Улсын драмын эрдмийн театр арванэгдүгээр сарыг “Монгол жүжгийн өдрүүд” болгон зарлажээ. Үүнтэй холбоотойгоор “Бүсгүйн зурвас”, “Надтай үлдээч”, “Хайрын виз”, “Би эндээс явахгүй”, “Тамгагүй төр” зэрэг таван монгол жүжгийг арваннэгдүгээр сарын 1-24-нд тоглох юм байна.

Тодруулбал, Зохиолч Л.Өлзийтөгсийн зохиол, найруулагч Н.Наранбаатарын найруулга “Бүсгүйн зурвас” нийгмийн уянгын драмын жүжгийг УДЭТ-ын тайзнаа арваннэгдүгээр сарын 1-3-нд тоглосон. Харин учрах ёстой тавилан гэж байдаг бол уулс нурж, далай ширгэсэн ч учрах л ёстойг харуулсан “Надтай үлдээч” уянгын драмын жүжгийг арваннэгдүгээр сарын 8,9-нд 19.00 цагт, 10-нд 18.00 цагт тус тус толилуулах гэж байна.

Түүнчлэн 13 жилийн дараа энэ жил дахин тайзнаа тавигдаж буй Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Балдоржийн зохиол “Хайрын виз” жүжгийг арваннэгдүгээр сарын 13, 14-нд тоглоно.

Мөн хүн чанарын дээд, хүлээлтийн сайхныг мэдрүүлсээр үзэгчдийн талархал, халуун алга ташилт дунд өрнөдөг “Би эндээс явахгүй” уянгын жүжиг арваннэгдүгээр сарын 16, 17-нд 18.00 цагт тоглогдох юм.

Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны зохиол “Тамгагүй төр” эмгэнэлт драмын жүжгийг энэ сарын 22-нд 19.00 цагт, 23, 24-нд 18.00 цагт тус тус тоглох юм.

Түүнчлэн УДЭТ нь оюунлаг үзэгчдэдээ зориулан багцын урамшуулал зарласан байна. Багцын урамшууллын тасалбарыг зөвхөн УДЭТ-ын кассаар олгож байгаа бөгөөд гурван жүжгийг 45 мянган төгрөгөөр үзэх боломжтой юм байна.

ТЕАТРТ ЖҮЖИГ ҮЗЭХДЭЭ АНХААРАХ ЗҮЙЛС

  • Та театрын уламжлалт соёлыг хүндэтгэн ёслолын хувцастай ирж, үзвэр эхлэхээс 30 минутын өмнө гадуур хувцсаа өлгүүлэн суудлаа эзлээрэй
  • Үдшийн цагаар буюу 18.00 цагаас хойших үзвэрт нялх, бага насны хүүхэд авч ирэхгүй байхыг сануулъя.
  • Үзвэрийн танхимд өөрийгөө болон бусдыг хүндэтгэн гар утсаа түр унтрааж, чанга ярих, хоол идэх зэргээр бусдын анхаарал сарниулах үйлдэл хийхээс татгалзаарай.
  • Тоглолтын үеэр фото зураг авах болон бичлэг бүү хийгээрэй.
  • Та суудалдаа очихын тулд хүмүүсийн өмнүүр явах шаардлагатай бол нүүрээ харуулан уучлал эрж зөрөх хэрэгтэй. Сууж байгаа бол орж ирсэн хүнд босч өгөн хойшоо налж зам гаргаж өгөөрэй. Хэрэв та захад сууж байгаа бол хажуу тийшээ гарч хүнээ оруулаарай.
  • Тоглолт дууссаны дараа, найруулагч болон жүжигчид тайзан дээр гарч ирэн ёслохыг хүлээн тэдэнд баяр хүргэхээ мартуузай.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн