Монголын уран сайхны киноны 10 эсрэг дүр

1990-ээд оноос өмнө хийгдсэн Монголын уран сайхны кинонууд дунд сэтгэлд хоногшсон олон арван дүр бий. Бид үүнээс дараах 10 дүрийг онцлон “шилдэг эсрэг дүр” болгон санал асуулга явуулж байна .

ИСМЭЛ – “МАНДУХАЙ ЦЭЦЭН ХАТАН”

8b99dedbe3ec4a6fe409d2b516ceb379 Монголын уран сайхны киноны 10 эсрэг дүр

Нэрт жүжигчин Б.Дамчаа агсны гэргий З.Огнио гуай нэг ярилцлагадаа:

-“Мандухай цэцэн хатан” киног хийхэд улсаас их анхаарал тавьж, уран бүтээлчид ч их хичээж байсан. Манай хүн Исмэл тайжийн дүр бүтээхдээ 52 настай байсан юм. Түүхэн ном зохиол их уншиж, заримдаа Эсмэлийн үгийг зүүдэндээ ярина. Их хичээж гаргасан дүр. “Сэлэм тэр бүр эргүүлж үзээгүй хүн, тэгээд эмэгтэй хүнтэй ана мана үзэлцэж байгаа дүр гаргана гэдэг бас ч амаргүй байна шүү” хэмээн ярьж байсан нь санагдаж байна.

Миний хань  дүр аваад яаж гаргах вэ гэдгээ өөртөө тунгаан бодоод хэрэгтэй зүйлээ уншаад мэдчихсэн байдаг.  Үгээ уншаад сууж байгааг нь харсан кино группынхан “За үгээ цээжлээгүй байж. Яах билээ, үгээ алдах вий дээ. Хэд дахих бол” гээд л хараад суухад “Мотор” гээд эхлэнгүүт л бүгдийг тайвшруулчихдаг байсан гэдэг. Чадварлаг жүжигчин хүн чинь хэзээ дүрээ ийм сайн ойлгож мэдэрсэн юм бол гэж бодтол нь жүжиглэдэг байсан гэдэг.

ШАГДАР – “ГАРЫН ТАВАН ХУРУУ”

cf23377a4f0b6322c0c58f79b7fc1889 Монголын уран сайхны киноны 10 эсрэг дүр

Шагдарын дүрд тоглосон Лхасүрэнгийн хүү Энхбаатар “Гарын таван хуруу” киног үзсэн дурсамжиндаа:

-Би багын л их гөжүүд, зөрүүд хүүхэд байсан л даа. Жаахан загнуулчих юм бол долоо хоног гэрийнхэнтэйгээ дугардаггүй байв. Кино үзсэн биш нөгөө гөжүүд зан нь хөдлөөд аавтайгаа долоо хоног дугараагүй. Ээжээр дамжуулж аавтайгаа харьцаад л. Аавыгаа хүнтэй үнсэлцдэг кинонд тоглолоо гээд уурлаж байгаа нь тэр. Тийм л хөгтэй юм болж билээ. Харин нэг удаа манай нагац өвөөгийн хөрш нь “Танай хүргэн Мөнхөө, Осор гээд овоо дориун дүрд тоглоод байсан. Шагдар гээд муухай дүрд тоглочихжээ. Муухай харагдаж байгааг нь” гэсэн гэдэг. Аавын минь ээж, аав хоёр эрт бурхан болчихсон юм билээ. Тиймдээ ч эмээ, өвөө хоёр аавд минь их сайн. Хүү шигээ л хайрладаг байсан даа.

Ер нь аавтайгаа хамт явж байгаа үед хүмүүс “Өнөөх Шагдар явж байна” гэдэг байсан. Харин миний үеийн хүүхдүүд “Муухай Шагдар явж байна” гэвэл би зодолдох нь холгүй юм болно. Аав минь бол тоохгүй л дээ. Эргээд бодоход Шагдарын дүр хүмүүст маш сайн хүрч, басхүү залуучуудад ухаарал өгч чадахуйц болсны илрэл юм даа.

ИТГЭЛТ – “ТУНГАЛАГ ТАМИР”

e171d872d4e5c8c85bf257cd4b8b88f8 Монголын уран сайхны киноны 10 эсрэг дүр

А.Очирбат тун санамсаргүйгээр Итгэлт баяны дүрд тохоогдсон юм билээ. Жүжигчдийн дунд “Тунгалаг тамир” роман кино болох гэнэ гэсэн яриа өвсөнд ассан гал шиг л тархав. Жүжигчид бүгд нэг нэгийгээ Итгэлт баян, Эрдэнэ болгон харж байхад Очирбатад түүний тухай бодох ч сөхөө байсангүй. Учир нь тэрбээр Д.Намдагийн “Хярааны хонхорт” гэж кинонд тоглох гээд хяналтанд ороод завгүй байв.

Харин түүний аз болоход Ч.Лодойдамба Итгэлт баянаа хайгаад энэхүү киноны хяналтанд саатаж л дээ. Хяналт дуусаад өрөөндөө сууж байтал үйлчлэгч бүсгүй хаалгыг нь тогшиж Ч.Лодойдамба гуай дуудаж байна гэсэн зар дуулгав. Дуудлагын дагуу очтол өнөөх том зохиолч “За хө, чамайг нэг сайн харнаа. Чи наашаа алх, цаашаа алх, одоо суугаад тамхиа тат” гээд яах гээд байгаа учраа эс хэлэн түүнийг дуу хоолойгоороо удирдах нь тэр.

Жүжигчин ч хэлсэн ярьсных нь дагуу бүх үйлдлийг нь хийтэл “За одоо яв” гэснээс өөр үг хэлж учирласангүй. Харин удсан ч үгүй тэрбээр нэгэн муу мэдээ сонссон нь “Хярааны хонхорт” кинонд тоглохгүй болсноо мэдлээ. Өөрөөр хэлбэл Ч.Лодойдамба зохиолч “Би Итгэлтээ олсон. Түүнийг өөр кинонд тоглуулахгүй” гэснээр тэрбээр уг киноноос мултарсан нь тэр юм билээ. Жүжигчин залуу “Би олон жүжигт тоглосон, харин кинонд тоглоогүй, энэ кинонд тоглочихъё л доо” гэсэн ч Лодойдамба зохиолч “Дуугүй бай, би мэдэж байна” хэмээгээд хөөгөөд гаргачих нь тэр…

АХ ЛАМ – “СЭРЭЛТ”

a0cf3e4439b781f7596621dadd21de20 Монголын уран сайхны киноны 10 эсрэг дүр

З.Цэндээхүүг уншигчид “Сэрэлт” киноны ах ламын дүрээр сайн санаж байгаа байх. Охиноо алдсан гэж гунин ирсэн аав, ээж хоёрт ах лам “Та хоёрт эргэж төрөхгүй нь дээ. Халуун цөл газарт хонин гүрвэл болж төрсөн байна. Аргагүй л их нүгэл хийсэн хүн юм даа” гэж байдаг даа. Ардын жүжигчин Г.Гомбосүрэн нэгэнтээ “Би театрт ороод арав гаруй жил олны хэсэгт тоглосон. Тэр үед түүхэн баатарлаг үйл явдалтай жүжгүүд тоглогддог байсан. Харин Цэрэндэндэв ах, Цагааны Цэгмид, Ерөөлтийн Гомбодорж, Зундуйн Цэндээхүү, багш Бат-Очир гуай нарын тоглодог дүрүүдийг бие даан сургуулилж, арав гаруй жилийн хугацаанд өөрийгээ бэлдсэн. Энэ хугацаанд гол дүрд гарах эрхийг өгөөгүй. Би ч өөрийгээ болоогүй гэж боддог байсан” гэж ярьсан байдаг. Ер нь Цэндээхүү жүжигчний тухай үе үеийн уран бүтээлчид авьяас билгийг нь шүтэж байснаа дурссан нь олонтаа. Театрын нэрт зүтгэлтэн Б.Мушгиа “Би түүнтэй тийм ч дотно байгаагүй. Ногоон нүдээ эргэлдүүлээд ширүүн харахад нь их айдаг сан. Энэ тухайгаа жүжигчин Нямын Цэгмид гуайд хэлтэл тэрбээр “Айж явбал аминд тустай л даа. Гэхдээ цаадахь чинь бусдад хал балгүй жигтэйхэн сайн хүн юм шүү дээ” гэсэн” гэж дурссан байдаг.

