Өмдөө татаад босох тоолондоо өөртөө “Заавал ялалт байгуулна”гэж хэлдэг байсан

“Яаж санхүүгийн ийм том эрх чөлөөнд хүрснээ би хэзээ ч гайхаж, бодож байгаагүй. Учир нь мөнгө миний халаасанд минут тутамд өөрөө урсаад л орж ирдэг”. Энэ үгийг тэр хэлсэн юм. Филантропич, телевизийн шоу нэвтрүүлгийн хөтлөгч, продюсер, бас кино жүжигчин, найруулагч.

Тэр бол манай гаригийн хамгийн хүчирхэг эмэгтэйчүүдийн нэг. Нээрээ түүнийг эдгээр олон алдар гуншингаас гадна 2,8 тэрбум ам.долларын хөрөнгөтэй дэлхийн номер нэг баян хатагтай гэдгийг хэлэхээ мартаж болохгүй. 

d4adaaca5524caee13ddb781c9974d30 Өмдөө татаад босох тоолондоо өөртөө "Заавал ялалт байгуулна"гэж хэлдэг байсан

Шарх сорви үлдээсэн ч сул дорой биш, хүчирхэг болгосон хүүхэд нас

1954 оны өвөл АНУ-ын Миссисипи мужийн хөдөөгийн жижигхэн хот болох Кошиускогийн ядруухан амьдралтай нэгэн айлд бяцхан охин мэндэлжээ. Хөөрхий тэр охин өсч том болох хүртлээ бүтэл муутай ээжийнхээ хамаатан садан, найз нөхөд гээд нэг бус хөгийн эрчүүдийн бэлгийн дарамт, хүчирхийлэлд өртөж, сэтгэл санаа, бие махбодын зовлон шаналлыг туулах тавилантай байлаа.

Гэхдээ түүний ээж Вернитаг тийм ч үл бүтэх эмэгтэй байсан гэж хэлж болохгүй. Тэр зүгээр л амьдралын хүнд бэрх даваа нугачаанд бүдчиж, алдаж онож явсан нэгэн байсан гэвэл илүү үнэнд ойртоно. Юутай ч Вернита бяцхан охиноо дөнгөж хоёр нас гарантай байхад нь үсэг зааж өгөөд уншуулаад сургачихсан л юм даа. Учир нь Опра бүр багаасаа үеийнхнээсээ илүү ухаалаг, авьяастай хүүхэд байжээ.

Ямар сайндаа л сургуульд элсэх гээд шалгалт өгөхдөө сургуулийн багш, удирдлагуудад хандаж өөрийн гараар “Би та нарын надад заах гээд байгаа хичээлийг чинь цэцэрлэгт байхдаа аль хэдийнэ үзээд сурчихсан. Тиймээс намайг нэг, хоёрдугаар ангийг алгасаад шууд гуравдугаар ангид элсүүлэн авна уу. Би нэг сурсан зүйлээ дахин сурч цаг алдмааргүй байна” хэмээн захидал бичсэн гэдэг.

Бяцхан охины өөртөө итгэх итгэл, гоц авьяас, чадварыг нь үнэлсэн сургуулийн удирдлагууд түүний хүсэлтийг ёсоор болгож шууд гуравдугаар ангид орж суралцахыг зөвшөөрчээ. Гэхдээ Опрагийн авьяас, үеийнхнээсээ тасарчихсан оюун ухаантай нь зэрэгцээд түүний өсгөлүүн бие, үзэсгэлэн гоог нь шунал тачаалын нүдээр харсан хөгийн эрчүүд эргэн тойронд нь нэг бус байсан юм.

Олон удаагийн бэлгийн хүчирхийлэл, доромжлолыг тэсч гарахын тулд хөөрхий тэр охин ямар их сэтгэлийн тэнхээ, ганцаардал, хүнд дарамтыг тэсвэрлэн гарсныг түүнээс өөрөөс нь өөр хэн ч мэдэхгүй. Хүмүүс түүний тухай энэ түүхийг зүгээр л сонсож, уншсанаас цаашгүй.

