Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо, АН-ын Соёл, спорт, аялал жуулчлалын бодлогын зөвлөл, “Улаанбаатар иргэдийн форум” хамтран “Соёлын өвийг хамгаалцгаая” нээлттэй хэлэлцүүлгийг өчигдөр (2019.11.08) Төрийн ордонд зохион байгуулжээ.
Уг хэлэлцүүлэгт иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл болон салбарын мэргэжилтэн, архитектор, соёлын зүтгэлтнүүд оролцож санал хүсэлтээ илэрхийлсэн юм. Соёлын өвийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах үүрэгтэй Монгол Улсын Засгийн газар болон соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Монгол Улсын түүх, соёлын үнэт өв, Улаанбаатар хотын түүхэн дурсгалт барилга байгууламжуудыг нурааж сүйтгэх санаачилгыг гарган, иргэдийн оролцоогүйгээр гардан хэрэгжүүлэхийг завдаж буйг Улаанбаатар хотын иргэд эрс эсэргүүцэж, тэмцэж ирсэн хэмээн оролцогчдын зүгээс байр сууриа илэрхийлж байлаа.
Дэлхийн сонгодог барилгуудын эх загварыг Монголын уламжлалт архитектурын шийдлээр баяжуулан урласан дахин давтагдашгүй түүхэн дурсгалт хэмээн тодотгож буй Байгалийн түүхийн музей, Драмын Улсын эрдмийн театр, Дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын төв номын сангийн барилгуудыг нураахыг эсэргүүцэж буйгаа салбарын мэргэжилтнүүд удаа дараалан илэрхийлсэн төдийгүй эдгээр барилгуудыг хүчитгэн, орчин үеийн шийдлээр сэргээн засварлах бүрэн боломжтойг ч дотоод, гадаадын инженерүүд нотолсон гэдгийг дурдаж байв.
Ийнхүү Улаанбаатар хотын түүхэн цаг үеийн чимэг болсон эдгээр барилгыг аварч үлдэхийг хүсч буй гэх иргэдийн дуу хоолойг нэгтгэн энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулсан аж. Хэлэлцүүлгийн үеэр яригдсан санал, зөвлөмжийг нэгтгэн Монгол Улсын Их Хурал, Засгийн газарт хүргүүлэхээр болжээ.