Зундуйн Цэндээхүү хэмээх Монголын ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон олон дүрийг бүтээсэн эл алдарт жүжигчин Улсын төв театрын жүжигчин байхдаа Монгол Улсын гавьяат жүжигчин цолыг 1945 онд, ардын жүжигчин цолыг 1955 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр тус тус хүртсэн байдаг.

БАЯРАА – “БИ ЧАМД ХАЙРТАЙ”

8604983450e8d76c54fbc715c982611e Монголын уран сайхны киноны 10 эсрэг дүр

Жүжигчин Н.Бадрал “Би чамд хайртай” кинонд Баяраагийн дүрийг бүтээхдээ Монголын үндэсний телевизийн уурын зуухны галч байсан гэдэг. 1985-1986 онд Беларуссын Урлагийн академид суралцаж, 1989-1993 онд Д.Маамхүүгийн удирдлаган дор жүжигчний мэргэжил эзэмшжээ.

1993-1997 онд УДЭТ-т жүжигчнээр ажиллахдаа “Ричард ван”, “Оршуулаагүй үрэгдэгсэд”, “Хүн бүгд-Би” жүжгүүдэд тоглосон юм. Сонирхуулахад, Н.Бадралын гэр бүлийнхэн бүгдээрээ урлагийн хүмүүс. Түүний аав Н.Нямдаваа “Гарын таван хуруу” киног найруулж, алдарт “Тунгалаг тамир” киноны Хонгорын дүрээрээ үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн бол түүний ээж гавьяат жүжигчин Ш.Цэцэгийг “Гарын таван хуруу” киноны Должингийн дүрээр нь мэднэ. Харин түүний дүү Н.Бат-Амгалан нь “Гарын таван хуруу” киноны бага хүү Идэр юм.

ГҮРСЭД – “ТҮМНИЙ НЭГ”, “ХҮНИЙ МӨР”

1e55d9d5f6b1df9648813e9fe1ad2b1a Монголын уран сайхны киноны 10 эсрэг дүр

МУГЖ Навааны Дугарсанжаа орон нутагтаа мал маллан аж төрж байгаад урлагийн сургуульд орж суралцан төгсчээ. Төв, хөдөөгийн театруудад жүжигчин, дарга, найруулагчаар олон жил ажилласан байна. Анх 1943 онд “Урлал” хэмээх жүжгийн хан хүүд тоглож уран бүтээлийн гараагаа эхэлснээс хойш Ч.Ойдовын “Миний баясгалан”-гийн ерөөлч Гончиг, “Зам”-ын Удвал, Д.Намдагийн “Шарай голын гурван хаан”-ы Алтангэрэл хаан, “Талын баатар”-ын Пунцаг, Ч.Чимидийн “Яндангийн дуу”-гийн Намсрай болон “Гэм нь урдаа” киноны Гомбо, “Түмний нэг”-ийн Гүрсэд, “Төөрсөөр төрөлдөө”-гийн Ванчин бэйл гэхчилэн тайз, дэлгэцийн урлагийн олон дүр бүтээжээ. Уран зохиол сонирхон оролдож хэд хэдэн жүжиг бичиж тоглуулсан байна. Олон арван жүжиг, концертыг орон нутгийн театруудад найруулан тоглуулжээ. Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.

ЖАМУХА – “МӨНХ ТЭНГЭРИЙН ХҮЧИН ДОР”

9c8476a2d4c0fe119bbeb4355b6b0649 Монголын уран сайхны киноны 10 эсрэг дүр

Ц.Төмөрбаатар 1978 онд МУБИС-ийн Кино драмын анги, 1984 онд Москвагийн Кино урлагийн дээд курс, 1986-1988 онд Марксизм-Ленинизмийн оройн дээд сургуулийг жүжигчин, найруулагчийн мэрэгжлээр тус тус төгсчээ. Тэрээр сургуулиа төгсөөд 1978-1997 онд Хүүхэд залуучуудын театрт жүжигчин байв. 1999-2000 онд КУДС-д багш, 2000-2002 онд Драмын театрт жүжигчин, 2002 оноос театр, хөгжмийн “Мюзик-Холл” дээд сургууль, 2010 оноос одоог хүртэл “ОУБТ ЗОХИОМЖ” дээд сургуульд багшаар ажиллаж байна.