Дарамт, зовлон, хүчирхийлэл, доромжлолыг тэр өөрөөрөө л даван туулж гарсан юм.

592ff81c2e398999ca9ed8bb9081fefe Өмдөө татаад босох тоолондоо өөртөө "Заавал ялалт байгуулна"гэж хэлдэг байсан

Сэтгэлийн тэнхээ, амьдрах итгэл, том зорилго байгаа цагт өнгөрсөн амьдрал зөвхөн дурсамж болон хоцорно

Ийм хүнд хэцүү зүйлсийг туулж өссөн тэр охин 17 нас хүрмэгцээ энэ бүх утгагүй амьдралдаа цэг тавихаар шийдэж, өөрийн төрсөн эцэг болох багад нь хаяаад явсан үсчин мэргэжилтэй, хувийн жижигхэн бизнес хийдэг хүний гэр лүү, Нашвилл хот руу нүүж очжээ. Эцэг нь түүнийг хамаагүй дээр амьдрах боломжоор хангаж өгсөн тул золгүй охин өрөвдөлтэй хувь заяандаа цэг тавьж, Нашвилл хот дахь Теннесигийн их сургуульд орж суралцлаа.

Вернон хэмээх тэр хар арьст эр залуудаа гаргасан алдаагаа засч, төрсөн охиноо бүх зовлонгоо мартаж, сэтгэлийн гал цогоо эргүүлэн олж авч, бусад охидын нэгэн адил аз жаргалтай, тайван амьдрах бүхий л боломжоор хангаж өгчээ. Өөрийн гэсэн товхийсэн бизнестэй Вернон охиныхоо сургалтын төлбөрийг төлж, хувцас хунар, унаа, хоолны мөнгө гээд хэрэгцээтэй бүхнээр хангасан аж.

Ингээд амьдралаа цоо шинээр эхэлсэн Опра өөрийнхөө хүсэл сонирхлыг дагаж орон нутгийн телевиз, радиод дадлагажигчаар ажиллаж эхэлсэн явдал нь өсвөр насны охины ирээдүйн том од болох гараа болсон юм. Жижигхэн хотын жижиг телевиз, радиод нэлээдгүй туршлага хуримтуулсан Опра 1976 онд Мэрилэнд мужийн Бальтимор хот руу нүүж, телевизийн алдартай шоу болох “Хүмүүс ярилцаж байна” нэвтрүүлгээ өөрөө санаачилж, эхлүүлсэн түүхтэй.

Америкийг төдийгүй дэлхийг байлдан дагуулсан энэ шоу санаачлагч, хөтлөгчдөө хангалттай олон сая долларын ашгийг авчирсан юм. Хөдөөгийн жижигхэн хотын хар бараан амьдрал дундаас өөрийнхөө амьдралд тэмүүлэх тэмүүлэл, итгэл, авьяас, хөдөлмөрийнхөө хүчээр долларын саятан, дэлхийн хэмжээний од болж чадсан Опра дараачийн том алхмаа хийхээр шийдэж, Бальтиморыг орхин Чикаго хэмээх аварга том хотыг зорилоо.

Чикагогийн телевизтэй чадварлаг хөтлөгч, продюсер маань “Үдээс өмнө, Чикаго” хэмээх бас нэгэн алдартай шоуныхаа гэрээг амжилттай хийж, карьерынхаа цоо шинэ үеийг эхлүүлсэн юм. “Үдээс өмнө, Чикаго” шоуг амжилтанд хүргэхэд нь түүнд тухайн цаг үеийн телевизийн хамгийн алдартай хөтлөгч болох Фийл Донахю өөрийн шоугаараа ихээхэн садаа болж, гол өрсөлдөгчөөр нь тодорсон түүхтэй. Тухайн цаг үед амтай болгон Опра, Донахю хоёрыг харьцуулан жишээ авч ярьдаг байсан гэдэг.

