Монгол Улсын гавьяат жүжигчин, НҮБ-ын Хүүхдийн сангийн элч дуучин Т.Ариунаа “Тэнгэр шиг бай” тоглолтоо өнөөдөр “Буянт-Ухаа” спортын ордонд хийх гэж байна. Тэрбээр “Гайхамшигт үдэш” тоглолтоо 2009 онд хийснээс хойш 10 жилийн дараа ийнхүү 37 жил эзэгнэж буй алтан тайзнаас шүтэн бишрэгчидтэйгээ уулзах гэж байгаа нь яах аргагүй онцлох үйл явдал юм.
Дуучин Т.Ариунаа энэхүү тоглолтын үеэр төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, яруу найрагч О.Дашбалбарын шүлэг, Б.Бямбабаярын ая “Тэнгэр шиг бай”, Төрийн соёрхолт яруу найрагч Д.Пүрэвдоржийн шүлэг, Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Шаравын ая “Тусгаар тогтнол” хэмээх хоёр том уран бүтээлээ үзэгчдэд анх удаа толилуулах юм. Үүнээс гадна үзэгч, сонсогчдын сэтгэлд хоногшсон олон хит дуугаараа “Буянт-Ухаа”-д бут авсан тоглолт хийх нь тодорхой болов уу. Учир нь түүний тоглолтод “Хар сарнай”-н Амараа, “Хар тас”-ын Марка, дуучин Т.Дэлгэрмөрөн, жүжигчин Т.Бархүү, ICE TOP хамтлагийн Манлай, Motive хамтлагийн дуучин Ганбаа нар хүрэлцэн ирж сюрприз барих аж.
“Тэнгэр шиг бай” тоглолт Монголын рок, поп хөгжмийн ертөнцөд нэн шинэ санаа, шинэлэг санаануудыг хэрэгжүүлснээрээ онцлогтой байх нь дамжиггүй. Мөн хөгжмийн шинэ ямар дуугаралт, найруулгаар үзэгчдийн сонорыг мялаах нь олны анхаарлыг татаж байна.
Дуучин Т.Ариунаатай хамт нэгэн үдшийг дуулж, бүжиглэж, доргиж өнгөрүүлэхээр тэсэн ядан хүлээж буй үзэгчдэд дуулгахад Авто тээврийн үндэсний төвийнхөн өнөөдөр та бүхнийг “Буянт-Ухаа” спортын ордон руу үнэ төлбөргүй хүргэж өгч үйлчлэх юм байна шүү. Тодруулбал, Улсын драмын эрдмийн театр, “Аса” циркийн гаднаас 16:00, 17:30 цагт зорчигчдоо аван тус тус хөдөлж, үдэш 22:40 цагт буюу тоглолтын дараа Монголын хүүхдийн ордон хүртэл хүргэж өгөхөөр болжээ.
Автобусаар үнэ төлбөргүй үйлчлүүлэх хүсэлтэй иргэд 99159030 дугаараас дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.