БНХАУ-ын харилцаа холбооны төрийн өмчит гурван компани арваннэгдүгээр сарын 1-нээс орон даяар 5G сүлжээгээ зэрэг ажиллуулж эхэлснээр тус улс дэлхийн хамгийн том 5G сүлжээг нээсэн орон болсон билээ. БНХАУ тавдугаар үеийн үүрэн холбооны сүлжээгээ ирэх оны эхээр зах зээлд нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байсан ч АНУ-тай хийж буй худалдааны дайны хориг нөлөөлөхөөс сэргийлж, хугацааг урагшлуулсан ажээ.
Гэтэл 5G сүлжээнд шилжсэнтэй зэрэгцэн БНХАУ 6G технологийн судалгааг эхлүүлснээ өчигдөр зарласан байна. Хятадын Шинжлэх ухаан, технологийн яам, Хөгжил өөрчлөлтийн үндэсний хороо, Боловсролын яам, Аж үйлдвэр, мэдээлэлжүүлэлтийн яам, Хятадын Шинжлэх ухааны академи, Байгалийн шинжлэх ухааны сантай хамтран 6G технологийн судалгааны ажлыг эхлүүлэх уулзалтыг арваннэгдүгээр сарын 3-нд Бээжинд зохион байгуулсан юм байна. Уулзалтаар 6G технологийн судалгаа, хөгжлийг дэмжих үндэсний ажлын хэсэг, ерөнхий мэргэжлийн баг байгуулахаа мэдэгдсэн нь Хятадын 6G технологийн судалгааны ажлыг албан ёсоор эхэлсний илэрхийлэл болжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, 6G технологийн судалгааг дэмжих ажлын хэсэг тус улсын засгийн газрын холбогдох салбаруудаас бүрдсэн бөгөөд 6G технологийн судалгааны ажлыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Ерөнхий мэргэжлийн баг их, дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, аж ахуйн нэгжийн 37 мэргэжилтнээс бүрдэж, 6G технологийн судалгааны ажлын санал санаачилга, техникийн аргумент дэвшүүлж, томоохон бодлого шийдвэр гаргахад санал зөвлөгөө өгөх үүрэгтэй ажээ. Хятадын Шинжлэх ухаан, технологийн яам “Дэлхий нийтийн 6G технологийн судалгаа эхний үе шатандаа байгаа учраас техникийн чиг хандлага тодорхойгүй, гол үзүүлэлт, хэрэглээний хувилбарт нэгдсэн тодорхойлолтгүй байна. Дараагийн шатанд Шинжлэх ухаан, технологийн яам, холбогдох салбаруудтай 6G технологийн судалгааны төсөл боловсруулж, 6G технологийн урьдчилсан судалгаа, техникийн чиг хандлагын ажлыг эрэлхийлэх болно” хэмээн тэмдэглэжээ.
Эх сурвалж: Eagle.mn