“Фийл Донахюгийн шоу” хэмээх телевиз, радиогоор зэрэг цацагддаг алдартай шоутай ана мана өрсөлдсөн Опрагийн нэвтрүүлэг хэдхэн сарын дотор үзэгчдийн тоо, тэднээс ирсэн санал хүсэлтээрээ өрсөлдөгчөө хол хаяж, Америкийн хамгийн алдартай шоунуудын нэг болж чадсан нь мэдээж энэ мундаг эмэгтэйн сэтгүүлчийн ур чадвар, ялангуяа асуулт асуух авьяас, үзэгчдийг ямагт хөгжөөж чаддаг хошин шогийн мэдрэмж, сарказм зэрэгтэй шууд холбоотой билээ.

d99bdc9ca138fccf5d1faaa00f6238ef Өмдөө татаад босох тоолондоо өөртөө "Заавал ялалт байгуулна"гэж хэлдэг байсан

Далай ламыг барьц алдуулсан сэтгүүлч түүнээс өөр байхгүй

Шинэ залуу сэтгүүлч, хөтлөгч нар олны танил хүн урьж ирүүлчихээд телевизийн камерын өмнө тэр хүнээсээ асуулт асуухдаа сандарч мэгдэхээс эхсүүлээд олон алдааг гаргаж, өөртөө итгэлгүй загнадаг бол Опра бүр “Хүмүүс ярилцаж байна” шоуныхаа эхний дугаараас эхлээд өөртөө дэндүү итгэлтэй байж, зочноо урьдчилж нарийн судалсны үндсэн дээр бэлдэж боловсруулсан товч бөгөөд тодорхой асуултуудаараа нөгөө хүнээ хайр найргүй булдаг байсан юм.

Далай ламаас “Танд яг чаддаг юм юу байна” хэмээн шулуухан асуусан өөр сэтгүүлч, хөтлөгч түүхэнд бараг байхгүй гэж хэлэхэд хилсдэхгүй.

Хэрвээ зочин нь түүний асуултад барьц алдах буюу дургүйцэж эгдүүцээд, эсвэл чилээд эхэлвэл үзэгчид рүү харж байгаад нэг сайн хошин үг, ёгтлол, зүйрлэл хэлж орхихоо тэр бүр дэндүү сайн мэднэ. Түүний хошигнол, сарказм яг цагаа олсон, гайхалтай мэдрэмжтэй байдаг тул үзэгчид ч тэр дороо нирхийтэл инээлдээд л явчихна. Дагаад зочны ааш аяг ч “nice” болоод эхэлнэ шүү дээ.

Ингэж л гунигтай хүүхэд насыг туулж өнгөрүүлсэн энэ эмэгтэй дэлхийн хэмжээний том од, хамгийн баян хатагтай болж чадсан юм. Түүний өөртөө дэндүү итгэлтэй зан характер нь төлөвшин тогтоход магадгүй багадаа туулж өнгөрүүлсэн доромжлол, ядуу зүдүү амьдрал нь нөлөөлсөн биз ээ.

Учир нь Опрад бурхан хүн болгонд, тэр дундаа сул дорой хүмүүст тэр бүр заяагаад байдаггүй сэтгэлийн асар их тэнхээг хайрласан гэж хэлж болно. Бурхан биш, түүнийг хүний ёсноос гадуур доромжилсон хогийн эрчүүд түүнд ийм сэтгэлийн тэнхээг өгсөн гэж хэлвэл илүү үнэнд нийцнэ.

