Авлигатай тэмцэх газар, Нээлттэй нийгэм форум зэрэг ТББ-ын дэмжлэгээр “Гэр иргэдийн оролцоотой амьдрах орчны зураглалын төв” ТББ санаачлан төрийн таван байгууллагын хайлтын нэг системд орууллаа.
Тодруулбал, www.opendatalab.mn анхдагч эх сурвалжийн мэдээллийг засваргүй, ашиглахад хялбараар, хүртээмжтэй байдлаар нээгдсэн нь онцлог юм. Энэхүү хайлтын системд хөрөнгө, орлогын мэдүүлэг, худалдан авах ажиллагаа, улсын бүртгэл, уул уурхайн лиценз, сонгууль гэсэн категори бүхий 19 мянган байгууллага, 48 мянган хувь хүн, 17 мянган тендер, 73 мянган албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлэг, 3356 уулд уурхайн лиценз 16 визиуал дата, бүх сонгуулийн мэдээллийг багтаажээ.
Хайлтын системээс дараах байгууллагын мэдээллийг авч болно.
- Хөрөнгө, орлогын мэдүүлэг
- Худалдан авах ажиллагаа
- Улсын бүртгэл
- Уул уурхайн лиценз
- Сонгууль гэсэн категори бүхий мэдээллүүд байршсан байна.
- нэг компанийн нэрээр хайлт хийхэд тус компани нь төрийн алба хаагчдын дурдагдсан хөрөнгө орлогын мэдээлэл байна уу, үгүй юу гэдэг мэдээллийг Google-с хайдаг шиг хайх боломжийг бүрдүүлсэн.
Иргэд ХОМ мэдүүлэгчдэд хяналт тавих боломжтой. Төрийн өндөр албан тушаалтны 2002 оноос хойш, бусад албан тушаалтны сүүлийн гурван жилийн мэдээллийг энэхүү хайлтын системд оруулжээ. Жишээ нь хайлт хийхдээ ямар компани тендер авсан, тухайн эзэмшигчийг хайж болно. Мөн Төрийн алба хаагчдын мэдүүлж буй хөрөнгө орлогын мэдүүлгийн нийт дүнг харах боломжтой. Тухайлбал, зуун сая төгрөгөөр өөрийн ХОМ-ийг мэдүүлсэн байх юм бол тэр орлогыг сараар нь хуваагаад үзэхээр дунджаар ес орчим саяын орлого сардаа олдог юм байна гэх зэргээр дүн шинжилгээ хийх боломжтой. Мөн энэхүү хайлтын системийг байгууллага, мэргэжил, салбараар нь бид ангилаад хайж үзэж болно. Өөрөөр хэлбэл, авлигаас урьдчилан сэргийлэх, зорилтот бүлгийг тодорхой болгох, харьцуулах боломжтой гэж АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, комиссар Д.Цэнд-Аюуш хэллээ.