УИХ дахь Ардчилсан намын зөвлөл ээлжит хуралдаанаараа гурван үндсэн асуудал хэлэлцлээ. Энэ талаар УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар мэдээлэл хийлээ.
УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат: Олон тооны Хятад иргэд манай улсад нууцаар зохион байгуулалттай бүлэглэн үйл ажиллагаа явуулж байсан нь илэрсэнтэй холбоотойгоор холбогдох байгууллагуудын мэдээллийг хаалттай хуралдаанаар сонслоо. Учир нь энэ асуудлаас үүдэж манай улсад ямар хор уршиг үр дагавар авчрах вэ гэдэг дээр онцгойлон анхаарч цаашид улс орныхоо эрх ашгийн тулд Үндэсний аюулгүй байдлын төлөө юу хийх ёстой вэ гэдэг дээр санал солилцсон. Харин ЦЕГ, ТЕГ–ын үйл ажиллагаанаас илэрсэн мэдээлэл дээр тулгуурлаж хэд хэдэн зүйл анхаарал татаж байгаа.
Нэгдүгээрт: Баривчилгааны үеэр маш олон зуун Хятад иргэд нэг газраас бөөнөөр нь жуулчны виз авсан асуудал анхаарлын төвд орж байна.
Хоёрдугаарт: Цахим сүлжээний ашиглалт хамгаалалт бидний хувьд хяналт шалгалт маш хангалтгүй байгааг илэрхийллээ.
Гуравдугаарт: Маш их хэмжээний бэлэн мөнгийг баривчилгааны үеэр хураагдсан гэсэн мэдээлэл байна. Энэ нь төгрөгөөр тооцоход 1.5 тэрбумд хүрэх хэмжээний мөнгийг хураасан байна. Энэ нь мөнгө угаах үйл ажиллагаа цахим сүлжээний бүлэглэлийн дор илт явагдаж байсан тухай асуудал хөндөгдөж байна. Энэ мэтчилэн хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагаа болон Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлсөн хэргийг дахин давтан гаргахгүй байх тал дээр цаашид юу хийх ёстой тухай холбогдох байгууллагыг сонслоо. Яг үнэндээ энэ үйл ажиллагаа юуг илэрхийлж байгаа нь Монгол Улс үнэхээр хяналт сул, эзэнгүй улс орон болж ашиглагдсан байна гэдгийг хэн хүнгүй анхаарч, цаашид давтан гаргахгүй байх тал дээр хууль хяналтын байгууллагуудын хамтын ажиллагаа, удирдлага зохион байгуулалт эрх зүйн орчин шинэчлэх зайлшгүй шаардлага байна гэдгийг харууллаа.
Дараагийн асуудал бол 2020 оны төсвийн хоёрдугаар хэлэлцүүлэг энэ долоо хоногт хэлэлцэгдэх гэж байгаатай холбоотойгоор төсөв хэрхэн батлагдсан тухай, сонгуульд чиглэсэн, улс төржсөн, МАН-ын мөрийн хөтөлбөрийг гүйцэлдүүлэх гэсэн тооцоололгүй төсөв болсон байна гэсэн байр сууриа АН илэрхийлсэн. Иймээс УИХ дахь Ардчилсан намын зөвлөл төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгээр УИХ-д 2020 оны төсвийн тухай дүгнэлтээ хүргүүлэх нь зүйтэй гэж үзэн төсвийн тухай дүгнэлтийн төслөө хэлэлцсэн байгаа.
