Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар зөвшилцөх ажлын хэсгээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд АН-аас гурван санал хүргүүлсэн. Үүнээс Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх саналыг дэмжсэн бол бусад саналыг зөвшилцөхөөр болсон. Энэ талаар ажлын хэсгийн ахлагч УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдэд дараах тайлбарыг өглөө.
-АН-аас ирүүлсэн саналд Ерөнхийлөгчийг парламентаас сонгох асуудлыг тавьсан. Энэ тал дээр МАН-ын бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?
-Одоо Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгож байгаа. Ерөнхийлөгч хэн байх нь хамаагүй. Харин ард түмний сонголтыг парламентын сонголт болгох эсэх тухай асуудал байгаа юм. Ард түмний эрхийг авах гэж байна гэсэн үг байхгүй юу. Тэр агуулгаар нь хандаж байгаа гишүүд бий. Энэ асуудлыг бид Даваа гарагийн хурлаараа эцэслэн шийднэ.
-Сонгуулийн холимог тогтолцоон дээр танай нам ямар байр суурьтай байгаа вэ?
-Өмнө нь бид эсрэг байр суурьтай байсан. Одоо бол Даваа гарагт бүлгээрээ яръя гэж байгаа. Энэ бол АН-ын гурван саналын нэг нь.
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэзээ хэлэлцэж дуусах вэ?
-Бид ирэх долоо хоногтоо багтаачих бодолтой байгаа. Даваа гарагт бүлгээр яриад, мягмар, лхагва гарагуудад ажлын хэсэг, байнгын хороогоор, пүрэв, баасан гарагуудад чуулганаар хэлэлцэх төлөвлөгөөтэй байна.
-Холимог тогтолцоо нь намын нэрийн ард нуугдаж парламентад орж ирэх оролдлого гэсэн шүүмжлэл байдаг. Тэгвэл намын нэрийн ард нуугдахгүйгээр, тухайн нэр дэвшигчийг ард түмэн сонгох хувилбарыг бодолцож байгаа гэсэн. Энэ талаар?
-Пропорциональ чинь хоёр янз. Хүн дугуйлдаг пропорциональ, нам дугуйлдаг пропорциональ гэж байна. Манай намынхан хүн дугуйлдаг пропорциональ байвал яасан юм гэж байгаа. Тэгэхээр холимогийн асуудал яригдахаар мөн л хүн дугуйлдаг пропорциональ нь байх уу, нам дугуйлдаг пропорциональ нь байх уу гэдэг нь бас дагаад яригдана.
-Хэрэв холимог тогтолцоо орж ирвэл хэзээнээс хэрэгжих вэ?
-Манай намын зүгээс холимог тогтолцоог 2024 оноос оруулж ирье гэж ярьж байгаа. Энэ удаагийн сонгууль хуучин хуулиараа явах ёстой.
-Он дараалал дээр санал нийлэхгүй бол яах вэ?
-Он дараалал дээр АН-тай санал нэгдэх байх. Ер нь бидэнд нэг л юм байх ёстой. Үндсэн хуулиа батлая гэдэг чин зориг байх ёстой. Үнэхээр чин хүсэл байх юм бол үүнийг 2024 оноор батлаад явах боломж байгаа.