Боливын Ерөнхийлөгч Эво Моралес сонгуулийн үр дүнгээс болж улс оронд нь үргэлжилж буй эсэргүүцлийн улмаас тогтвортой байдлаа сэргээхийн тулд албан тушаалаа орхиж байгаагаа зарлалаа. Үүний зэрэгцээ тэрбээр болсон үйлдлийг төрийн эргэлт хийх гэж оролдлого гэж нэрлэжээ.
Түүний араас тус улсын дэд ерөнхийлөгч Альваро Гарсия Линера, хэд хэдэн сад, мөн гаалийн албаны тэргүүн нь албан тушаалаа өгснөө зарласан. Мөн Ерөнхийлөгчийн намд байдаг хэд хэдэн амбан захирагч огцрох төлөвтэй байна.
Моралесыг огцорсноо зарласны дараа гудамжинд хүмүүс баяраа тэмдэглэж байна. Тэд дуулж, лоозон барин хашхирч, далбаагаа намируулж, гудамжаар оркестр явж, үлээдэг хөгжмөөр хуурдацгааж байгаа юм.
Ерөнхийлөгч улсаасаа гарахыг оролджээ
Pagina Siete хэвлэлийн мэдээлснээр Моралес эмх замбараагүй байдлын үеэр улс орноосаа зугтах гэж оролдсон гэнэ. Түүний онгоц нийслэл Ла-Пас хотоос нисч, Аргентин болон бусад улсын агаар дээгүүр нисэх зөвшөөрөл хүссэн байна. Сүүлд нь Моралесын онгоц Боливын Кочабамба мужийн Чиморе хотод газардсан нь тодорхой болжээ.
Боливт эмх замбараагүй байдал хэдэн долоо хоног үргэлжлэв
Боливын ард түмэн 10 дугаар сарын 20-ны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс болж дургүйцэж эхэлсэн байна. Хуулийн дагуу нэр дэвшигч эхний шатанд ялалт байгуулахын тулд 50-иас илүү хувийн санал авах, эсвэл хоёрдугаар байрт орсон хүнээсээ 10 гаруй хувийн саналаар илүүрхсэн байх ёстой.
Тэгвэл Моралес 47,1 хувиар ялжээ. Түүний гол өрсөлдөгч, сөрөг хүчний удирдагч, Ерөнхийлөгч асан Карлос Меса 36,51 хувийн санал авсан нь 10,59 хувиар дутуу гэсэн үг юм. Гэтэл сөрөг хүчнийхэн төр засгийг саналын үр дүнг худал гэж үзэж, сонгуулийн комиссоос хэсэг хугацаанд тооллогыг зогсоосон аж.
Үүн дээр Америкийн улсуудын байгууллагаас шалгалт явуулж, урьдчилсан баримт гаргахдаа Моралесыг ялсан гэхэд илт эргэлзээтэй, сонгуулийн системд луйвар орсон гэжээ. Тиймээс сонгуулийн үр дүнг хүчингүй болгох хэрэгтэй гэсэн байна.
Ингээд Моралес огцрохоосоо өмнө шинэ, ээлжит бус сонгууль явуулахаа зөвшөөрсөн юм. Үүний зэрэгцээ тэрбээр бүрэн эрхийн хугацаагаа дуусах хүртэл төрийн тэргүүнээр ажиллах нь Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ гэж байлаа.
Цэргийнхэн огцрохыг шаардав
Тэгвэл тус улсын Зэвсэгт хүчний командлагч Уильямс Каллиман Ромеро “Тайван амгалан байдлаа сэргээж, Боливын тогтвортой байдлаа хангахын тулд Ерөнхийлөгчийг суудлаа өгөхийг уриалж байна” гэсэн байна. Үүний зэрэгцээ энгийн иргэд, зэвсэгт нэгдлүүдийг хүчирхийллээ зогсоож, эмх замбараагүй байдалдаа цэг тавихгүй бол айл өрхүүдэд цусан толбо, өвчин, эмгэнэл үргэлжилнэ гэжээ.
Сүүлийн өдрүүдэд засгийн эсрэг тэмцэлд цагдаа нар ч нэгдсэн юм. Ерөнхий прокурорын газраас сонгуулийн үр дүнг будлиантуулсан хүмүүсийг шалгаж эхэлнэ гэжээ.
14 жил төр барьжээ
Эво Моралес 2006 оны нэгдүгээр сараас эхлэн Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм. Уг нь тэрбээр өнгөрсөн 10 дугаар сарын 20-ны сонгуульд оролцох ёсгүй байсан. Дөрвөн жилийн өмнөх бүх нийтийн санал хураалтаар боливчууд түүнийг дөрөв дэхээ нэр дэвшихийг зөвшөөрөөгүй юм. Моралес анхандаа үүнийг хүлээн зөвшөөрч байсан ч удалгүй шийдвэрээ өөрчилж, тус улсын Үндсэн хуулийн шүүхээс Моралесыг сонгуульд оролцуулахгүй байх нь Ерөнхийлөгчийн суурь эрхийг зөрчиж байна гэжээ.
Моралесыг төр барих хугацаанд аж үйлдвэрийн хэд хэдэн салбарыг төрийн өмч болгож, ядуурлын түвшин буурч, нэг хүнд ногдох ДНБ 3,5 дахин өсөж, 1000 ам.доллар байсан нь 3600 ам.доллар болсон юм. Хэдий тийм боловч Ерөнхийлөгчийн сөрөг хүчнийхэн энэ бүгдийг экспорт амжилттай байсан, түүхий эдийн үнэ, тэр дундаа байгалийн хийн үнэ өссөн, хөгжлийн энэ загвар хуучирсан гэж шүүмжилдэг байлаа.
Эх сурвалж: lenta.ru
1 comment
Эво Моралес 2006 оны нэгдүгээр сараас эхлэн Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм eniig bichij bgaa hun dund surguuli tugssun yum bolov uu