Гурав дахь асуудлын хүрээнд Үндсэн хуулийн цэцийн гаргасан дүгнэлт нь өөрөө Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлд тавьсан хоригийн тухай асуудлыг хэлэлцлээ. Үнэхээр хууль зөрчигдсөн байна уу гэдэг асуудал УИХ дээр үүссэн. Ардчилсан намын зөвлөл ажлын хэсэгт орж тодорхой байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж яаралтай хурлаар хэлэлцэж, ялангуяа төсвийн үеэр энэ төсөв мөнгөтэй холбоотой асуудал гаргасан цэцийн шийдвэрийг анхааралтай судлан үзэж, өөрсдийн хувилбараа Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлсэн. Ашигт малтмалын тухай хуулийн АМНАТ дээр давхар татвар олгогдсон нөхцөл байдал үүссэн учраас давхар татвар олгогдохгүй байх хувилбарыг сонгох нь зөв гэж үзсэн. Иймээс ажлын хэсэгт байгуулагдахад УИХ-ын гишүүн З.Нарантуяа ажиллаж, зөвлөлийн байр сууриа төлөөлөн оруулж, ажиллаад явна.
Мөн ҮХНӨ-тэй холбоотойгоор өнгөрсөн долоо хоногт зөвшилцлийн ажлын хэсэг ажиллаагүй тухай өмнө нь мэдээлсэн. Энэ долоо хоногт ҮХНӨ-ийн асуудлаар АН-ын тавьсан зарчмын гурван байр сууриар ҮХНӨ-ийн зөвшилцлийн ажлын хэсэг хуралдаж нэг тийш нь шийдвэрээ гаргах байх гэж найдаж байна. Манай зүгээс хуралдаанд оролцоход бэлэн, зарчмын гурван байр суурь хэвээрээ байгаа. МАН-ын бүлэг зөвшилцлийн ажлын хэсгээ яаралтай хуралдуулж, асуудлыг нэг тийш нь болгох ёстой. Хэрэв АН-ын саналуудыг хүлээн авбал бид цаашдаа гуравдугаар хэлэлцүүлэгт оролцоно, хэрэв зарчмын гурван байр суурь дээр зөвшилцөөгүй тохиолдолд бид гуравдугаар хэлэлцүүлэгт оролцохгүй гэсэн байр суурь хэвээрээ байгаа” гэв.
АШИГТ МАЛТМАЛЫН НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР ХОЁР ХУВААГДДАГ
АН-ын зөвлөлийн гишүүд сэтгүүчдийн асуултанд хариулт өглөө.
-2017 онд батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хууль бий. Тус санд роялти төвлөрөөд явж байх ёстой гэж ойлгоод байгаа.
-Санхүүгийн тогтвортой байдлын тухай хуулиар роялти гэдэг нь 65 хувь нь улсын төсөвт, үлдсэн нь ирээдүй өв санд төвлөрдөг. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хоёр хуваагддаг.
-ОУБС-ын өргөтгөсөн хөтөлбөрийн хүрээнд орж ирэх ёстой 700 сая ам.доллар Монгол Улсад орж ирээгүй байна гэсэн мэдээлэл байна. Энэ хэр бодит мэдээлэл вэ?
– Монгол Улсын холбогдох дансандаа орж ирсэн үү гэдэг мэдээлэл надад байхгүй байна. Сангийн яамнаас мэдээллийг авсан дээр байх.
-800 орчим хятад иргэний визний зөвшөөрлийн хэдийг нь Хөх хотоос, хэдийг нь Эрээнээс олгосон юм бол. Энэ талаар мэдээлэл өгсөн болов уу?
-ГИХГ-аас ирсэн мэдээлэлд нийт 783 хятад иргэн гэсэн байсан. Үүнээс Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа консулын газраас жуулчны 30, бизнес ангиллаар 94 хүн виз авсан. Харин Хөх хот дахь Консулын газраас жуулчны ангиллаар 566, бизнесийн ангиллаар 48 виз авсан. Бээжин хотод суугаа Элчин сайдын яамнаас жуулчны ангиллаар 41, Хонконгийн Консулын газраас бизнесийн ангилаар дөрвөн виз тус тус авсан гэдэг мэдээлэл өгсөн. Засгийн газрын нэг тогтоол байдаг юм байна. Энэ тогтоолоор бүлэг жуулчдын визийн эндээс урилгагүйгээр өгдөг болчихсон. Энэ тогтоолын дагуу хоёр компани жуулчин оруулж ирье гэхээр нь л нийтээр нь олгочихсон хариуцлагагүй зүйл болсон юм байна.