Ахтайгаа хамт улсын цол хүртсэн Д.Дагвадорж

Үндэсний бөхийн спортод удам залгасан хүчтэн цөөнгүй. Тэдний томоохон төлөөлөл нь Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат, улсын заан Д.Долгорсүрэнгийн хүү үндэсний бөхийн улсын аварга, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, мэргэжлийн сүмогийн их аварга, Хөдөлмөрийн баатар Д.Дагвадорж, улсын начин Д.Сэржбүдээ нар юм. Хүмүүс Д.Дагвадоржийг мэргэжлийн сүмогийн алдарт аварга гэдгээр нь андахгүй ч үндэсний бөхөөр багадаа барилдаж, түүгээр ч үл барам улсын наадмын хүүхдийн барилдаанд түрүүлснийг тэр бүр мэддэггүй юм билээ. 1996 оны улсын наадамд Д.Сумъяабазар долоогийн даваанд улсын гарьд Ц.Цэрэнпунцагийг өвдөг шороодуулан, заан цол хүртсэн бол Д.Дагвадорж хүүхдийн барилдаанд түрүүлж, улсын шонхор болсон юм.

Тэд учраагаа зэрэг шахам даван, Төрийн есөн хөлт цагаан тугийг тойрч буй нь түүх болон үлджээ. Улсын наадмын дэвжээнээс ахтайгаа хамт цол хүртэн, аавтайгаа баярт мөчөө хуваалцан зогссон нь гэрэл зургийн хальснаа мөнхөрсөн нь энэ. Д.Дагвадорж энэ тухай “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэгт оролцохдоо “Улсын шонхор цол хүртэн, туг тойрчихоод ирсэн чинь аав ахыг үнсэж байна. Би ичээд үнсүүлээгүй. Ах том цол хүртээд байдаг. Би хүүхдийн барилдаанд түрүүлчихээд онигоотой юм шиг “Аав аа” гээд очилтой биш. Санаа зовсон л доо” хэмээн дурссан. Тэд зургаа, наймын тоог их бэлгэшээж явдаг аж. Учир нь Д.Долгорсүрэн 1976 онд улсын заан болсон бол Д.Сумъяабазар 1996 онд аавынхаа цолонд хүрч, 2006 онд улсын аварга цол хүртжээ. Гавьяат тээвэрчин цол өнгөрсөн жил авсан тэрбээр 1968 онд улсын начин цолтон болсон бол хүү Д.Дагвадорж нь мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга билээ.

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн