Бээжингээс хөөрсөн онгоц Хөвсгөл аймгийн олон улсын нисэх буудалд газардлаа. Онгон дагшин байгалийн нам гүмийг мэдэрч, шил шиг тунгалаг уст Хөвсгөл нуурын бэдэртэн давалгаалах мөнгөн долгиог харж сэтгэлийн тайвшрал эдлэх гэсэн хар, шар толгойтой гадаадын жуулчид ачаа, тээшээ эмхлэн Далай ээжийн зүг хөдөлцгөөнө. Мөрөн хотын нэгэн цэлгэр гудамжинд жуулчдад зориулсан бараа, бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын дэлгүүр, өндөр зэрэглэлийн зочид буудал, зоогийн газрууд хаяа залган байрлах аж. Уушийн газрын задгай талбайд жуулчид энэ тэрийг хөөрөлдөн, амгалан гэгч тухална.

Хөвсгөл аймгийн төвөөс гарч, сүрлэг уулсын дунд цэлэлзэн давалгаалах Далай ээж орших хойд зүгийг чиглэн дардан замаар 40-өөд км давхихад, баруун гар талд “50:100” цогцолбор тааралдана. Чамгүй хэдэн төгрөг төлж, тасалбар авсан жуулчин дэлхийн бөмбөрцгийн 50 дугаар өргөрөг, 100 дугаар уртрагийн огтолцол бүхий тус цэг дээр зогсож зургаа татуулна. Жуулчдад хэрэгтэй, ая тухтай бүхнийг тэнд хангалттай бүрдүүлжээ.

Аялагч тэндээс цааш хэдэн км хурдлаад, Бөө мөргөлийн онгод төвд хүрнэ. Индианчуудын отог руу ороод ирэв үү гэмээр мэдрэмж төрүүлэх тэр газарт цаатан айлуудын урц шовойн, тайгын чимэг болсон цаа буга завсар хооронд нь сүлжилдэх нь нүд хужирламаар. Тэнд саатсан жуулчид бөө мөргөлийн зан үйл хэмээх өвөрмөц “тоглолт” үзэх боломжтой. Ингэснийхээ хариуд бас л “татвар” төлөх ёстой. Тэндээс цааш хөдөлбөл Алунгоо эхийн эв эеийн цогцолбор тосно.

Монголчуудад ихийг сургамжилж үлдээсэн домогт Алунгоо эх хөвгүүддээ “Та нар нэг сум шиг ганцаар байвал дайсандаа хялбар ялагдана. Харин багцалсан таван сум шиг эв эетэй байвал ялагдахгүй” гэж өгүүлдэг. Орчин цагийн хэлээр бол хүч нэгдэн, хамтарч ажиллахын ашиг тусыг ойлгуулсан энэхүү домгоос сэдэвлэсэн хөшөөт цогцолбор бүхий аялал жуулчлалын “бүтээгдэхүүн” зочин гийчдийн “халаас”-наас багагүй мөнгө татна.

Алунгоотой “уулзсан” жуулчин хатуу хучилттай авто замаар Хатгал тосгон хүрч, цаашаа Жанхайн давааг даван Хөвсгөл нуурын эрэгт хүрнэ. Тэнд газрын хөрс, зүлэг ногоо, мод бутыг сүйдлэлгүй, байгальд хамгийн ээлтэй шийдлээр байгуулсан, жуулчны тав тух, аюулгүй байдлыг чухалчилсан, орчин үеийн стандартад нийцсэн баазад буудаллаж, хүний гар хөндөөгүй онгон дагшин байгальд амарна. Хоймор нутгийг зорьсон гадаад, дотоодын жуулчдын энэ бүхнийг үзэхээр халааснаасаа хайр гамгүй “урсгасан” мөнгөнөөс Хөвсгөл аймгийн засаг захиргаа татвар гувчуур авч, иргэд нь өндөр дүнтэй үйлчилгээний хөлсөөр орлогожин, энэ хэрээр орон нутгийнхны ахуй амьжиргаа дээшилнэ.

Энэ бол хөвсгөлчүүдийн өнөөгийн бус, ирээдүйн төсөөлөл. Тэд ингэж мөрөөддөг, зорьдог. Байгальд түшиглэсэн аялал жуулчлалыг бодит утгаар нь хөгжүүлэх боломжтой Монголын цөөн аймгийн нэг нь Хөвсгөл. Газар нутгаасаа ашигт малтмал олборлуулахгүй, онгичиж сэндийчүүлэхгүй гэж уул уурхайнхантай хатуу тэмцэж буй хөвсгөлийнхөн байгальд түшиглэсэн аялал жуулчлалын бүс нутаг болох төлөвлөгөөгөө ийн “зуржээ”.

Аялал жуулчлалын мастер төлөвлөгөө боловсруулахдаа ч, аймгийн удирдлага нь 2016-2020 он хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө ч аялал жуулчлалын дээрх чиглэл, бүтээгдэхүүнийг бий болгоно гэсэн өөдрөг зорилт дэвшүүлжээ. Ингэхдээ унаган байгалийн тогтцыг нь ер хөндөлгүй, бараг хүрз шороо ч малтуулахгүйгээр экологийн аялал жуулчлал хөгжүүлэх гэнэ. Харамсалтай нь тэдний энэ өөдрөг зорилтыг хэрэгжүүлэх бодлого, дэмжих хөшүүрэг алга.

Уул уурхайн “халуурал” эрчимтэй тархаж, газрын хэвлийд гялтайх эрдэнэс тааралдвал л ухаж сэндийчээд авчих гээд байгаа Монгол Улсын газрын зурагт “ногоон”-оор тэмдэглэгдэж үлдэнэ хэмээн зорьж буй Хөвсгөл нутгийн аялал жуулчлалын өнөөгийн төрх эрээн бараантай. Намрын бороотой өглөө Жанхайн давааны энхэл донхол замаар тонгочуулсаар Далай ээжийн эрэгт хүрэв. Намуун салхины аясаар бэдэртэн долгиолох Хөвсгөл далай зөөлөн давалгаагаараа “мэндчилсэн” даруйдаа “зовлон”-гоо дэлгэв.

Цахлайн ганганаа үл тасрах үзэсгэлэнт нуурын эрэг хогоор дүүрчээ. Нутгийн иргэн “Наадмын үеэр Хөвсгөлийн эрэг Нарантуул зах шиг хөл хөдөлгөөнтэй болдог” гэж хэргийн эздийг илчлэв. Нуурын эрэгт амарч зугаалж, алжаалаа тайлан, Далай ээжийн үзэсгэлэнг тольдсон аялагчид буцахдаа байгальд ийн “дурсгал”-аа үлдээдэг аж.

Аялал жуулчлалын идэвхтэй улиралд иргэдэд урамшуулал олгож, нуур орчмын хогийг түүлгэдэг гэж Хатгал тосгоны захирагч Б.Ганбаатар хэлсэн. Гэвч нуурын эрэгт удааны сав, шар айрагны лааз, гялгар цаас хаа сайгүй хөглөрч байсан нь хог цэвэрлэх “хөдөлгөөн” ямархуу үр дүн, зохион байгуулалттай болдгийг илтгэх мэт. Байгальд түшиглэсэн аялал жуулчлал хөгжүүлэх гол түшиц газар, цэвэр усны сан болсон гүн цэнхэр Хөвсгөл нуурын эргээс тийш хошуурагсдын балгаар хог салахаа байжээ. Түүнчлэн нуурыг имжсэн шороон замаар олон машин зорчиход цагаан тоос босож, нуурын ус руу хийсэн ордог нь үнэн аж. Далай ээжийн ус тунгалаг ч ёроолын чулуу нь өнгө алаглан харагдахаа больж, саарал шороонд дарагдсан нь сайжруулсан зам цэнгэг нуурт яажшуухан заналхийлж буйг бэлхнээ харуулна.

Жанхайн давааг тонгоймогц жуулчны баазууд завсаргүй 20 орчим км үргэлжилнэ. Хөвсгөлд жуулчны 80 гаруй бааз, зочид буудал ажилладаг гэсэн баримтыг албаны хүмүүс өгсөн. Тэгвэл жуулчны 150 гаруй бааз бий гэх албан бус тоог нутгийнхан хэллээ. Тэдгээр бааз стандарт гэгч зүйл ер баримталдаггүйг аймгийн Засаг дарга Л.Ганболд “ховлосон”. Тэр тусмаа эко аялал жуулчлалын стандартад огт нийцдэггүй гэнэ лээ. Үүний хэрэгжилтэд хяналт тавьж, мөрдүүлэхэд гол “роль” гүйцэтгэдэг орон нутгийн засаг захиргаа, байгаль орчны байцаагч, мэргэжлийн хяналт гээд шат шатны байгууллагууд нь ч ажлаа хийдэггүй нь тэднийг давраах гол шалтгаан болсон байна.

Жуулчны баазууд саяхныг хүртэл хаа дуртай газраа жорлон ухаж, нуурын ай савыг бохирдуулдаг байжээ. Харин Азийн хөгжлийн банкны гурван сая ам.долларын санхүүжилтээр БОАЖЯ-наас хэрэгжүүлсэн төсөл ариун цэврийн байгууламжаас үүдэлтэй бохирдлыг багасгахад тодорхой хувь нэмэр оруулжээ. Гэхдээ жуулчны бааз бүхэн энэ “давалгаа”-г дэмжээгүй гэнэ. Өөрөөр хэлбэл, бүх бааз ариун цэврийн байгууламжаа сайжруулсан гэсэн үг биш.

Уг нь энэ мэтээр байгаль орчинд заналхийлдэг, “том толгой”-той жуулчны баазуудыг орон нутгийн засаг захиргааныхан л номхтгох ёстой. Гэвч тэд энэ үүргээ гүйцэтгэх нь бүү хэл харин ч өөгшүүлж, дэмждэг баримт бий. Үүнээс үүдэлтэйгээр бас нэг аюул Хөвсгөлд бий болсон нь газрын наймаа. Иргэд аялал жуулчлалын зориулалтаар газар эзэмших зөвшөөрөл хүсэхэд аймгийн захиргааныхан “хөдөлдөггүй” байна. Татгалзсан хариу авсан иргэд аргаа өөрчилж, өвөлжөө, хаваржаа барих нэрийдлээр газар аваад, түүнийгээ хэдэн зуун сая төгрөгөөр өөр нэгэнд дамлан зардаг үзэгдэл газар авчээ. Өвөлжөө, хаваржааны зориулалтаар олгосон 100 гаруй газрынх нь талаас илүү дээр жуулчны бааз барьжээ.

Жанхайн амралтын газрыг өмнө нь ажиллуулж байсан бизнесмэн Ц.Даваадорж “Хөвсгөл нуурын орчимд мал аж ахуй эрхлэх боломжгүй. Хэзээнээсээ нааш эрхэлж байгаагүй. Зөвхөн Ханхын Хороо гол өөд цөөн мал өвөлжөөлөх боломжтой. Наашлаад Жиглэгийн даваа орчимд хэдэн айл өвөлждөг байсан. Юун өвөлжөө, хаваржааны газар вэ” гэж орон нутгийн удирдлагуудын булхайтай ажлыг шүүмжлээд “Хөвсгөл бол маш эмзэг тогтоцтой газар.

Үүнийг хамгаалахын тулд маш нарийн тооцоо, газар ашиглалтын норм, дүрэм баримтлах ёстой. Ингэж байж аялал жуулчлалыг байгальд ээлтэйгээр хөгжүүлэх боломжтой. Одоогийн байдлаар тэнд аялал жуулчлалын норм журам, стандартын дагуу хөгжүүлэх ямар ч боломжгүй болсон. Хөвсгөлд хүн татах гол зүйл нь экосистем. Энэ “баялаг”-ийг нь хамгаалж үлдэхийн тулд аялал жуулчлалыг маш нарийн төлөвлөх ёстой” гэж байр сууриа илэрхийлсэн юм.

Ирээдүйн хөгжлийн гол тулгуур хэмээн аялал жуулчлалыг чухалчилдаг, жуулчны нүд баясгах байгалийн гайхамшигт тогтоцтой хэмээн “хөөрдөг” ч стандарт, эмх замбараа гэдэг гол зүйлээ гээгдүүлж орхисон Хөвсгөл аймаг утаагүй үйлдвэрлэлийн салбараас хэдэн төгрөгийн ашиг олдог бол. Тийш жилд 90 мянган жуулчин зорчдог учраас зах зээлд нь чамгүй их мөнгө эргэлдүүлэх нь тодорхой. Хоолны газар, хүнсний дэлгүүр ажиллуулдаг айл өрхийн орлого ч зунд өсдөг нь дамжиггүй. Хөвсгөлчүүд яг хэдэн төгрөгийн орлого олж, амьдрал ахуйдаа “наадаг”-ийг баримтжуулах нь бүү хэл барагцаалах ч боломж алга.

Хөвсгөл аймгийн төсөвт аялал жуулчлалын салбарынхан өнгөрсөн жил 110.6 сая төгрөгийн орлого төвлөрүүлжээ. Үүний 83 сая нь газар нутгаас нь шонхор шувуу барьсны, 10 сая нь загас агнуур, долоо нь аялал жуулчлалын компаниудын ус, газар ашигласны төлбөрийнх аж. Тэнд үйл ажиллагаа эрхэлдэг 150 бааз орон нутгийн төсөвт долоохон сая төгрөг төвлөрүүлдэг гэхээр дэндүү чамлалттай байгаа биз. Хөвсгөл аймгийн жилийн төсөв 90 тэрбум төгрөг. Үүнтэй харьцуулахад аялал жуулчлалаас хоймор нутгийнхны олдог орлого аманд үгүй, хамарт ч үгүй хэмжээтэй.

Далай ээжийг түшиж ажилладаг жуулчны бүх баазын төв нь Улаанбаатарт байдаг учраас орон нутагт аж ахуйн нэгжийн болон хүн амын орлогын албан татвар төлдөггүйг нутгийнхан хэллээ. Тиймээс аймгийн төсөвт аялал жуулчлалын салбарын орлого дорвитой нэмэр болдоггүй гэж тодотгов. Аймгийн Засаг дарга Л.Ганболд “Жуулчны баазуудыг Хөвсгөлд бүртгүүлж, татвар хураамжаа орон нутагт нь үлдээдэг болгох талаар хөөцөлдөнө” гэв. Тэгвэл “Хөвсгөл трэйвэл” компанийн захирал Ш.Пүрэвдорж “Хөвсгөл нуурт хотын компаниуд ажиллаад, ашиг олоод байна, орон нутагт ямар ч нэмэргүй гэж ярьж буй хүн Монгол Улс чөлөөт ардчилсан нийгэмтэйг ойлгодоггүй, эсвэл мартсан нэгэн.

Үндсэн хуулиараа хаана ч үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрчихөөд байхад Улаанбаатарын компани Хөвсгөлд ажиллаж болохгүй хэрэг үү. Аялал жуулчлалын салбарт аймаг орон нутгаас хэдэн хүн ажилладаг, татвар, төлбөр, хураамжаар хэдэн төгрөг оруулдгийг хариуцсан төрийн байгууллага нь нарийн тооцоотой гаргаж, мэдээлж байхгүй бол аялал жуулчлал ашигтай, ашиггүй, хэрэгтэй, хэрэггүй гэсэн төөрөгдөл, эргэлзээ бий болж байна” гэж Засаг даргын үгийг сөргөсөн. Байгальд түшиглэсэн аялал жуулчлал хөгжүүлэхээр шийдсэн хөвсгөлчүүдийн өнөөгийн бодол нь өөдрөг ч өнөөдрийн байдал хогтой, шороотой, стандартгүй байна.

Азийн хөгжлийн банкнаас Хөвсгөл аймагт ирэх жил 40 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэх болжээ. Энэ хөрөнгөөр Хатгал тосгоноос Жанхайн давааг давуулан Хөвсгөл нуурын баруун эргээр 40 орчим км хатуу хучилттай авто зам тавих гэнэ. Үүгээр зогсохгүй хог тээвэрлэх, ялгаж боловсруулах үйлдвэр, бохирын цэвэрлэх байгууламж, улсын тусгай хамгаалалттай газар болон Аялал жуулчлалын мэдээллийн төвийн барилга барихаар төлөвлөжээ. Мөн Хөвсгөл аймгийн төвд жуулчны гудамж тохижуулах гэнэ. Эл төслийг амжилттай хэрэгжүүллээ гэж сайнаар зөгнөвөл гадаадын түншлэгч байгууллагуудын буянаар Хөвсгөлийн эрэг тоос шорооноос салж цэмцийх нь.

Нэг таатай мэдээ дуулдсан нь “50:100”, Бөө мөргөлийн онгод төв, Алунгоо эхийн эе эв төв зэрэг аялал жуулчлалын цогцолборыг байгуулахад хөрөнгө оруулахыг Хөвсгөл аймгаас гаралтай болон нутагтаа үйл ажиллагаа явуулж буй бизнесмэнүүдэд орон нутгийн захиргааныхан уриалжээ. Гэвч одоогоор нэг ч хөрөнгө оруулагч аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгоход хувь нэмэр оруулах саналаа ирүүлээгүй гэнэ.

Хөвсгөл аймгаас хагас коксжих нүүрс экспортлохоор уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчид улайрч эхэлснийг өмнөх дугаарт “Уул уурхайн “халуурал”-аар Хөвсгөлийг нэрвэх эрхгүй” нийтлэлээрээ хөндсөн. Хөрөнгө оруулагчид гэнэтийн их ашгийн төлөө уул усыг ухаж сүйтгэх гэж чичрэн зүтгэж байгаа ч урт хугацаанд өгөөжөө өгдөг, байгаль орчинд хор нөлөөгүй “утаагүй бизнес” гэгддэг аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулах сонирхол өчүүхэн ч алга бололтой.

Хөвсгөл аймгийн төвд тааралдсан нэгэн эрхэм “Уул, усаа ухуулахгүй гээд манайхан уул уурхайн компаниудыг хөөгөөд л байна. Тэгсэн атлаа аялал жуулчлалаа хөгжүүлж чадахгүй юм. Уул уурхайг эсэргүүцэх нь зөв. Тэгвэл иргэдийн амьжиргааг сайжруулахын тулд аялал жуулчлалаа дорвитой хөгжүүлэх шаардлагатай байна” гэж ярьсан. Хөвсгөлийг хөндөж болохгүй, онгон дагшнаар нь хадгалах учиртай гэсэн үзэл, сэтгэлгээ зүрхэндээ нэвт шингээсэн монголчууд хоймор нутгийнхны уул усаа хамгаалсан үзэл бодлыг дэмжих нь мадаггүй. Тэгвэл иргэд Далай ээжээр аялчихаад буцахдаа ядаж хогоо хаяхгүй, байгаль орчин бохирдуулалгүй байж, Хөвсгөлийг уул уурхайн “сорвигүй” нутаг, байгальд түшиглэсэн аяллын бүс болгоход хувь нэмрээ оруулах хэрэгтэй.

Засгийн газар Хөвсгөлийг байгальд түшиглэсэн аялал жуулчлалын бүс болгоно гэж зарлачихаад, уул уурхайн лиценз олгохоор завдсан нь нэг гараараа өгөөд нөгөөгөөрөө буцаагаад авсантай адил шийдвэр болов. Үнэхээр аялал жуулчлалын бүс болгохоор шийдвэрлэсэн бол ашигт малтмалын үйл ажиллагаа явуулахыг тас хориглоод, аялал жуучлалыг бодлогоор хөгжүүлэх ёстой.

“Мөрөн” нисэх буудлыг олон улсынх болгох шийдвэрийг 2012 оны тавдугаар сард гаргасан байдаг. Харамсалтай нь уг шийдвэрийг өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүй. Засгийн газар аялал жуулчлалд дэвшил авчрах энэ мэт шийдвэрээ хэрэгжүүлж, аяллын бүтээгдэхүүнийг төрөлжүүлэн хөгжүүлж байж Хөвсгөлийн аялал жуулчлал хөл дээрээ босно. Хөвсгөл бол онцгой экосистемтэй нутаг. Тиймээс байгальд түшиглэсэн аялал жуулчлалыг бүрэн утгаар хөгжүүлэх нөөцтэй “утаагүй уурхай” юм.

 

Эх сурвалж: “Өнөөдөр” сонин

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн