УИХ-ын чуулганы өнөөдрийн (2019.11.08) хуралдаан эхэлж, яг одоо Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэж байна. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Зарим улсад суугаа Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг хэлэлцэж нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 15 гишүүний 14 нь буюу 93.3 хувь нь дэмжсэнээ танилцуулсан юм. Мөн Элчин сайдыг эгүүлэн татах асуудлыг зөвшилцөхийг дэмжсэн.
Ерөнхийлөгч хуулиар хүлээсэн бүрэн эрхийнхээ хүрээнд:
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цэдэндамбын Батбаяр,
- Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нэмэхийн Батаа,
- Тайландын Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Төмөрхүлэгийн Төгсбилгүүн,
- Шведийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Очирын Энхцэцэг,
- Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сүхээгийн Сүхболд нарыг эгүүлэн татаж,
- Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дуламсүрэнгийн Давааг,
- Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Шагдарын Батцэцэгийг,
- Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бархасын Доржийг,
- Тайландын Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Амарсанаагийн Төмөрийг,
- Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Түвдэндоржийн Жанабазарыг,
- Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр Воршиловын Энхболд нарыг тус тус томилох асуудлыг зөвшилцөхөөр хүргүүлээд байгаа юм.
Өнөөдрийн чуулганы хуралдаанаар дараа нь доорх асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:
1. Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудал;
2. Монголбанкны Ерөнхийлөгчийг албан тушаалаас нь чөлөөлөх тухай асуудал;
3. Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төсөл /хоёр дахь хэлэлцүүлэг/;
4. Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
5.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
6. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
7.Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол нарын 10 гишүүн Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Хорт хавдрын өвчлөл, түүний илрүүлэлт болон эмчилгээний өнөөгийн нөхцөл байдлын талаар” тавьсан асуулгын хариуг сонсоно.