Энэ хүчирхэг эмэгтэй нэгэнтээ “Би ээлжит бэлгийн хүчирхийлэлдээ өртчихөөд өмдөө татаад босох тоолондоо хэзээ нэгэн цагт энэ бүхэн дуусч, миний цоо шинэ амьдрал эхэлж, би тэр шинэ амьдралдаа заавал ялалт байгуулах болно хэмээн өөртөө хэлдэг байсан. Хүчирхийлэлд өртсөн гэхээрээ заавал уруу дорой царайтай, гунигтай нүдтэй, бусдаас хараат ядруухан эмэгтэй гарах ёстой юм уу” хэмээн хэлсэн удаатай.

1980-аад оны сүүл, 90-ээд оны эхэн үе. Энэ цаг үед амжилтандаа сэтгэл ханаагүй Америкийн телевизийн алдарт хөтлөгч маань дараагийнхаа ээлжит тэсрэлтэнд бэлдэж дууссан байлаа. Түүнд Чикагогийн телевиз хангалтгүй санагдсан юм байлгүй дээ. Тэрээр “Опрагийн шоу” хэмээн өөрийнхөө нэрээр нэрлэсэн ээлжит тэсрэлтээ эхлүүллээ.

Нэгэн зэрэг дэлхийн 120 телевизээр цацагддаг, хөтлөгч нь өөрөө жилд 200 сая ам.долларын цалинг зөвхөн зочноо олж авчирж, хөтөлснийхөө төлөө гар дээрээ авдаг ийм ток шоу хүний түүхэнд өмнө нь байгаагүй гэж хэлж болно.

Түүнтэй Ларри Кинг тэргүүтэй хэдхэн хүн л эн тэнцүү өрсөлдөж, нэгэн эгнээнд нэрээ бичүүлвэл бичүүлж чадах биз.

Хэдийгээр үл бүтэх эрчүүдийн хүчирхийлэл, дарамтанд нэг бус удаа өртөж өссөн ч Опра дунд сургуульд байхдаа анхны хайр болох Антони Отэйтэй учирчээ. Хүүхдээрээ хосууд гар гараасаа хөтлөлцөн романтиклаж нэлээд хэдэн сарыг аз жаргалтайгаар өнгөрүүлсэн боловч Отэй хайртай охиныхоо хэтэрхий их зүйлд тэмүүлсэн том тэмүүлэл, дэврүүн зорилгыг нь хүлээн зөвшөөрч чадаагүй учраас амрагууд удалгүй хоёр тийш болцгоожээ.

ea9eb6799e44585edc5f13e4fc7c79d8 Өмдөө татаад босох тоолондоо өөртөө "Заавал ялалт байгуулна"гэж хэлдэг байсан

Гэгээн хайрын баяраар найз залуугаа “cancel”-даагүй бол хүчирхийлүүлж, доромжлуулсан бяцхан охин чигээрээ үлдэх байсан

Хожим эрчүүдэд хатуу сэтгэл гаргасан шиг гаргаж чаддаг баян хатагтай маань “Тэр өдөр яг Гэгээн Валентины ариун хайрын өдөр байсан юм. Би тэрэнд сайн болсон нь хамаагүй. Бид хоёр заавал салах ёстой. Хэрэв салахгүй бол Отэй шиг жижиг мөрөөдөлтэй залуу миний ирээдүйн карьерт садаа болж, би гэдэг хүн зүгээр л нэг жоохон охин байхдаа бусдад доромжлуулж, харин нас биед хүрсэн хойноо хэдэн хүүхдийнхээ барааг харан гэрийн мухар сахиж, нөхрийнхөө гарыг харсан энэ дэлхийн хамгийн азгүй, арчаагүй амьдралтай сая сая эмэгтэйчүүдийн нэг болж хувирах ёстой байлаа.

Миний үзэж туулсан амьдрал, тэр бүх доромжлол, азгүй хүүхэд нас маань энэ чигээрээ үргэлжлээд дуусах гэж үү хэмээн би өөртөө хатуу сануулж хэлсэн учраас бушуухан хуримаа хийгээд эгэл даруухан амьдралаар амьдрахыг хүссэн тэр хөөрхийлэлтэй залуугаас салах ёстой гэдэг зоригтой шийдвэрийг гаргаж чадсан юм даа” гэж сурвалжлагчид ярьсныг олон олон охид бүсгүйчүүд маань санаж авахад илүүдэхгүй болов уу.

