УИХ-аар хоёр долоо хоногийн өмнө ирэх оны Мөнгөний бодлогыг хэлэлцэх үеэр Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Исландыг саарал жагсаалтад оруулахгүйн төлөө Скандинавын бүх орон, Европын холбооны маш олон орон ажилласан. Пакистаныг сааралтад жагсаалтад үлдээх үү, хар жагсаалтад оруулах уу гэж яригдахад цээжээрээ хамгаалсан олон орон байгаа. Харин Монголын асуудлыг ярихад хэн ч дуугараагүй. Манай улс гадаад харилцааны хувьд асуудалтай байна гэсэн үг. Монголд хөрөнгө оруулсан компаниудын гомдол ч бас байна. Энэ бүгдийг нээлттэй ярьж болохгүй байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр, эсвэл хаалттай хуралдаанд ярина” гэсэн юм.
Мөн Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан УИХ-ын дарга Г.Занданшатарт ил захидал хүргүүлсэн байгаа. Үүндээ “Монгол Улс саарал жагсаалтад орох нөхцөл байдал 2015-2016 онд өгсөн үнэлгээнээс шалтгаалан 2016-2017 онд бүрдээд байсан. Харин бид шуурхай ажиллаж, холбогдох үзүүлэлтүүдээ сайжруулж чадсанаар 2018 онд эрчимтэй хяналтад орсон юм.
2019 оны наймдугаар сард Австралийн Канберра хотод хуралдсан Ази-Номхон далайн бүлгийн хурал 10 дугаар сард FATF-ын хурлаар Монголын тайланг хэлэлцсэн бөгөөд манай олон үзүүлэлт наашилж сайжирсныг Олон улсын байгууллагаас хүлээн зөвшөөрсөн болно. Энэ асуудал нь хууль тогтоох, гүйцэтгэх засаглал, шүүх байгууллага, цагдаа, тагнуул, прокурор, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, банкууд зэрэг олон байгууллагын хамтын үйл ажиллагаанаас хамаарах бөгөөд үр дагавар нь банкны салбарт шууд илэрч, банкуудын гадаад харилцаа хязгаарлагдаж эхлэх тул Монголбанк эхнээс нь анхааран хөөцөлдөж Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн алба, түүний хамтын ажиллагааны зөвлөлөөр дамжуулан шаардлагатай бүх үйл ажиллагаа, хурал зөвлөгөөний зардлыг санхүүжүүлэн ажиллаж ирлээ. Харин энэхүү хүчин чармайлтыг буруугаар мушгин тайлбарлаж “Саарал жагсаалтад орох нь дан ганц Монголбанкнаас хамаарах мэтээр дүгнэх нь хэт өрөөсгөл хэмээн өгүүлсэн байгаа.