Бид өчигдөр олон нийт хэдийнэ хэрэглэж хэвшсэн “Хөвсгөл их тайга” компанийн цайнуудад илэрсэн зөрчлийн талаар мэдээлсэн. Тэгвэл мөн л бидний өдөр тутмын хэрэглээ болсон бүтээгдэхүүн шалгалтанд бүдэрчээ.
Тодруулбал, МХЕГ-аас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хүнсний худалдаа үйлчилгээний газруудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийжээ. Хяналтын явцад “Gimex” ХХК-ийн “Хөсөг” цай, “Нутгийн цай” ХХК-ийн “Шар цай” (пакеттай) 30ш, “Гүрж ногоон цай” буталсан (грузия кобулети чай) цайны хугацаа дууссан байхад хуурамч шошго нааж хүнсний худалдаа үйлчилгээнд нийлүүлсэн, худалдан борлуулж байсныг илрүүлсэн байна. Иймд тухайн цайнуудыг Мэргэжлийн хяналтынхан хураан авчээ.
Иймд худалдан авагчид буюу хэрэглэгчид аливаа хүнсний бүтээгдэхүүний хаяг шошго, сав баглаа боодлыг сайтар нягтлан шалгаж худалдан авалт хийж байхыг анхааруулж байна.