Асар их сэтгэлийн тэнхээтэй, зоригтой, өөртөө итгэлтэй, шазруун, бас мөрөөдлөө биелүүлж, өөрийг нь доромжлогсдоос дэндүү томоор хариугаа авч чадсан энэ баян эмэгтэйн амьдралд түүнд дурлаж, араас нь гүйснийхээ хариуд өнчин зүрхээ цэцгийн баглаатайгаа цуг тэврээд хоцорсон Отэй шиг залуус нэг бус байсан гэдэг.

Опра Уинфригийн фэнүүд түүнийг хэзээ гэр бүл, үр хүүхэдтэй болохыг чих тавин хүлээсээр байгаа ч багын золгүй амьдралаас нь үлдсэн шарх нөлөөлдөг болоод ч тэр үү, алдарт хөтлөгч маань өнөөдрийг хүртэл нөхөр, хүүхэдтэй болоогүй л явна.

Америкийн шар хэвлэлүүд түүнийг үе үе олны танил болон танил биш нэг бус эрчүүдтэй нэр холбон бичдэг. Нэг ёсны тэд Опрагийн ганц бие амьдрал, эмзэг дурсамжийг нь хөндөх замаар мөнгө хийдэг гэж хэлж болно.

Тэдгээр шар хэвлэлийн сурвалжлагчид энэ хүчирхэг эмэгтэйгээс ганц удаа ч болтугай “Би нөхөрт гарч, үр хүүхэдтэй болохыг хүсч байна. Хайрлаж, хайрлуулмаар байна” гэсэн үгийг унагачих санаатай элдэв хоёроор үздэг ч Опра хүний урманд нэг удаа иймэрхүү уян хатан, өр зөөлөн, сул дорой үгийг хэлэлгүй өдий хүрсэн юм шүү.

Эцэст нь хэлэхэд тэр одоо 64 настай, хөрөнгийн хэмжээгээрээ Форбес сэтгүүлийн тэргүүн баячуудын жагсаалтад бичигддэг. Телевизийн шоу, Холливудын кинонд хөрөнгө оруулан ашгаа хүртэж, бас бус бизнесийн салбарт хүч үзсэн шиг яваа. Гэхдээ нэг зүйлийг онцолж хэлэхэд тэрээр өнчин хүүхдүүд, охид эмэгтэйчүүд, өвчтэй зовлонтой хүмүүсийн төлөө буяны ажил их хийдэг болсон гэсэн шүү.

Гэвч хэчнээн хүчирхэг ч гэсэн тэр бол эмэгтэй хүн. Тиймээс ч тэр бусдын жишгээр хайрлаж, хайрлуулах эрхтэй.

dda0085a3d7dcff45be588af330db4cf Өмдөө татаад босох тоолондоо өөртөө "Заавал ялалт байгуулна"гэж хэлдэг байсан

469e009e8b2120aa235f330a1fb47327 Өмдөө татаад босох тоолондоо өөртөө "Заавал ялалт байгуулна"гэж хэлдэг байсан

84b178ca23d6d786ab74f66d056c261f Өмдөө татаад босох тоолондоо өөртөө "Заавал ялалт байгуулна"гэж хэлдэг байсан

be96d69744010dd72f941f6c73f4f04b Өмдөө татаад босох тоолондоо өөртөө "Заавал ялалт байгуулна"гэж хэлдэг байсан

98d9702b5db014e686b1322ccd434e36 Өмдөө татаад босох тоолондоо өөртөө "Заавал ялалт байгуулна"гэж хэлдэг байсан

Эх сурвалж: Style Celebrity news, Wikipedia, Independent 

3 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.