Тэрээр 1985 онд “Говь Хянганд тулалдсан нь” киноны Цэдэнбалын дүрийг бүтээснийхээ төлөө 25 настайдаа төрийн шагнал хүртсэн ч 1989 онд Ардчиллын анхдугаар зөвлөгөөн дээр үг хэлэх зөвшөөрөл авч, төрийн шагналаасаа татгалзаж байгаагаа албан ёсоор зарлажээ. Ц.Төмөрбаатар 2009 онд Ардчилсан хувьсгалын 20 жилийн баярын өдөр Монгол улсын Гавьяат Жүжигчин цолоор энгэрээ мялаасан.

ЁРОВ, ЁМБОО – “АЛТАН ӨРГӨӨ”

df5ca5a7b96d4260c1c6aae8e4608187 Монголын уран сайхны киноны 10 эсрэг дүр

“Алтан өргөө” (Die goldene Jurte) -1961 онд бүтсэн Монгол улс, Герман улсын хамтарсан уран сайхны кино. БНМАУ-ын Монголын кино үйлдвэр, БНАГУ-ын DEFA (Deutsche Film-Aktiengesellschaft) үйлдвэрийн хамтарсан бүтээл юм. Ёровын дүрд – С.Сүхбаатар, Ембоогийн дүрд – Г.Цэгмид нар тоглосон байна.

ЗАЯАТ – “АЦАГ ШҮДНИЙ ЗӨРӨӨ”

5cc5673471ae3555271be072bc76795c Монголын уран сайхны киноны 10 эсрэг дүр

Монголын кино урлаг дахь нэгэн шинэлэг хятад хүний дүрийг төр засгийн эрх мэдэлтэн, цэргийн албан тушаалтнаас гадуурх хувь хүнийг дүрсэлсэн онцлог дүр нь   Б.Балжинням найруулагчийн 1985 онд бүтээсэн 1925 онд Монголд ардын засаг тогтсон эхний жилүүдэд монголын анхны банк байгуулагдсан үед хятадууд монголын цэвэр мөнгөн зоосыг дуураймлаар хийж байсан түүхэн баримтаас сэдэвлэн хийсэн “Ацаг шүдний зөрүү” кинонд МУГЖ Г.Равдангийн амилуулсан данжаад Заяатын дүр байлаа.  Энэ дүр нь Гамин цэргийн даргаас ялгарах онцлог нь шуналтай, арга зальтай, цэвэр цэмцгэр хятад баян данжаадыг харуулахыг зорьсон байдаг буюу хятад хүний бие даасан, мөн чанарыг харуулахыг эрмэлзсэн содон дүр гэдгийг онцлох хэрэгтэй”. Өлзийхутаг Үлэмжтөгс. 2014

ДҮЛЗЭН – “АРДЫН ЭЛЧ”

904e6e590557e7cc2db650bfe2498c9a Монголын уран сайхны киноны 10 эсрэг дүр

“…Их зохиолч Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” дуурийн Балган, “Ардын элч” уран сайхны киноны Дүлзэнгийн дүрүүдээр Монголын ард түмний сэтгэл зүрхэнд үүрд хоногшсон нэрт жүжигчин Б.Готовын талаар “Гарьд магнай” киноны Равсал панзын дүрээр ард түмэнд танигдсан Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Магсаржав дурсахдаа “Гарьд магнай” киноны Равсал панзын пробонд “Ардын элч”-ийн Дүлзэн-Б.Готов ах хүртэл орсон. Хэрвээ найруулагч маань түүнийг сонгосон бол намайг хэн ч Равсал панз гэж танихгүй л байх байсан” хэмээсэн байдаг нь цаанаа учиртай үг билээ. “Урлаг бол агуу их золиос” гэж Японы их зохиолч Рюноскэ Акутагава бичсэн байдаг. Авьяаслаг жүжигчдийн амьдрал ахуйг заримдаа бодохоор “Энэ юутай гашуун үнэн үг билээ” хэмээлтэй санагддаг. Гэвч, Бавуугийн Готов хэмээх авьяас билэг төгөлдөр нэгэн хүний хорвоод аж төрөөд буцахдаа бүтээсэн дүрээрээ нэрлэгдэх хувьтай, хойч үедээ магтагдах дурсамжтай нэгэн байжээ гэж бахархахаас аргагүйд хүрдэг юм”.
Лхагварсүрэнгийн Батцэнгэл. 2017

Эх сурвалж: Arav.mn

 

 

 

 

 

2 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.