хажуугаар эр хүн л болзохоос эхлээд, гэр бүлээ тэжээж мөнгө олох ёстой гэсэн амаргүй “үүрэг” ачааг үүрүүлчихдэг, чадахгүй бол чи эр хүн биш, удирдагч, шийдвэр гаргагч байх ёстой, тийм биш бол чи эр хүн биш гэх мэтээр явцуу дүрд хайрцаглана. Тэдгээр дүрд нь хүрэхэд амаргүй байгаад гутарлаа, сөхөрлөө гэхэд хатуу чанга, хүчтэй бай хэмээн эерэгээр гадагшлуулах, хуваалцах эрх ч өгдөггүй ингээд эцэстээ энэ бухимдлаа архиар тайлна, цаашлаад хүчирхийлэгчийн авир гаргахад хүрч байна.
Өсгөн хүмүүжүүлж, бүтээж буй арга, хандлага маань ийм байдалд хүргэсэн болохоос биш тэд төрөхдөө хүчирхийлэгч байгаагүй, эсвэл хэн нэгэн хүчирхийлэл үйлд гэж тэдэнд нэг өдөр хэлээгүй. Дээрээс нь эрэгтэйчүүд маань өвчний нас баралтаар дэлхийд тэргүүлдэг боллоо. Мөн эмэгтэйчүүдээсээ есөн насаар богино наслаж байна.
Энэ бүгд бидний “жинхэнэ эр хүн” гэж хэнийг бүтээгээд байгаагаа эргэж харах сануулга болж байна. Охидын хувьд ч ялгаагүй. Зөвхөн хүүхэлдэй, гал тогоогоор тоглуулснаас сэлэмээр тоглуулж, өрсөлдөх, тэмцэх мэдрэмж өгч, зоригтой, манлайлагч болгоход анхаарах цаг болсон.
-Монгол эрэгтэй хүний дүр бол уламжлалын явцад бүрэлдсэн, нэг ёсондоо шалгуур давж гарч ирсэн. Одоо энэ дүр таарахгүй болсон шалтгаан нь юу вэ?
-Өмнө нь бүх зүйл болоод ирсэн гэж харахад хэцүү. Магадгүй олон арван жилийн өмнө хүний амьдрах хэв маяг, ахуй өөр үед болж байсан мэт харагдаж болох, гэтэл өнөөгийн нийгмийн энэ хэв маягт тэр хэвшмэл ойлголт, дүр төрх хэр бууж байна гэж асуух чухал.
Өмнө нь байгальдаа ойр, ан болоод аян дайн их хийдэг байсан тул бие физиологийн хүчээр амьдардаг байсан нь үнэн. Одоо бол нөхцөл байдал өөр болсон тул эрчүүдээ дайнд бэлдэж буй мэтээр хүмүүжүүлэх ёстой юу эсвэл нийгмийн харилцаанд өөрөө өөрийгөө авч гарч чаддаг, стресс бухимдлаа зөв тайлж чаддаг, харилцан ярилцаж, мэдрэмжээ чөлөөтэй илэрхийлж чаддаг хүн болгосон нь дээр үү.
Эрчүүдэд жендерийн асуудал байгаа нь үнэн. Гэхдээ үүнийгээ нээлттэй ярихад нөгөө олон юм ярьдаггүй гэх “монгол эр хүн”-ий хэвшмэл дүр саад болоод байна шүү дээ. Аливаа соёлд сайн, муу холилдон байдаг. Соёлоо авч үлдэнэ гээд одоо үед тохирохгүйг нь чирээд ухраад байж болохгүй. Бид авах, гээхийн ухаанаар хандах хэрэгтэй.
-Олон улсын туршлагаас харахад энэ салбарт хурдтай ахиц гаргасан ямар улс байдаг вэ?
-Скандинавын орнууд гэхэд эрэгтэй, эмэгтэй хүмүүс нийгэмд ижил үнэ цэнтэй, тэнцвэртэй амьдруулахад чиглэсэн олон бодлого, зохицуулалт хэрэгжүүлж байна. Жишээ нь хүүхэд нь төрөхөд эцэг, эхэд нь цалинтай чөлөө ижил тэнцүү олгодог болсон. Ингэснээр ажил олгогч тухайн хүн хэн ч байсан чадварт үндэслэн ажилд авах шийдвэрээ гаргаж байна.
Өмнө нь зөвхөн эмэгтэй хүнд ийм чөлөө олгодог байхад эмэгтэйчүүд хүүхдээ төрүүлээд удаан хугацаагаар чөлөө авах нь ажил олгогчид эрсдэлтэй байсан учраас эрэгтэйчүүдийг ажилд илүү авахад нөлөөлдөг жишээтэй. Судалгаанаас харахад ийм зохицуулалт хийсний дараа эрэгтэйчүүдийн стресс ч багассан. Хүүхдээ харж хайрлаж, өсгөж хүмүүжүүлж байгаа эрэгтэйчүүдийн аз жаргал, хайр энхрийллийн мэдрэмж нь илүүтэй нэмэгдсэн.
Тиймээс жендерийн тэгш оролцоог хангах нь тухайн хүн, гэр бүл, ажил олгогч болоод нийгэмд ч эерэг нөлөө авчирч байна. Гэтэл монгол эрчүүд маань мөнгөний машин шиг өдөр болгон ажиллах ёстой, хүүхэд нь төрвөл долоо хоногийн л чөлөө авч байх жишээтэй.
-Хүчирхийллийн төрлүүдээс хамгийн гутамшигтай нь нийгэмд арай дэндүү газар авсан байна. Ялангуяа бага насны хүүхдүүд маань бэлгийн хүчирхийлэлд их өртдөг болсон. Бэлгийн хүчирхийлэгч үнэхээр тийм олон болчихсон хэрэг үү?
-Мэргэжлийн сэтгэлзүйч илүү нарийн хариулах байх. Ерөнхийд нь харвал нийгэмд өөрийгөө барьж чаддаггүй, физиологийн шалтгаантай, төрөлхийн хүчирхийлэгч зан авиртай хүн цөөхөн шүү дээ. Харин олонх тохиолдолд нийгэм хүчирхийллийн эсрэг хангалттай хөдлөхгүй дуугарахгүй үед “энэ бол болдог л зүйл, угаасаа ингэлээ гээд намайг яавал гэж” гэсэн хандлага хүчирхийлэл үйлдэхийг өөгшүүлсээр байна.
Найзуудын уулзалт, үдэшлэг дээр бэлгийн хүчирхийлэл үйлдсэн тохиолдлыг буруу, гэмт хэрэг үзэхгүй, харин хохирогчийг буруутгасаар байгаа учраас л болзооны хүчингийн асуудал нуугдмал хэвээр байсаар байна. Эхнэрээ зодож байгаа хүн ч гэсэн ялгаагүй “миний гэр бүлийн асуудалд хэн орж ирж, юу хэлэх юм бэ, би эхнэрээ мэднэ” гэсэн, өөрөөр хэлбэл намайг хэн хэлж, нохойг хэн саах вэ гэх хандлага өөгшүүлсээр байдаг.
Бид хүчирхийллийг хүлээн зөвшөөрдөг хандлагыг өөрчлөхийн тулд, үр хүүхдэдээ илүү эерэг нийгмийг бий болгохын тул дор бүрнээ хүчирхийлэлд үгүй гэж хэлэх хэрэгтэй. Бид дор бүрнээ үр хүүхдээ хамгаалахаар зогсохгүй, бүгд хүчирхийллийн эсрэг дуу хоолой гарган тэмцэх чухал, учир нь тэд энэ нийгэмд л хөл тавж амьдрана шүү дээ.
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